Үл хайхарсан ирээдүй

img

 

- амаржих газрын тоог хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй –

 

Сүүлийн үед төрөлт ихэссэн сайхан мэдээ сонстох болсон. Хүн ам өссөнөөр хөгжил ойртоно гэсэн логик байдаг. Тиймээс энэ бол үнэхээр олзуурхууштай мэдээ. Гэтэл үүнтэй зэрэгцээд амаржих газрын ачаалал хэтэрч, эх нярай хэвтэх оргүй байгаа тухай мэдээлэл ихээр гарах болсон учир бодит байдлыг тодруулахыг зорилоо. Эн тэргүүнд хамгийн их ачаалалтай байдаг “Нийслэлийн өргөө” буюу бидний нэрлэж заншсанаар нэгдүгээр амаржих газарт очсон юм. Хамгийн жаргалтай газар бол хүлээлгийн өрөө ажээ. Толгойгоо даавуугаар цэмцийтэл боосон ээжүүд, хорвоод мэндлээд удаагүй бяцхан үрсээ тэвэрсээр гарч ирэхэд нь тэсч ядан хүлээсэн аавууд, эмээ өвөө нар нь баглаа цэцэг барьсаар угтаж, хүүхдээ өхөөрдөн баярын нулимс эрхгүй унагах нь уярам сайхан санагдаж байв.

 

Тус амаржих газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Мөнхтунгалаг хэлэхдээ “Манай амаржих газар байнгын ачаалалтай ажилласаар байгаад хэвийн зүйл болж байх шиг байна. Өдөрт дунджаар 40-45 эх, өндөр ачаалалтай үед 45-50 эх амаржиж байгаа. Оны эхний есөн сарын байдлаар бид 12140 эхийг төрүүлсэн. Нэг хүнд ногдох зай талбайн тухайд учир дутагдалтай ч бид бусад стандартаа чанд баримтлан, эмчилгээгээ чанартай хийдэг” гэв. “Нийслэлийн өргөө” амаржих газар 2013 онд өргөтгөл хийж орны тоогоо нэмэгдүүлсэн боловч түүнээс хойш, харьяаллын зохицуулалт, төрөлт нэмэгдсэнтэй холбоотойгоор ачаалал буураагүй ажээ. Эднийх бусад амаржих газраас даруй гурав дахин их ачаалалтай ажиллаж байгаа юм.

 

Стандарт хэмжээгээр бол нөхөн үржихүйн насны 25-30 мянган эмэгтэйд 50 ор ногдох ёстой. Тэгэхээр нийслэл маань сая гаруй хүн амтай, түүний 30 хувь нь нөхөн  үржихүйн насны эмэгтэй гээд бодохоор хэдий хэмжээний ор хэрэгтэй байгааг тодорхойлж болно. Гэтэл манайд энэ стандарт хэрэгжихэд тун бэрхшээлтэй байна. Жишээлбэл, “Нийслэлийн өргөө” амаржих газар 240, “Хүрээ” амаржих газар 75, “Амгалан” амаржих газар 150 ортойгоор үйл ажилгаагаа явуулж байна. Харин Эх хүүхдийн эрүүл  мэндийн үндэсний төв 254 ортой ажээ. Эдгээр амаржих газрын орны тоо нийлээд  800 ч хүрэхгүй. Тэгэхээр одоо байгаа  амаржих  газрын тоог хоёр дахин нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Сүүлийн жилүүдэд  төрөлт ихэссэн боловч “Амгалан” амаржих газраас өөр эмнэлэг нэмэгдсэнгүй. Хувийн эмнэлгүүд үйл ажиллагаа явуулж байгаа ч тэдний өндөр төлбөрийг дийлэх чадвартай өрх Монголд цөөхөн. Дөрөвдүгээр амаржих газрын барилгын ажил эхэлсэн ч тэг дундаа гацчихсан байна. Ингэхээр хүн амаа нэмэгдүүлэх бодлого баримтална гэдэг эрх баригчдын үг хэрэгжиж байна уу. Төрөх  эмнэлэг хүрэлцэхгүй байгаагийн улмаас эмч сувилагч нар ачаалалтай ажиллаж, ээжүүд шаардлагатай бүх эмчилгээгээ авахад учир дутагдалтай байна. Энэ бол ирээдүйгээ үл хайхарч буйн нэг илрэл юм. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Хүн амаа өсгөе, төрөлтөө дэмжье гэж байгаа бол тэднийгээ хүлээж авах эмнэлгээ урьтаад бэлдэх хэрэгтэй байна.

 

Иймээс сурвалжлагаа цааш үргэлжлүүлэн бусад амаржих газрын ачаалал ямар байгаа болон дөрөвдүгээр амаржих газар хэзээ ашиглалтад орох зэргийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эх барих эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Р.Октябриас тод­рууллаа.

 

-“Нийслэлийн өргөө” амаржих газрын ачаалал хамгийн өндөр буюу өдөрт 40-45 эх амаржиж байгаа юм байна. Харин бусад нь хэр ачаалалтай байна вэ?

-Төрөлт ихэссэнтэй холбоотойгоор ачаалал өндөр хэвээрээ байна. “Нийслэлийн өргөө” амаржих газарт өнгөрсөн жил 16000 гаруй эх амаржсан. “Хүрээ”-д 5300 орчим эх, “Амгалан”-д 5700 эх төрсөн байна. “Амгалан” амаржих газар ашиглалтад орсноор бусад амаржих газарт ирж буй ачаалал харьцангуй багассан. Гэхдээ амаржих газрын хүрэлцээ хангалтгүй байна. Стандарт хэмжээнээс хоёр дахин бага байгаа учраас нэмэгдүүлэх шаардлагатай.

 

-Дөрөвдүгээр амаржих газрын барилгын ажил хэзээ дуусч, ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Дөрөвдүгээр амаржих газар буюу 180 ортой Нийслэлийн эх хүүхдийн төвийг концессийн гэрээгээр барих ажлыг эхлүүлээд нэлээд хугацаа өнгөрч байна. Гэвч зогсонги байдалд байна. Хэзээ ашиглалтад орохыг хэлж мэдэхгүй. Ойрын хугацаанд хөрөнгө мөнгө нь шийдэгдээд ашиглалтад ороосой гэж хүлээж байна. Ирэх жилийн төсөвт шинээр эмнэлэг барих тухай болон барилгын ажлыг дуусгах асуудлыг тусгаагүй. Уг нь салбарын гол бодлого үүнд чиглэх ёстой. Эх хүүхдэдээ зориулсан эмнэлгээ барьж, энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийдэг болмоор байна. Манай улс энэ талаар эн тэргүүнд  анхаармаар байгаа ч харамсалтай нь тийм зүйл алга. Эх, нярайд анхаарах асуудал учир дутагдалтай байна гэж харж байна.

 

-Тэгвэл одоо байгаа хүч бололцоондоо тулгуурлаж ямар төрлийн зохицуулалт хийж болох вэ?

-Бид амаржих газруудын ачааллыг багасгах зорилгоор тодорхой зохи­цуулалт хийсээр байгаа. 2013 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар ЭХЭМҮТ-д Сонгинохайрхан дүүргийн арван хороог өгсөн. Ингэснээр хоёрдугаар амаржих газрын ачаалал тодорхой хэмжээнд буурлаа. Нэгдүгээр амаржих газарт Баянгол дүүргийнхнийг харьяалуулсан гэх мэт ажлууд хийлээ. Ирэх оны эхээр дахин шинэ зохицуулалт хийнэ. Ингэснээр амаржих газруудын ачаалал жигдэрч, тусламж үйлчилгээний хүртээмж, чанар сайжирна.

 

-Хувийн амаржих газрууд ачааллаас хэр үүрэлцэж байна вэ?

-Эх барих зөвшөөрөлтэй “Интер­мэд”, “Таны төлөө бид”, “Хатагтай”, “Гурван гал” зэрэг хувийн эмнэлэг ажиллаж байгаа. Эдгээр нь нийт төрөлтийн 6-7 хувийн ачааллыг үүрч байна.

 

Б.БАДАМГАРАВ

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
yu bicheed baigaa yum boldoo huurhii.turuh gedeg chini baishin bariad l boldog ium bish.achaallaa tenstuuleh yamar ch zohictuulalt alga.ireeduid heden turuh gazar heregtei talaar sudalgaa ch alga .
2015-11-24
Зочин:
1988 ond ajillaj baisan 2 torhiin emc nart gomdoltoi baisan,cadal muu sain emc nar baigaagui,Oyo hiideg emc nar ih muu baisan...
2015-11-24
Зочин:
Hyrzang sain guitset oyooguigees shees zadgairah geh met ehd hor uciruulsanaa ergen sanaj buh ehcuuded anhaaral halamjtai hariutslagatai baihiig husc baina.1988 ond torson oyo muu hiisen hainga, mon huiten tavtsan deer holiig het daaruulan torhiin oron deer udaan bailgasan geh met ih muu haiharamjgui ajiltanguud baisand odoog hurtel gomdoltoi yavdag 2 torhd...
2015-11-24
Narantuya:
Huucinaar 2 torhiin eh barigc , bolon emc nar torsonii daraah ehiin hyrzang haicalsan gej helciheed daraa ni oyogoo oligtoi nymbai oyj ogooguigees bolj eh gertee garaad oyo ni zadarc ,oyo c gejdee oyj baih uedee gariin ariin ueuudeer albaar nuhaj ovtgoj oyuulahiin argagui ,garaaraa ovtgoj baisaniig sanahad emc nart hainga hariutslaga muu baisaniig tuhain ued 22 toi hultsengui baijdee heleegui ongorood odoo bol ih gomdoltoi martagddaggui yum muu emc nartai baijdee ter ued 2 torh...
2015-11-24
ор:
хэрвээ 25-30 мянгад 50 ор хэрэгтэй бол, 300 мянгад 500 ор л хангалттай юм бна шдээ сэтгүүлчээ. 4 дүгээр ангийн хүүхэд бодож чаднадаа.
2015-11-24
зочин:
манай баячууд төрөх газар бариад өгчихгүй буянгүй улс юмаа
2015-11-23