Вакум цонхтой тохилог автобус үйлчилгээнд гарахад бэлэн болжээ

img

Гэрэл зургуудыг MPA.MN

 

“Экобус” үйлдвэрийн инженерүүд байгальд ээлтэй Евро-4 стандарт бүхий том оврын автобусыг эх орондоо угсарч, үйлдвэрлэж эхэлсэн. Тус үйлдвэрийн угсарсан 20 автобусыг танилцуулах арга хэмжээ өнөөдөр Чингисийн талбайд боллоо. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон бусад албаны хүмүүс оролцож, монгол инженерүүдэд баяр хүргэв.

 

Монголын цаг уур, орчин нөхцөлд тохируулан автобусанд  өвлийн улиралд цантдаггүй вакум цонх суурилуулсан бөгөөд таван ширхэг халаагуур, тэргэнцэртэй иргэдэд зориулсан замын тавцан, бууж суухад хялбар хагас нам шалыг байрлуулж өгсөн байна. “Номин Холдинг” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар энэхүү байгаль орчинд ээлтэй эко дизель хөдөлгүүртэй J-800 автобусыг үйлдвэрлэж, үйлчилгээнд гаргахад бэлэн болсон тухайгаа инженерүүд хэлж байв. Автобусны бүтэц, зохион байгуулалтын талаар “Экобус” компанийн техникийн зургийн ахлах, зохион бүтээгч Ч.Үнэнбаяраас тодрууллаа.

 

-Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснаас ялгарах давуу тал нь юу вэ?

 

-Манайд үйлчилгээнд явж байгаа автобуснууд “Евро 2” хөдөлгүүртэй гэсэн байдаг ч ихэвчлэн “Евро 1” байдаг. Энэ нь хорт утааг ихээр ялгаруулдаг сөрөг үр дагавартай учраас олон улсад хориглодог. “Евро 4” хөдөлгүүр нь түлш зарцуулалт бага, байгальд учруулах хор нөлөөгүй, хөө тортог багатай гэдгээрээ давуу талтай. Манай улсад заагдсан хөө тортогны стандарт хэмжээнээс 5-6 дахин бага. Мөн автобус төмөр нумтай байдаг бол эко автобус хийн нумтай, хийгээр ажилладаг. Намхан шалтай учраас хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бууж, суухад хялбар.  Ухрах үйлдлийг камераар хянана. Өөрөөр хэлбэл толь хэрэглэхгүй гэж ойлгож болно. Өөр нэг зүйлийг онцлоход автобус вакум цонхтой. Тэгэхээр цанталт үүсэхгүй гэсэн үг. Зааландаа таван халаагчтай, хаалганы битүүмжлэл сайтай учраас маш дулаахан.

 

-Нэг автобусыг угсархад хэдий хэр хугацаа шаардагдсан бэ?

-Дамжлагаар үйлдвэрлэл явуулдаг учраас эхний автобусыг 15-20 хоногт үйлдвэрлэсэн. Харин дараа дараагийн автобусыг долоо хоногийн зайтай бүтээсэн. Гэхдээ үйлдвэрлэлийн зохион байгуулалт хүн хүчийг яаж хуваарилахаас хамаарч хугацаа янз бүр байсан л даа. Одоогийн байдлаар 20 автобус үйлдвэрлээд шугаманд гарахад бэлэн болоод байна. Зорчигчдын тав тухыг бүрэн хангахуйц, орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан бүтээсэн гэдгийг энд хэлмээр байна. 

 

-Сэлбэгийг нь гадаадаас авчирч угсарсан гэсэн үү?

-Бид кузовын карказаа энд үйлдвэрлэж угсарсан. Сандал зэргийг дотоодод хараахан үйлдвэрлэж чадахгүй байгаа учраас Солонгосоос  оруулж ирсэн. Сэлбэгийг нь авчирсан ч тааруулж холбох, тасдаж нийлүүлэх ажлыг бид өөрсдөө хийсэн болохоор энэ бол цэвэр Монгол инженерийн бүтээл гэж хэлж болно.

 

-Ирэх онд хичнээн автобус үйлдвэрлэхээр төлөвлөж байна вэ?

-Ирэх онд 240 орчим автобус үйлдвэрлэх хүчин чадал, нөөц бололцоо байна. Хууль эрхзүйн хувьд саад бэрхшээл байсан ч үйлдвэрлэлжилтийн тухай хууль  батлагдсан учраас одооноос боломж нээлттэй болж эхэллээ. Нийслэлд 11 жилээр парк шинэчлэлт явагдаж байдаг учраас автобусны хэрэгцээ шаардлага үргэлж байдаг. Тиймээс тогтмол үйлдвэрлэх боломжтой. Монгол Улсад машин үйлдвэрлэл хөгжөөд арван  жил болж байна. Энэ хугацаанд бид тодорхой хэмжээний туршлагатай болсон төдийгүй гадаадад инженерүүдээ сургаж, гадны үйлдвэрүүдтэй харьцаж чадахаар болсон.  

 

 

 

 

 

 

 

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ядаж 1 ширхэй хадаас хадаж үзсэн хүн юм хийж бүтээхийн учрыг мэднэ.
2015-11-26
Зочин:
Аливаа ажлыг эхлэх нь чухал. Үнэтэй ч гэсэн мөнгө нь дотооддоо шингэж байгаа болохоор болж байна гэсэн үг. Нэг эрэг эргүүлж үзээгүй хүнд бол амархан байгаа байх. Автобус бол төмөр контейнер тохижуулснаас амархан гэж бүү бодоорой.
2015-11-26
Sergelen:
Negniihee hiisen yumiig bitgii doosh ni hiij bai hujaa avtobusnaas dor baiv gej
2015-11-25
Sergelen:
Negniihee hiisen yumiig bitgii doosh ni hiij bai hujaa avtobusnaas dor baiv gej
2015-11-25
Sergelen:
Negniihee hiisen yumiig bitgii doosh ni hiij bai hujaa avtobusnaas dor baiv gej
2015-11-25
Зочин:
ЖАРГАЛСАЙХАН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС АСАР ҮНЭТЭЙ ЭНЭ АВТОБУСНУУДАА ЯМАР АРГААР ТӨРИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГАД ШАХАЖ ЧАДСАНЫГ ШАЛГАХ Л ХЭРЭГТЭЙ. ХЭДЭН УЛСААС СЭЛБЭГ ОРУУЛЖ ИРЖ УГСАРЧИХААД МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭСЭН ГЭЖ ХУДЛАА ЯРЬЖ БАЙХААР ҮНЭНЭЭР НЬ ХЭЛБЭЛ САЙХАН БИШ ҮҮ. МОНГОЛЧУУД ТЭНЭГ БИШ ШҮҮ.
2015-11-25