42 орныг визнээс түр чөлөөлөх шийдвэрийг цуцална

Гадаад хэргийн яамнаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. ГХЯ-ны Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрыг дарга Г.Амартүвшин, АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны ахлах албан тушаалтан н.Оргил, Консулын газрын захирал Б.Болд нар оролцсон.
Мэдээллийн эхэнд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Г.Амартүвшин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНФУ-д хийх албан ёсны айлчлал маргааш эхлэхийг дуулгалаа. Мөн айчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүнүүд албан ёсны хэлэлцээр хийж хамтарсан мэдэгдэл гаргана. Засгийн газар болон байгууллага хоорондын санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаанууд болох аж.
Энэ сарын 30-ны өдөр Франц улсын Парис хотноо Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын конвенцийн оролцогч талуудын бага хурал болохыг мэдээллээ. Дэлхийн 120 гаруй улсын төрийн тэргүүн оролцох энэхүү дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцохоор болж, бэлтгэл ажлыг нь хангаж байгаа аж. Өнгөрөгч баасан гаригт Парист болсон цуврал террорист халдлага БНФУ-д болох олон улсын болон төрийн дээд түвшний айлчлал, ямар нэгэн арга хэмжээнд нөлөөлөхгүй болохыг онцоллоо.
АСЕМ-ийн үеийн аюулгүй байдлын талаар хүсэлт, шаардлага иржээ
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 5-6-ны өдрүүдэд Люксембург улсад болсон АСЕМ-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцоод иржээ. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын өмнө болдог энэхүү уулзалтад оролцож АСЕМ-ийн талаар Монгол Улсын баримталж буй байр суурь, уулзалтын тов бусад бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийсэн байна. Мөн Даргын мэдэгдэлд манлайллын үүргийг гүйцэтгэж, батлуулахад оролцож ажиллажээ.
АСЕМ-ийн уулзалтыг эх орондоо зохион байгуулахтай холбоотойгоор Үндэсний хороо, салбар ажлын хэсгүүд байгуулагдаж, ажиллаад явж буй. Гадны улс орноос уулзалтын үеэрх аюулгүй байдлыг хангах талаар хүсэлт шаардлагууд ирж байгааг албаны хүн мэдээлсэн. Олон орны төр засгийн өндөр түвшний төлөөлөгчдийн аюулгүй байдлыг зохион байгуулагч орон хангах үүрэгтэй.
Иймээс ч бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын шугмаар 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй 42 орныг визнээс түр чөлөөлөх шийдвэрийг энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгохоор шийдвэрлэжээ. Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан зарим улсыг визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас 2014 онд гарч байсан.
Тэгвэл энэ санаа нь санасандаа хүрч чадаагүй, манай улсад зорчих визийн шаардлагаас чөлөөлөгдсөн 42 орны зүгээс манай иргэдэд зорчих визийн ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэх санаачилга гаргаагүй. Тийм учраас тухайн орнуудын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн гэдгийг ГХЯ-ны Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрыг дарга Г.Амартүвшин хэлсэн. Энэ нь нөгөө талаар АСЕМ-ийн уулзалтын үеэр гадны зочдын аюулгүй байдлыг хангах нэг арга болж буй юм байна.
“Ардчилал сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн” удирдана
Ирэх онд манай улс Шведийн Стокольм хотод төвтэй Ардчилал сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнг удирдана. Тус байгууллагын ээлжит чуулган энэ сарын 25-27-ны өдрүүдэд Швейцарь улсад болж, Монгол Улс “Ардчилал сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн”-г удирдах хариуцлагатай үүргийг хүлээж авах аж.
Ардчилал сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн нь олон улсын Засгийн газар хоорондын, ардчилсан улс орнууд шинэ тутам ардчилалд шилжиж байгаа болон бусад ардчилсан сайн засаглалыг төлөвшүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлдэг олон улсын байгууллага юм. Монгол Улс бүс нутагтаа ардчилалд сайн туршлагаар шилжсэн, үлгэр жишээ шилжиж чадсан улсн орон гэгдэж, туршлагаас хуваалцах үүднээс энэ байгууллагын үйл ажиллагаанд оролцдог байна. Энэхүү олон улсын байгууллагыг удирдснаар манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд өсгөх томоохон арга хэмжээ болох нь ээ.
БНСУ-д 15 мянган иргэн хууль бусаар амьдардаг
ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд БНСУ-д Монгол Улсын иргэдийн зорчих виз мэдүүлэх нөхцлийг өөрчлөх шийдвэр гарснаар тус улсыг зорих монголчуудын тоо нэмэгдсэн гэлээ. Үүнийг дагаад виз татгалзлын хувь ч багасчээ.
БНСУ-д манай улсын 30 мянга гаруй иргэн амьдардаг албан бус тоо бий. Үүнээс албан ёсны зөвшөөрөлтэй хөдөлмөр эрхэлж буй 7000 орчим иргэн байдаг гэнэ. Харин хууль бусаар 15 мянга орчим иргэн оршин суудаг гэсэн мэдээлэл байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад тус БНСУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлэх, тус улсыг зорих иргэдийн тоо нэмэгджээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ