Гуравхан цагаан хирс үлдэв

Дэлхийн улаан номонд багтсан цагаан хирс ердөө гуравхан үлдсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Америкийн Сан Диего хотын амьтны хүрээлэнд амьдардаг дөрөв дэх цагаан хирс Нола хоёр хоногийн өмнө 41 насандаа үхсэн байна.
Нолагийн биеийн байдал өнгөрсөн оноос муудаж эхэлсэн бөгөөд амьтны хүрээлэнгийн эмч нар түүнийг аврахын тулд мэс засал хийсэн ч бүтэлгүйтсэн аж. Түүний амьдарч байсан газар музей байгуулахаар болсон байна. Нолаг 1989 оны долоодугаар сард Европоос Америкт авчирчээ. Түүнийг үзэхээр жилд дунджаар тус амьтны хүрээлэнд 50 мянган жуулчин ирдэг байжээ.
1960 оны дөрөвдүгээр сарын байдлаар цагаан хирсний тоо толгой 2200 байжээ. Харамсалтай нь хулгайн анчдаас болж 10 жилийн дотор 200 гаруйхан болсон байна. Энэ тоо жил ирэх тусам багасч, өнгөрсөн оны байдлаар таван хирс бүртгэсэн байна. Кени улс хоёр цагаан хирстэй бөгөөд энэ оны эхээр нэгийг нь хулгайн анчдад алдсан аж. Өдгөө сүүлийн цагаан хирсийг зэвсэгтэй цагдаагийнхан хамгаалдаг юм байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ