Ерөнхийлөгчийн бие хамгаалагчид амиа алджээ

img

Тунис улсын Ерөнхийлөгч Беджи Каид эс-Себсигийн бие хамгаалагчдын зорчиж явсан автобус дэлбэрэлтэд өртсөн байна. Дэлбэрэлтээр 12 хүн амиа алдаж, 17 хүн шархтсан хэмээн тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээллээ. Амиа алдагсад бүгд ерөнхийлөгчийн бие хамгаалагчид хэмээн “www.dailymail.co.uk” уламжлав.

 

Автобус өчигдөр 17.00 цагийн үед Дотоод хэргийн яамны ойролцоох хурдны замд дэлбэрсэн аж. Одоогоор ямар нэгэн гэмт бүлэглэл уг хэргийн хариуцлагыг хүлээгээгүй байна. Цагдаагийнхан “Автобус дотор амиа золиослогч этгээд суусан байх магадлалтай” гэж мэдэгджээ.

 

Халдлагын дараа Дотоод хэргийн яамны ойр орчимд хөл хорио тогтоожээ. Ерөнхийлөгч орон даяар 30 хоногийн хугацаатай онц байдал зарлаж буйгаа өнөөдөр мэдэгдсэн байна.

 

Тунис улсад энэ оны гурав, зургаадугаар саруудад халдлага гарч, 67 хүн амиа алдсан билээ. Эдгээр халдлагыг Иракийн хэт даврагч Халифын вант улс бүлэглэл үйлдсэн болохоо мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ