Крым гурван хоног цахилгаангүй байна

Крымийн хойг гурван өдрийн турш цахилгаангүй байгаа тухай “TASS” агентлаг мэдээллээ. Украины эрчим хүч дамжуулдаг цахилгаан шугамын тулгуурт энэ сарын 22-нд гэмтэл гарсан билээ. Өнөөг хүртэл засварын ажил үргэлжилж буйг Украины Эрчим хүчний яамны хэвлэлийн албанаас уламжлав. “Хойгийн 1.6 сая иргэнийг цахилгаантай болгохоор бүхий л хүчээ дайчилж байна. Засварын ажил үргэлжилж байна” гэж мэдээлжээ.
Бүх нийтийн санал асуулгаар өнгөрсөн оны гуравдугаар сард Крым, Оросын бүрэлдэхүүнд багтсан ч цахилгаан эрчим хүчийг Украин дангаараа хариуцан ажиллаж байна. Цахилгаан тасарсны дараа удирдлагууд онц байдал зарлаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон юм. Гэрлэн дохио ажиллахгүй байгаатай холбоотойгоор иргэдийг хувийн автомашинаасаа татгалзахыг уриалжээ. Цахилгаан хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа учир өнөөдрөөс эхлэн сургуулийг 10-16 цаг хүртэл ажиллуулахаар болсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ