Парис: Харилцан буудалцжээ

Францын нийслэлд дахин буун дуу гарсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр буун дуу Парисын Сэнт Денис дүүрэгт гарсан гэв. Тус дүүргийн нэгэн хороололд Парис хотноо халдлага үйлдсэн гэмт этгээдүүд бүгэж байгааг тогтоож, цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулах үеэр тэд харилцан буудалцсан байна.
Барилга дотор 6-7 этгээд байсан бөгөөд 30 орчим насны эмэгтэй өөрийгөө дэлбэлж, амиа золиослосон аж. Цагдаагийнхан гурвыг нь хөнөөж, дөрвөн этгээдийг баривчилсан гэнэ. Баривчлагдсан этгээдийн нэг нь өөрийн хүсэлтээр бууж өгсөн хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Харилцан буудалцааны үеэр таван цагдаа, нэг энгийн иргэн шархтсан бол нэг цагдаагийн нохой буудуулж үхжээ.
Сэнт Денис дүүрэгт Ойрхи Дорнодоос ирсэн цагаачид олноороо амьдардаг аж. Тус дүүргийн орхигдсон барилга, байгууламж болон нийтийн байр, зочид буудал зэргийг шалгаж эхэлжээ. Буудалцааны дараа 1500 орчим цагдаа тус дүүрэгт байршиж, автозамуудыг хаасан байна.
Парисын халдлагын гол сэжигтэн Абделхамид Абаауд гэгч өнөөдрийг хүртэл баригдаагүй байгаа бөгөөд түүнийг Сири улсад очсон байх магадлалтай хэмээн Тагнуулын газраас уламжлав. Ерөнхийлөгч Франсуа Олланд түүнийг заавал устгахыг үүрэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ