Сонгуулийн сурталчилгаанаас сонинг яагаад хасав

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. УИХ-д Р.Бурмаа Су.Батболд, Х.Тэмүүжин,  О.Баасанхүү нарын өргөн барьсан дөрвөн хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт Сонгуулийн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хамтатган хэлэлцье гэсэн санал гаргасан.  Гишүүд энэ саналыг дэмжиж, хууль санаачлагачид хуулийн төслөө танилцуулав. Хуулийн төслийн танилцуулга хийсний дараагаар гишүүн хууль санаачлагачид асуулт тавьж хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Р.Бурмаа гишүүний ахалж байгаа Сонгуулийн  хуулийн төсөлд нэг зүйл санаатай санаагүй орхигдсон байна. Сонин бол айлаас айл руу, сумаас сум руу, багаас баг руу очдог, хэвлэл мэдээллийн анхдагч зэвсэг. Хуулийн төслийн 83, 84-т радио телевиз, интернэт оролцох нь ээ. 71.1-ийн 5-д  “Энэ хуульд зааснаас бусдаар сурталчилгаа явуулахыг хориглоно” гэсэн байна.

 

Хэвлэл мэдээллийн анхдагч зэвсэгч сониныг орхигдуулаад байвал юу бодож суух вэ? Санамсаргүй алдагдсан байх. Өмнөх сонгуулийн сурталчилгаанд 30 хоног байсныг 14 хоног болсон. Шинэ хүмүүс яаж олон нийтэд танигдах вэ? Энэ тал дээр хариулт хүсье.

 

 

Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа:

-Сурталчилгааны үйл ажиллагаанд 3 хэвлэлийн хуудас гэж заасан байгаа. Үүнийг сонингоор дамжуулан гаргах боломжтой. Нэр дэвшигч өөрийн сонгосон сониноор дамжуулж болно. Сонингоор сурталчилгаа хийх гэдэг нь энэ хуулийнхаа дагуу багтаж байгаа. Хугацааны хувьд ажлын хэсгээр ярилцаж байгаа өмнөх сонгуулийн жишгээр ярьсан байгаа. Өмнөх сонгуулийн жишгийг барьсан.  

-Таны ахалсан Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт 83, 84 дүгээр зүйл дээр радио, телевиз, интернэт орчин гэж тодорхой заасан. Яагаад хэвлэл мэдээллийн анхдагч зэвсгийг орхигдуулаад байна. Үүнийг сонин гэж тодорхой заагаад өгөөч.

 

-Сониныг хориглоогүй. Нэр дэвшигч, нам эвсэл өөрөө сонголтоо хийнэ. Таны  саналыг оруулж тусгах боломжтой.

 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:

-Сонгууль бүрээр л Сонгуулийн тухай хуулиа өөрчлөх юм. Үүнтэй зэрэгцээд Улс төрийн намын тухай хуулинд оруулах өөрчлөлтөө хэлэлцээд явж болохгүй юу?

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:

-Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч санаачлан өргөн барина. Өргөн барьсаны дараагаар хэлэлцээд явна.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Холимог тогтолцоог оруулж ирэхэд “Шударга ёс” эвсэл оролцоогүй. Тиймээс манай бүлэг 38-ыг ард түмнээр эрэмбэлүүлэхээр төсөл боловсруулсан. Дээр нь бид санхүүжилтийн тэгш хуваарилалтаар явуулахын тулд тэгш байлгахаар ярилцсан. Мөн хар машинд бид итгэхгүй биш программын системд нь эргэлзэж байгаа. Тиймээс хөндлөнгийн байгууллагаар хянуулъя гэж байгаа юм.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ