Обама: Бид заналхийллээс айхгүй байна

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээгээр Америк улсад дараалласан халдлага үйлдэнэ хэмээн заналхийлсэн билээ. Хэт даврагчид Вашингтон, Нью Йорк хотноо халдлага үйлдэхээс гадна Цагаан ордныг дэлбэлнэ хэмээн мэдэгдсэн юм. Тус бүлэглэл Америкийг Сири болон Ирак улсад өгч буй цохилтоо үргэлжлүүлсээр байвал дээрх хотуудад Парис хотноо болсон халдлагатай адилхан халдлага үйлдэхээ сануулжээ.
Хэт даврагчдын сүрдүүлгээс айхгүй байгаагаа тус улсын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Малайзын нийслэл Куала Лампур хотноо болсон “ASEAN”-ийн чуулга уулзалтын үеэр ийнхүү мэдэгдсэн байна.
Обама “Парисын халдлагын үеэр 130 хүн амиа алдсан. Бид бүх цаг үед францчуудад туслах болно. Энэхүү халдлагын дараа хэт даврагчид америкчуудыг заналхийлж, айлган сүрдүүлсэн. Үнэнийг хэлэхэд, бид айхгүй байна. Бид эх орноо террористуудаас хамгаалах болно. Шаардлагатай бүх зүйлийг хийхээ мэдэгдэж байна. Иргэдээ хохирохыг зүгээр хараад суухгүй гэдгээ хэт даврагчдад мэдэгдье. Америк болон холбоотон орнууд та бүхнийг нухчин дарахын тулд бүгдийг хийнэ. Агаараас өгч буй цохилтоо үргэлжлүүлэхээ албан ёсоор дуулгаж байна” гэж хэлжээ.
Америкийн сөнөөгчид энэ амралтын өдөр Ирак улсад 45 удаа агаараас цохилт өгч, хэт даврагчдын 10 гаруй хуаранг устгасан байна. Цэргийн ажиллагааны үеэр Иракийн дөрвөн иргэн амиа алдсан хэмээн Пентагон мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ