Ардын намынхан “заваан” пиардаа бүр гаршчээ

Одоогоос гурван жилийн өмнө МАН-ын нэгэн нөлөө бүхий улстөрчтэй ярилцлага хийж суухад АН дандаа манай намын хувь хүн рүү дайрсан пиар хийдэг. Харин манай нам бол дандаа бодлогын шинжтэй үйл ажиллагааг нь шүүмжилдэг хэмээн ярьж байсан удаатай. Тэрхэн үед нээрээ ч тийм болов уу гэмээр “газрын наймаачин” М.Энхболд, хотын газрыг зарж идсэн “алим” Ц.Батбаяр гэх мэтээр МАН-ын гишүүн нэг бүр нь муухай харагддаг байлаа.

Харин өнөөдөр нөхцөл байдал өөрөөр эргэжээ. Сөрөг хүчин болсон даруйдаа үргэлж эрх баригч явж ирсэн шокноосоо гарч чадаагүй тэд хоёр жилийн дараагаас л ялагдал амссан гэдгээ ойлгож эхэлсэн. Тиймдээ ч хуучин АН-ын хэрэглэж байсан хар пиарыг хийхээр залуусаа бэлтгэж заримыг нь бүр гадаад руу өндөр төлбөртэй сургуульд явуулж бэлтгэлээ базаасан.
Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоогоор овоглож байсан Л.Оюун-Эрдэнэ ирсэн даруйдаа л сурсан эрдмээ гаргаж АН-ын хийсэн ажлыг муухай харагдуулах ажилд ханцуй шамлан оржээ.
Хар пиарыг амжилттай явуулах багаа ч бүрдүүлж АН-ын хийсэн хамгийн сайн сайн ажлуудыг, цаашлаад АН-ын сайн нэртэй яваа улстөрчид рүү дайрах үйл ажиллагааг эрчимжүүлсэн юм. Ардын хүч нэртэй энэхүү пиарын уулзалтын хэрхэн АН-ыг унагах вэ гэсэн төлөвлөгөө боловсруулж байсан зураг цахим ертөнцөд цацагдаж анхаарал татав.
Тодруулбал, нэгдүгээрт Шилэн дансыг эрэмбэлэх, хоёрдугаарт нийслэлийн үйл ажиллагааг харлуулах, гуравдугаарт оюутан инноваци гэх мэтээр дараалал хийжээ. Нэгдүгээрх асуудлаар МАН-ын хэвлэлийн ажилтан “Дарваан хар” буюу Б.Цогтгэрэл тун амжилттай сөрөг пиар хийж, Ерөнхий сайдыг хүртэл шилэн дансны асуудлаар АТГ-т өгөөд амжсан. Өөрийгөө шилэн хэмээн пиардаж, намынхаа улстөрчдийн дэмжлэгтэйгээр өнөөдрийг хүртэл шилэн дансыг муухай харагдуулах ажлыг хийж байгаа юм. Дараагийнх нь мэдээж хотын даргыг муухай харагдуулах үйл ажиллагаа.

Нийслэлийн ИТХ-д байгаа МАН-ын гишүүд үүнийг Д.Сумъяабазар гишүүнтэй нэгдэж тун сайн хийсэн. Хотын даргыг огцруулах тухай ярьж, улмаар Нийслэлийн дахин төлөвлөлтийг муухай харагдуулах ажилд шамдсан. Гэсэн ч өнөөдрийн байдлаар МАН-ын энэхүү хар бараан зүйлээс ахицтай нь шилэн данс л байгаа юм. Ганц нэг хөтлөөгүй байсан байгууллагууд л Цогоод өгөөш болсныг эс тооцвол нийслэлийн Засаг даргын хийсэн бүтээн байгуулалтын ажлыг тэд хүүтэй нь холбож гүтгээд ч харлуулж чадсангүй.
Эрх баригч байхдаа ч иймэрхүү төрлийн муу муухай зүйлийг сэдэж, хийж чаддаг байсан МАН-ынхан сөрөг хүчин болоод бүр ч гаршчээ гэдгээ энэхүү жагсаалтаараа харууллаа. МАН хэзээд л муу муухай бүхний үүр уурхай байсан. Хөшигний цаадах улс төр, тохироо гэдгийг тэд хэнд ч мэдэгдэхгүйгээр хийж чаддаг.
Тиймдээ ч эрх баригч намын сайн ажлыг саар болж харагдуулах гэсэн үйл ажиллагаа цаашдаа ч улам бүр эрчимжих нь тодорхой бололтой. МАН-ын гишүүд бүгд чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралдааны үеэр энэ бүх тодорхойгүй нөхцөл байдал, хямрал сүүлийн гурван жилд л бий болсон тухай ярих даалгавартай. Өөрөөр хэлбэл, АН-ын үед л ингэсэн. Бид бол энхийн цагаан тагтаа хэмээн тайлбарлах ажлыг тэд хамгийн сайн хийж буй юм. Гэвч ард түмэн тэнэг биш. 25 жилийн хязгааргүй ноёрхол, хотын хамаг өнгөтэй газрыг зарж идсэн муу нэрээ тэд хэчнээн хусавч арилахгүй. Өнөөдрийн бүтээн байгуулалтыг бүтэн баг гаргаж харлуулах гээд ч амжилтад хүрэхгүй учраас Ардын хүч пиарын баг 2016 онд дахин далаараа цэвэр тавиулах биз.
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ