Цаасан дээр сүндэрлэсэн парламентын ордон хэзээ баригдах вэ

img

Дөрвөн жилийн хугацаанд баригдаж, 1951 онд ашиглалтад орсон манай Төрийн ордныг “Газар хөдлөлтөд тэсвэргүй, хэсэгчлэн нурж унах аюултай” хэмээн мэргэжлийн байгууллага нэлээд хэдэн жилийн өмнө дүгнэлт гаргасан байдаг. Тэр утгаараа шинэ ордон барих тухай яриа одоогоос найман жилийн өмнөөс хэлэлцэгдэж ирсэн юм.

 

Тодруулъя. 2007 онд буюу УИХ-ын сонгуулийн өмнөх жил Кувейт улсаас Монголын талд парламентын шинэ ордон барихад зориулан буцалтгүй тусламжаар 12 сая ам.доллар бэлэглэсэн байдаг. Түүний дагуу Монголын парламент шинэ ордонтой болох шийдвэр гаргаж байсан юм. Дараа жил нь харин юун байшин барих мантай, сонгууль болов. Ингээд 2009 онд шинэ ордон барих зорилгын дагуу байгуулагдсан ажлын хэсэг эрчимтэй хуралдсаар асуудал байнгын хороо, УИХ-ын төвшинд яригдаж эхэлсэн. Гэвч УИХ-ын эмэгтэй гишүүд ордон барих газар, байршлын тал дээр эсэргүүцэл илэрхийлснээс болж ажил дахин удаашрахад хүрсэн юм. Ажлын хэсэг шинэ байрыг одоогийн ордны хойно барих шийдвэр гаргасан бол эмэгтэй гишүүд хотын төвд байгаа ганц ногоон байгууламжийг устгах эрсдэлтэй хэмээн үзэж ийнхүү эсэргүүцсэн билээ.

 

Мөнгө нь хэдийнэ бэлэн болсон ч барих газраа олохгүй байсаар 2011 онтой золголоо. Ордон барих яриа дахин хүчээ авч эхлэв. Ажлын хэсгийг тухайн үеийн Шадар сайд М.Энхболд ахалж байсан юм. Улмаар зураг төслийг нь хийж гүйцэтгэн, 14 давхар барилга барих болсноо зарлан ажлыг нь эхлэх гэтэл нөгөө л байршлын маргаан дахин давтагдлаа. Ингэж явсаар 2014 он хүрлээ. Энэ хугацаанд парламентын шинэ ордон барих “аян” нэрээр Р.Гончигдорж, Г.Батхүү, Д.Тэрбишдагва нараар удирдуулсан гурван ч өөр ажлын хэсэг ажилласан боловч мөн л тусыг эс олсон юм. Аль, аль нь ордон босоогүй шалтгааныг газар, байршилтай холбон тайлбарладаг.

 

Гэвч өнгөрсөн онд энэ сэдвийг Байнгын хороогоор дахин авч хэлэлцэхэд УИХ-ын гишүүн С.Баярцогт “Парламентын шинэ ордон барих асуудал улстөрчидтэй холбоотойгоор гацаанд орсон” гэж хэлсэн нь ордон барих ажил удааширч байгаа шалтгаан зөвхөн газрын байршил биш юм гэх дүгнэлт хийхэд хүргэсэн юм.

 

Эх сурвалжийн мэдээлснээр 2007 онд өгсөн тэрхүү 12 сая ам.долларын буцалтгүй хөрөнгийг тухайн үед Кувейт улсад Монголыг төлөөлж суусан бүрэн эрхт Элчин сайд К.Сайрааны санаачлагаар АН-ынхан олж ирсэн гэдэг. Тиймээс 2007 он нь дээр хэлсэнчлэн сонгуулийн өмнөх жил байсан учраас эрх барьж байсан МАН-ынхан энэ ажлыг улс төрийн зорилгоор түр хойшлуулсан байх магадлалтай аж.

 

Нөгөөтэйгүүр одоогийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн М.Энхболд яг эсрэгээрээ энэ ажлыг одоогийн эрх баригчид гацааж байгаа гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Тэрээр “Би 2011-2012 онд Шадар сайдаар ажиллаж байхдаа Засгийн газар талаасаа парламентын ордныг барих ажлын хэсгийг ахалж байлаа. Тэр хугацаанд ордны 14 давхар барилгын зургийг хийж, газрын геологи судалгааг хийлгэсэн. Монголын талын бүх мэргэжлийн байгууллага зурган дээр экспертиз хийгээд барилгын ажил хийхэд бэлэн болсон. Монголын болон Кувейтын талаас тус бүр зургаан хуулийн этгээд байгуулагдаад материалуудаа өгсөн. Одоо харин зогсонги байдалд орчихлоо. Үүнд УИХ-ын Тамгын газар анхаарал тавих хэрэгтэй. Хүндрэл бэрхшээл байгаа ч энэ мэт зайлшгүй шаардлагатай зүйлийг зохицуулах ёстой. Байршлын талаар олон байр суурь явдаг.

 

Үүнийг УИХ-ын Байнгын хорооны  тогтоолын дагуу шийдэх хэрэгтэй. Хүн бэлэглэж байгаа мөнгийг ашиглаж чадахгүй хэдэн жил боллоо. Төр ямар хүнд сурталтай болохыг харуулж байна” гэсэн юм.

 

Нэг талдаа УИХ-ын гишүүн М.Энхболдын дээрх үгийг зөвтгөж болох ч, өнгөрсөн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд ч энэ ажлыг хийгээд, ашиглалтад оруулчихаж болох байсан хэмээн харж бас болж байна. Төрийн байгуулалтын байнгын хороон дарга, УИХ-ын гишүүн А.Бакей энэ асуудалд өөр байр суурь илэрхийлэв. Ажил нь олон жил удааширсан шалтгаан болон одоо нөхцөл байдал ямар байгааг түүнээс тодруулахад, "Одоогийн байдлаар УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар гээд бүгд нэг дор нэг байшинд байршиж, төрийн үйл ажиллагаа явуулж байна. Ийм орон Монгол Улсаас гадна их цөөхөн байдаг. Энэ нь нөгөө талдаа төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах нөхцөл боломжийн хувьд ч гэсэн маш хязгаарлагдмал байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоол гарч УИХ-ын даргын захирамжаар хэд хэдэн удаа ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Засгийн газарт ч мөн чиглэл өгсөн. Гэвч тухайн ордон барих газрын байршил хамгийн их маргаан дагуулж байна” гэсэн юм.

 

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас мөн тодруулахад, “УИХ-ын тогтоол гараад Засгийн газарт хүргүүлчихээд байгаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нарийн мэдэж байгаа байх” гэв. Харин ЗГХЭГ-аас тодруулахад тоймтой хариу хэлсэнгүй.

 

Дээрх маргаан, нам хоорондын зөрчлөөс гадна өөр нэг зүйл тодруулах шаардлагатай болов. Тэр нь найман жилийн өмнө Кувейтээс өгсөн 12 сая ам.доллар одоо байгаа юу, байлаа гэхэд 14 давхар ордон барихад хүрэлцэх үү гэсэн асуулт юм.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хэлснээр энэ мөнгөнөөс тодорхой хэмжээг нь зураг төсөл боловсруулахад ашигласан бөгөөд үлдсэн нь хадгалагдаж байгаа аж. Мөн ажлын хэсэг хамгийн сүүлд тооцоолохдоо ордон барихад ойролцоогоор 100 сая ам.доллар шаардлагатай гэж үзжээ. Хамгийн сүүлийн жишээг харахад л энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой юм. Тодруулбал, 2011 онд МАН-ын төв байр буюу 10 давхар Тусгаар тогтнолын ордон 17 тэрбум төгрөгөөр боссон гэсэн мэдээ бий. Эдийн засаг хүндэрсэн, төсөв тасарсан энэ үед шинэ ордон барих үлдэгдэл хөрөнгийг улс гаргаж чадахгүй. Ойрын хэдэн жилдээ шүү. Тэгэхээр буцалтгүй тусламж өгөх хөрөнгө оруулагч олох шаардлага манайханд тулгарчээ. Олж чадахгүй бол Кувейтээс дахин нэмэлт санхүүжилт олж ирэхийг тэнд суугаа Элчин сайддаа даатгах ганцхан л сонголт үлдэж байна.

 

Монголын улс төрийн хагас зуун жил гаруй хугацааны түүхийг өөртөө агуулсан одоогийн Төрийн ордонг хүнээр ярьвал тэтгэвэрт гарах нас нь аль хэдийнэ болчихож. Ажлаа хүлээж авах дараагийн залуу ордонг “үнэгүй” барих боломжийг гэвч манайхан ашиглаж чадахгүй л байна. Дараагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд харин яах бол.

 

Г.Балжинням

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mgl huu:
nurval sain l biz dee teneg 75 uhne l biz dee tegvel mongol hugjij magadgui
2019-02-19
өаөаөа:
харин тийн Хэдэн зуун жилийн настай ордон зөндөөшдөө
2015-11-18
Зочин:
Газар олдохгvй байхдаа яадаг юм.Заавал тев талбайн хойно залрах естой юмуу.Тэр хэрvvл зодоон, хэл ам, хуйвалдаан хулгайгаа долоон уулын цаана болж егвел бvр оюу толгой таван толгойнхоо хажууд 10,20 н давхар ордоноо бариад нvднээс далд алалцаад сууж байвал таарна.
2015-11-18
dash:
Za boli. Iim tsag ued tiim yumand mongo zarna gej baihgui shuu. Manai toriin ordon harin ch baga nastai baih shuu
2015-11-18
өаөаөа:
харин тийн Хэдэн зуун жилийн настай ордон зөндөөшдөө
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597
2015-11-18
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2015-11-18