Тост, Тосонбумбын нуруунд хайгуулын 16 лиценз бий

img

 

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич 27 настай Л гэх залуу энэ сарын 11-ны өдөр учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан билээ. Тэрээр энэ сарын 5-ны өдөр автомашинаа тавихаар гэрээсээ гараад сураггүй болсон талаар ар гэрийнхэн нь мэдээлж буй. Гэвч түүний цогцсыг үүнээс зургаан хоногийн дараа Хөвсгөл нуураас олсон байдаг. Одоогоор түүнийг юуны учир амиа алдсан болохыг  тогтоохоор цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

 

Талийгаач Л Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нуруун дахь цөөн тооны ирвэсийг хамгаалахаас гадна тус газрыг улс, орон нутгийн тусгай хамгаалалтад авах ажлыг эхлүүлсэн нэгэн юм.

 

Түүний саналаар таван жилийн өмнө нэн ховор амьтан, ургамалтай байгалийн цогцолбор газар гэгддэг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нурууг орон нутгийн тусгай хамгаалалтад аймгийн удирдлагууд авсан байдаг. Харин талийгаач Л үүний дараагаар улсын тусгай хамгаалалтад авах саналыг удаа дараа гаргаж байсан гэдэг. Гэвч уг санал нь хэлэлцэгдэх шатандаа явах үед биологич залуу учир битүүлгээр амиа алдаад байна.

 

Тэгвэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг энэ сарын 30-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

 

Тус газарт Монголд төдийгүй дэлхийд нэн ховордсон амьтад идээшилдгээс гадна байгалийн өвөрмөц тогтоцтой газар гэж нутгийн иргэд болон “Ирвэс хамгаалах сан”-гийнхан үзэж буй. Гэвч тус газарт уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лиценз өгсөн учраас тусгай хамгаалалтад авах асуудал ийн удааширсан гэнэ.

 

Одоо тус газарт хайгуулын 16 лиценз, ашиглалтын нэг лиценз байдаг аж. Гурвантэс сумын байгаль хамгаалагч А.Атар “Энэ тоо сар бүр өөрчлөгдөж, 2-3 лиценз нэмэгдэж, хасагдаж байдаг” гэдгийг “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгийн мэдээлснээр “Ашиглалтын хоёр талбайг “Саусгоби коэл транс” ХХК эзэмшдэг бөгөөд энэ нь УИХ-ын Б.Чойжилсүрэнгийх. Бусдыг нь би мэдэхгүй” хэмээсэн байна.

 

“Саусгоби коэл транс” ХХК-ийн ашиглах талбайд булаг, шандтай баянбүрд их байдаг учраас мөн орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна. Гэвч уг асуудал маргаан дагуулж, шүүхэд шилжсэн учир олборлолтоо эхлээгүй байгаа аж.

 

Дашрамд дурдахад, Учир битүүлгээр амиа алдсан биологич залуугийн үхлийг ар гэрийнхэн нь тус газарт лиценз эзэмшдэг уул уурхайн компаниудтай холбоотой гэдгийг хэлж байгаа юм.

 

П.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Тэнд лиценз эзэмшдэг компануудын нэрийг бүгдийг нь бичих хэцүү биш дээ нэрүүдийг хараад л хэн гуай нь иймэрхүү юм хийсэн болохыг судал илэрүүл
2015-11-26
Зочин:
төрийн байгууллагуудын хооронд уялдаа алга. Нэг нь байгал хамгаалж байХАД нөгөө нь байгал сүйтгэх лиценз өгч байх юм. АН, МАН ын үед төр шиг төртэй байж үзсэнгүй
2015-11-26
Мгл:
Эх оронч залууг алсан алуурчид олон удаа улаан цагаандаа гаран амь насанд нь халдаж байжээ. Иим хэргииг илруулэх амар биздээ цагдаагынханд
2015-11-26
Зочин:
Ашиглалтын лиценз эзэмшдэг гаруудын хийсэн ажил байна ш дээ
2015-11-26
124578966:
Тэр Залууг МАН-ын Чойжилсүрэн хусчихсан юм биш үү.
2015-11-26