Баримжаатай хадуураарай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах хуулийн төслийг дэмжих эсэхийг хэлэлцлээ. Уг төсөлтэй холбогдуулан гишүүдийн тавьсан асуултад УИХ-ын гишүүн Н.Батбаяр хариулсан юм.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг чинь баталж чадахгүй. Энэ өөрчлөлтийг 57 гишүүн дэмжиж байж батална. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд Ард нийтийн санал асуулга явуулах хуулийг өөрчилж, хугацааг нь нааш нь татаж байна. Санал тоолох хоёр хоногийг нэг хоног, санал асуулга зарлах 30-аас доошгүй хоногийг 15 хоног болгон хугацааг нааш татаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үүднээс биш бол бусад асуудлаар энэ хуулийн төслийг дэмжиж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг адал балмад санаанаасаа татгалз. Ард нийтийн санал асуулгыг яаж явуулах тухай хуулийн төсөлд хугацааг нь өөрчлөхөө боль. Үндсэн хууль батлалцсан гээд орон сууцаар өөрсдийгөө шагнуулсан хүмүүс буруу зүйл хийж байгаагаа ойлгоод, одоо өөрчлөх гээд байгаа юм уу. Та бүхэнд төсвөөс 87 тэрбум төгрөг гаргаж байгаад Үндсэн хуулийн ойг тохиолдуулан орон сууц авч өгсөн дөө. Төлөөллийн ардчилал гэдэг чинь УИХ. Та нар баримжаатай хадуураарай.
- Ард түмнээ сонсох сонгодог хэлбэр нь Ард нийтийн санал асуулга. Бүх нийтийн санал хэрэгтэй. Үүнийг Үндсэн хуулиар зохицуулсан байгаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулинд өөрчлөлт оруулахдаа автоматжуулсан системд шилжсэнтэй холбогдуулан тайлбарлаж байна. Сүүлийн жилүүдэд санал асуулга явуулахдаа хэсэг бүлэг хүмүүсийн сонирхолд нийцүүлэн явуулдаг болсон. Энэ удаагийн ард нийтийн санал асуулгын гол зорилго нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой. Тэр дундаа нэр хүнд нь муу байгаа энэ парламентаар олон нийт Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах хүсэлгүй байгаа. Энэ төслөө татаад авчихаж болохгүй юу?
-Монгол Улс орчин үеийн түүхэндээ ганцхан удаа санал асуулга явуулсан байдаг. Шийдлийн Засгийн газрын иргэдээс мессэжээр авсан санал бол тандалт болохоос санал асуулга биш. Бид ард түмнээс сонгогдсон төлөөлөл. Ард түмэн Засаг даргаа намгүйгээр шууд сонгодог болохыг хүсч байгаа шүү дээ.
УИХ-ын гишүүн Г.Уянга:
-Би энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Ард нийтээс санал асуух хэрэгцээ шаардлага байгаа. Учир нь өнгөрсөн 25 жилийн зөвшилцөл МАНАН-гийн олигархи дэглэмийн зөвшилцөл байсан. Санал асуулгыг ямар асуултаар явуулах вэ гэдгийг ярилцах хэрэгтэй.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар Ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжсэн байнгын хорооны дүгнэлтээр санал хураалт явууллаа. Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 55 хувь нь дэмжлээ. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.
Одоо Сонгуулийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцэж эхэллээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ