АН засаглаж чадахгүй байна
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-аас 2016 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоол зэргийг хэлэлцжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар мэдээлэл хийсэн юм. Тус бүлгийн гишүүд Эрүүгийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжих боломжгүй гэдэг байр суурин дээр санал нэгдсэн байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг АН-ынхан өөрсдөө дэмжихгүй байгаа
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хүйтний улирал эхэлсэн, ханиад томуу дэгдэж байгаа энэ үед гурван сая хүний эрүүл мэнд, амь настай холбоотой салбар хариуцдаг Эрүүл мэндийн сайдын томилгоог нэн яаралтай хийх шаардлагатайг онцлов. Удирдах албан тушаалтнууд нь хэрэгт шалгагдаж буйн улмаас эзэнгүйдээд байгаа энэ салбарыг хариуцах эзэнтэй болгоход Засгийн газар хугацаа алдалгүй санаачилгатай ажиллах шаардлагатайг хэлэв.
Тэрээр "Эрх баригчид ирэх жилийн төсөвт цалингийн санг 10 хувиар бууруулах, хүүхдийн мөнгийг хүүхдүүдийн 60 хувьд нь өгөхөөр болсон. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд, орон нутгийн амьдрал ахуйтай манай гишүүд танилцсан. Ард иргэдийн амьдрал туйлын хүнд байна. Малчдын мал үнэгүйдсэн, хонь хотондоо л гэхэд 30-50 мянган төгрөгийн үнэтэй байна. Гэр хороололд бүтэн сар мах идээгүй, бүх бичиг баримтаа зээлийн барьцаанд тавьсан, өдөр хоногийг арай ядан өнгөрөөж буй айл өрх, хүмүүс олон байна. Ард иргэдийн амьдрал ахуй муудаж байгаа нь өнөөгийн эрх баригчдын алдаатай бодлого, үйл ажиллагаатай холбоотой юм. Тиймээс 2016 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд эдгээр тулгамдсан том асуудлуудаа тусгаж шийдэх ёстой гэж үзэж байгаа" гэв.
Мөн бүлгийн дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар байр сууриа дахин илэрхийллээ. Тэрээр "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн МАН-ынхан дэмжихгүй байгаа мэтээр ярьж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий юу гэвэл бий. Гэхдээ цаг хугацааны хувьд өнөөдөр боломжгүй гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг АН-аас Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Х.Баттулга, Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын гишүүд, бие даагч гишүүд, "Шударга ёс" эвслээс Л.Цог гишүүн дэмжихгүй байгаа. Эрх баригч АН өөрсдөө бүрэн дэмжихгүй байгаа шүү дээ" гэлээ.
Эрүүгийн хуулиар ажлын хэсгийн төвшинд ойлголцоогүй зүйлүүд бий
Өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг баялаг бүтээгчдэд олон зүйл ангиар хариуцлага хүлээлгэх гэж байгааг эсэргүүцэн завсарлага авсны үр дүнд хариуцлага тооцох зүйл ангийг цөөрүүлж, торгуулийн дээд хязгаар 13 тэрбум төгрөг байсныг 10 дахин бууруулсан. Мөн Хууль зүйн байнгын хорооны хуульч гишүүд энэ хуулийн төслийг хэлэлцэхийг эсэргүүцэж, байнгын хорооны гишүүнээс татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад гаргаж байсан юм. Гэвч өнөөг хүртэл ажлын хэсгийн төвшинд нэгдсэн байр суурь, ойлголцолд хүрээгүй олон асуудал байгааг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэд хэдэн үндэслэлээр тайлбарлалаа.
Тэрээр "Эрүүгийн хуульд аливаа мөнгөний асуудлыг ярихдаа тооцооны нэгж гэж хаана ч байхгүй зүйл оруулж ирсэн. Тооцооны нэгж гэдэг зүйл Эрүүгийн хуулийн суурь болж байгаа нөхцөлд энэ хуулийг батлах ямар ч бололцоогүй. Энэ асуудлыг ажлын хэсгийн төвшинд дахиж яриагүй, нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Тооцооны нэгжээс татгалзаж өөр хувилбар ярина гэсэн ч одоо болтол өөрчлөөгүй. Хоёрдугаарт, өнгөрсөн хавар Эрүүгийн хуулийг хэлэлцэж байгаа нөхцөлд Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Шүүх, Прокурор, Өмгөөллийн, Шийдвэр гүйцэтгэлийн тухай гэх мэт хуулийн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг давхар хийх ёстой. Ингэхгүй бол сүүлд нь зохицуулж болохгүй нөхцөл байдал үүснэ гэж ойлголцсон. Эдгээр хуулийн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг явуулж бүх тохиргоог хийсний дараа хоёрдугаар хэлэлцүүлгийг хийнэ, дотоодын ямар нэг зөрчилгүй болгож чадсан тохиолдолд хуулийг эцэслэн батална гэж тохирч, хэлэлцүүлгийг хойшлуулсан. Гэтэл Эрүүгийн хуулиас бусад хуулийн нэгдүгээр хэлэлцүүлэг хийгдээгүй байхад Эрүүгийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байгааг дэмжихгүй. Ер нь Эрүүгийн хуулийг мэргэжлийн хүмүүс хийдэг, ганц үгнээс болж нөхөж баршгүй алдаа гардаг. Зүгээр нэг санал хураалтаар хийдэг хууль биш гэдгийг цохон тэмдэглэмээр байна" гэлээ.
Зээлийн хүүг бууруулах гарц, шийдлийг судалж байна
УИХ дахь МАН-ын бүлэг 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын төсөлтэй холбогдуулан зарчмын хэд хэдэн саналыг хөндөж тавилаа. Тухайлбал, 2015 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан гарсан УИХ-ын тогтоол болон Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай УИХ-ын 34 тоот тогтоолын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх цаг нь болсон гэж МАН-ын бүлэг үзлээ. Энэ талаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр хэлэхдээ "Бүлгийн гишүүд УИХ-ын энэ хоёр тогтоолын хэрэгжилтийг дүгнэх нь зүйтэй гэж үзсэн. 2016 оны төсвийг дагалдаж гарах энэ тогтоолын төсөлд шаардлагатай тохиолдолд Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах заалт оруулсныг бид дэмжихгүй. Эдийн засгийн хямралын улмаас ард иргэдийн хувиараа авсан зээл их хэмжээгээр нэмэгдсэн. Өндөр настнуудын дийлэнх нь тэтгэврийн зээлтэй, цалин авч нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 700 мянга гаруй иргэдийн 60 орчим хувь нь цалингийн зээлтэй байна. Малчдын 60 хувь нь малчны зээлд хамрагдсан. Тиймээс бид зээлийн хүүг бууруулах арга зам, шийдлийг судалж байна" гэв.
Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Ирэх оны төсөвт Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгоно гэсэн хичнээн төгрөгийн зардал суусан юм бол?
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
-Хүүхдийн мөнгөнд зориулж жилд 230 гаруй тэрбум төгрөгийг олгодог байсан бол ялгавартай олгох болсонор 110 орчим тэрбум төгрөг хасагдана. Ямар байдлаар олгох нь хараахан тодорхойгүй байна. Гэхдээ хүүхдийн мөнгөө авдаггүй, амьдралын боломжтой хэсэгт олгохгүй гэж тооцсон. Мөн 18 нас хүртэлх хүүхэд хүүхдийн мөнгө авдаг байсан бол насыг бууруулж тооцож байгаа болов уу гэсэн таамаг байна.
-МАН-ын бүлгийн Үндсэн хуулийг өөрчлөх цаг хугацаа байхгүй гэсэн байр суурийг АН-ынхан шалтаг гэж хүлээж авч байна лээ?
-УИХ-ын дарга ямар ч асуудалд үзэмжээр хандаж байгаа. МАН-ын бүлгийн гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Тэгсэн хэр нь Н.Батбаяр гэдэг ганцхан гишүүн өргөн барихад өөрт нь таалагдсан учраас хэлэлцүүлээд явж байгаа. Энэ шударга бус байдал нь бидэнд таалагдахгүй байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
- Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг МАН дэмжихгүй байх улс төрийн шийдвэр гаргасан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад 57 гишүүн хэрэгтэй. Манай 25-ыг хасаад, АН-ын дэмжихгүй байгаа гишүүд ч бий. Тиймээс энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд ард нийтийн санал асуулга явуулах болбол дахиад 57-оос доошгүй гишүүнтэйгээр энэ асуудлыг шийддэг горим тогтоосон. Тэгэхээр санал асуулга нь ч хийгдэхгүй. Үүнийг цааш нь хэлэлцэх нь ажлын, цагийн гарз. Ажлын хэсгийн гишүүд нь ч мэдээгүй заалтуудыг оруулсан гэж байгаа. Ер нь дараагийн парламент бүрэн эрхээ хэрэгжиж эхэлснээс хойш Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих ёстой. Түүнээс бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар яригддаг асуудал биш. Одоогийн энэ хямрал, тартагтаа тулж байгаа нь Үндсэн хуулиас болоод байгаа юм биш. Засгийн эрх авсан эрх баригчид үүнийг хямруулаад байгаа юм. Энэ АН-ын фракц хоорондын дайн дээр хоорондоо таардаггүй МАХН, “Шударга ёс эвсэл”-ийнхэн нэмэгдээд 45 хүний дунд долоон, найман фракцад хуваагдчихаад байгаа юм. Энэ л бүх зовлонгийн үүр уурхай болоод байна. Үндсэн хуулийн энэ нөхцөлд бид 2012 онд эдийн засгийг өсгөж л байсан. 2000 онд -1 хувийн өсөлттэй эдийн засаг хүлээж аваад 2004 онд 10.6 хувийн өсөлттэй эдийн засгийг Ц.Элбэгдоржийн Засгийн газарт хүлээлгэн өгч байсан. Асуудал Үндсэн хуульд биш эрх барьж байгаа намд л байгаа юм. Нэгнийхээ хий гэж байгаа ажилд тээг тавьсаар байгаад л бүх зүйлээ унагаж байна. Маш товчоор хэлбэл засаглаж л чадахгүй байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ