Галын аюулаас хамгаалахын тулд...

Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч байгаагаас гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байгааг Онцгой байдлын газраас онцлов.
Пийшингийн буруу галлагаа, хэт галлах, үнс нурмаа ил задгай асгах, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээ ашиглалт, угсралтын буруу холболт зэрэг иргэдийн санамсар болгоомжгүйгээс үүдэн обьектын гал түймэр олноор гарч байна. Түймрийн улмаас иргэд угаартах, амь насаа алдах, гэр орон, байр байшингүй болох эрсдэл гарсаар байгаа юм.
Зөвхөн өнгөрөгч хоногт нийслэд гар түймрийн долоо, зөрчлийн гурав, орон нутагт гал түймрийн нэг, зөрчлийн хоёр дуудлагатай байжээ. Энэ сарын 17-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд гурван айлын гэр шатаж 26 настай эмэгтэй угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Мөн түймрийн улмаас 32 настай эрэгтэй А, гурван настай эрэгтэй М нарыг түлэгдсэн байдалтай байсныг Гал унтраах, аврах 63 дугаар ангийн албан хаагчид ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байдаг.
Иймээс иргэдийг гал түймрийн аюулаас үр хүүхэд, гэр орон, эд хогшлоо хамгаалахын тулд пийшингийн галлагаа болон шугам сүлжээ ашиглалт, угсралтын дүрэм зөрчихгүй байх, цогтой үнс, нурмаа ил задгай асгахгүй байх, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт орхихгүй, цоожлож үлдээхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ