”Хүүхэд хамгааллын олон улсын стандарт”-тай боллоо

Энэ номын танилцуулга уулзалт өнөөдөр Хувь хүний хөгжлийн институтийн танхимд боллоо. "Хүүхэд хамгааллын олон улсын стандарт" номын танилцуулгад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенес, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, Хүүхдийн ивээх сан, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөлөл оролцов.
Номын зохиогч, Хүний эрхийн хуульч М.Ичинноров “Монгол хүүхэд бүр айдсаас ангид, хүчирхийллээс хамгаалагдсан, хайрлагдсан тийм л нийгмийг томчууд бид бүтээх үүрэгтэй. Тэдний бие махбод, сэтгэл санаа, оюун ухаан, бэлгийн бойжил, хөгжлийг бүрэн бүтэн байлгахын төлөө гар гараа барилцан зүтгэцгээе. Ийм эрх ашгийн төлөө эв эе, ойлголцол, хайр хамгаас илүү үгүйлэгдэж байна. Яг одоо... ” хэмээн нээлтийн танилцуулга дээр онцоллоо.
Хүүхдийн эсрэг нийгэмд үйлдэгдэж буй бүх хэлбэрийн хүчирхийллээс тэднийг урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг нь хангах, хүүхэдтэй хамааралтай ажилладаг бүх байгууллагууд ажилтнуудын болон хууль тогтоогчид, бодлого боловсруулагчид, бүх түвшинд засаглалыг хэрэгжүүлэгчид, судлаачдын олон улсын хууль тогтоомжийн мэдлэгийг өсгөх, хандлагыг өөрчлөх, мэдрэмжтэй болгоход зориулж номыг туурвижээ.
Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг бусад хууль тогтоомжид хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах суурь харилцааг зохицуулахад энэхүү номонд бичигдсэн олон улсын эрхзүйн зарчмууд, загвар стратеги, хууль, дүрмүүд чухал үүрэг гүйцэтгэнэ.
УИХ-ын чуулганаар Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг хуулийн төслүүд хэлэлцэгдэж байгаа үед гарын авлага болохуйц, олон улсын стандартыг нутагшуулах, сайн туршлагаас суралцах боломж нээгдэж буй юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ