Г.Майцэцэгийн шоу дуусахгүй нь
Одоогоос хоёр сарын өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан өрөөнд татвар, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагуудыг дуудаж, “халуун” яриа өрнүүлсэн. Төрийн албаны энэ хүмүүс дунд сондгой нэгэн байсан нь "Эксклюзив" ХХК-ийн захирал Г.Майцэцэг байв. Тухайн үед Ерөнхий сайд албаныханд үүрэг чиглэл өгч, Г.Майцэцэгт том боломжийг нээж өгсөн.
Монголд татварын асуудлаас болж, дансаа хаалгаж үзээгүй компани байхгүй. Бүгд л төрийн төмөр нүүрийг харсан, харж ч байгаа. Тэр дундаас "Эксклюзив" ХХК-ийн Г.Майцэцэг шоу сайн хийсэн учраас л Ерөнхий сайдын өрөөнд “заларч”, албаныхны нүүрийг улалзуулсан. Тэр татварын эсрэг “дайн” зарлаж, 120 сая төгрөгийн бүтээгдэхүүн үнэгүй тараана гэж иргэдийн “чихэн дээр сарнай ургуулж” чадсан. Гэвч тэр тараагаагүй, магадгүй тэвчээр нь хүрээгүй биз.
Харин одоо тэр хэн ч байхгүй хээр гадаа очиж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ шатаах гэнэ. Хэвлэлийн хурал хийж, ингэж хэлэв. Чингис бондоос авсан 750 сая төгрөгийг л шатаана хэмээн айлган сүрдүүлж буй юм уу даа. Хувцсаа үнэгүй тараана гэж шоудаад тэвчээр нь хүрээгүй хүн энэ удаа шатаана гэж хадуурав. Буян гэж бодоод үнэгүй тарааж болох байсан ч чадаагүй хүн шатааж бүр барах уу, ёстой л ам асуумаар нөхцөл байдлыг үүсгэв.
Г.Майцэцэг “Шийдлийн Засгийн газар асуудлыг шийдэж чадахгүй байгаа юм чинь шийдэж чадах нэгэндээ зайгаа тавьж өгөөд огцор” гэв. Өөрийнх нь татварыг тэглэж, дансыг нь нээгээгүй учраас Ч.Сайханбилэгийн Засгийн газар огцрох ёстой гэж байгаа бололтой.
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ үнэгүй тараах шоу нь бүтээгүй тэр энэ удаа галддаг моодыг дагах гэнэ. Шийдлийн Засгийн газар огцрохгүй л бол Г.Майцэцэг хувцсаа шатаана, аймаар уу. С.Эрдэнийн өөрийгөө шатаасан дуулиан намжаагүй байхад бид Г.Майцэцэгийн хувцсаа шатаах утаа униарыг үзэх нь.
В.Хэрлэн
Бичлэгийг MNC television
СЭТГЭГДЭЛ БИЧИХ