Хүнсний салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлнэ

img

 

Хүнсчдийн холбооны бага хурал боллоо. Энэ үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа, Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва нар Хүнсний аж үйлдвэрийн хөгжлийн төрийн бодлогын төлөвлөлт, судалгаа, хэрэгжилтийн хүрээнд үйл ажиллагаагаа харилцан уялдуулж 2016 онд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан юм.

 

Ингэснээр Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн салбарт төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх. Түүнчлэн дотоодын хүнсний боловсруулах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, зах зээлийг хамгаалах, хүнсний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хоёр тал хамтран ажиллана. Санамж бичигт гарын үсэг зурсаны дараагаар ХХАА-н сайд Р.Бурмаа хамтран ажиллах үйл ажиллагааны талаар үг хэлсэн юм. Тэрбээр “Тус санамж бичгийн хүрээнд хүнсний аж үйлдвэрийг холбоо бүхий салбаруудтай нягт уялдаатай хөгжүүлэх, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт, бизнесийн чадавхийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх зорилгоор эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээ судалгаа, боловсролын байгууллагуудын санаачлагыг дэмжиж, зохих туслалцаа үзүүлж ажиллана. Мөн Монгол Улсын төрөөс хүнсний аж үйлдвэрийг дэмжих, "Хүнсний тухай хууль”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль"-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан сүү, махны хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Түүнчлэн цаашид сүүний үйлдвэрийг кластераар хөгжүүлэх боломжийг судлах, үйлдвэр цех, фермийн аж ахуй, малчдын харилцан уялдаа холбоог сайжруулах, чанартай түүхий эд /шинэ сүү/ -ээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бололцоог судлаж ажиллана” хэмээсэн юм. Харин Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдавга “Хүнсчдийн холбооны хоёрдугаар бага хурлаар ХХААЯ, Хүнсчдийн холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ялангуяа хүнсний аж үйлдвэрийн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн олон аж ахуй нэгж байгаа. Цаашид ч энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Ингэснээр экологийн цэвэр бүтээгдэхүүнээр эх орноо хангах болон гадаадын зах зээлд гаргах бүрэн боломж нээгдэнэ” гэдгийг тэрбээр энэ үеэр онцоллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ