Агаарын урсгалыг тооцоолох хэрэгтэй
Агаарын бохирдол сүүлийн жилүүдэд нийслэлийнхний төдийгүй хүн ам ихээр төвлөрсөн суурин газрын “шүдний өвчин” болсон. Засгийн газар болон хотын удирдлага үүнээс салахаар жилд олон тэрбум төгрөг төсөвлөн зарцуулж байгаа ч үр дүн багатай хэвээр. Манай сонин шинэ шийдэл, шинэ санааг дэмжин ажилладаг. Энэ удаа уншигчдадаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг нэгдсэн “Бид” клубын гишүүн, инженер Б.Баттөмөрийн яриаг хүргэж байна.
-Бид танай клубын талаар болон агаарын бохирдлын асуудлаар сонирхолтой яриа өрүүлэх гэж байна. Та өөрийгөө танилцуулахдаа агаарын урсгалын механик аргаар бохирдлыг бууруулах боломжтой гэж хэлсэн. Энэ талаараа тайлбарлахгүй юу?
-Энэ бол газрын гадаргад ойр агаарын урсгалыг тодорхойлж, түүнд нөлөөлснөөр утааг арилгах арга юм. Тодруулбал, хотыг тойрон хүрээлэх дөрвөн уул,тэдгээрийн бүтэц тогтолцоо, барилга байгууламж, гудамж, талбайн хэлбэр хэмжээнээс хамаарч агаарын урсгал өөрчлөгддөг. Салхитай өдөр утаа бага, агаарын бохирдол ч мөн бага байдаг. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын агаар сэлгэлт сайн байгаа үед агаарын бохирдол бага байдаг.
Улаанбаатар хотын агаар сэлгэлт, газрын гадаргад ойр байгаа агаарын урсгалыг сайжруулсанаар утаагүй болж болно гэсэн үг. Үүний тулд байгалийн шинжлэх ухаан, тэр дундаа урсгалын механик аргыг ашиглах ёстой.
Эхлээд бид нийслэлийн агаарын урсгалын онцлогийг загварчилж, түүнийгээ компьютерийн симуляци болгож тодорхойлох юм. Эндээс аль хэсэгт агаарын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байна, агаарын бохирдлыг аль хэсэг рүү явуулах нь тохиромжтой вэ гэдэг асуултын хариу гарч ирнэ. Тухайлбал, бид энэ ажлыг судлахдаа орц талаасаа амжилтад хүрэхгүй юм байна гэдгийг ойлгосон учраас гарц талаас нь судлая гэж бодсон юм.
-Орц, гарц гэдэг нь агаарын урсгал орж ирж байгаа болон гарч байгаа хөдөлгөөнийг хэлээд байна уу?
-Орц тал гэдэг нь агаарын бохирдлын гол шалтгаан болох утаа үүсч байгаа шалтгааныг хэлж байна. Өнөөдөр амьдрал хүнд байна. Иргэд талх тос, масло, элсэн чихрээ граммаар авч байна. Айл бүрт шахмал түлшээр галлах эдийн засгийн боломж алга. Тийм болохоор энэ орц тал гэдгийг иргэд өөрсдөд байгаа зүйлээ түлшиндээ хэрэглэхийг хэлж байгаа юм. Гарц талаасаа гэдэг нь нэгэнт үүссэн утааг яаж арилгах вэ гэдгийг хэлж буй юм.
Тиймээс бид орц талаас биш гарц талыг нь судлах хэрэгтэй гэж бодсон. Үүнийг би дэлхийд ганцаараа нээж судлаад ярьж байгаа юм биш л дээ. Энэ аргыг өндөр хөгжилтэй улс, орнуудад маш их хэрэглэдэг. Тухайлбал, химийн үйлдвэртэй хотуудад осол аваар гарсан тохиолдолд хотын аль дүүрэг, хорооны иргэд хамгийн их хордох магадлалтай вэ. Аль хэсэгт нь бага нөлөө үзүүлэх вэ гэх зэрэг судалгааг хийгээд, яаралтай үед авах арга хэмжээний төлөвлөгөө зааврыг бэлдчихсэн байдаг.
Үүнтэй хамт нүүлгэн шилжүүлтийн асуудлыг хаанаас эхлэх вэ гэдгийг ч судалсан байдаг юм билээ. Анх 1986 онд Чернобыль хотод цөмийн цахилгаан станц дэлбэрсний дараа энэ аргыг амьдралд хэрэгжүүлж, тухайн хотын агаарын урсгалыг тооцоолох эхлэл тавигдсан байдаг. Мөн 2011 онд Фукушимагийн цөмийн цахилгаан станц дэлбэрэхэд хүнгүй бүс байгуулсан байдаг. Энэ нь дув дугуй бүс биш онцгой хэлбэр дүрстэй бүс. Энэ бүгдээс Японд ч гэсэн энэ төрлийн судалгаа байдаг гэдэг нь харагддаг. Үүний үндсэн дээр аюулгүй бүсээ тодорхойлж байна гэсэн үг л дээ.
Агаарын урсгал хот дундуур хэрхэн урсан өнгөрдгийг тооцоолчихвол бид агаарын бохирдлыг бууруулах, бүр шийдэх боломжтой.
Манай улсын хувьд тэр тусмаа нийслэлд өдөр болгон химийн осол гарч байгаа юм шиг нөхцөл байдал бүрдчихээд байгаа. Энэ нь мэдээж утаанаас үүдэлтэй. Бид эхлээд газрын гадаргатай ойр агаарын урсгалыг судлах шаардлагатай. Энэ бол хүний амьсгалдаг хэсэг гэсэн үг. Хот бол өөрийн гэсэн агаарын урсгалын онцлогтой байгаа. Тиймээс бид эхлээд нийслэлийнхээ агаарын бохирдлыг цэвэрлэж, арилгана гэвэл агаарын урсгалын судалгааг хамгийн эхэнд хийх нь зөв юм үзээд судалгааны ажлаа эхлээд байна. Бид XXI зуунд амьдарч байна. Ямар ч ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийж сурч дадах л ёстой.
Агаарын урсгал хот дундуур хэрхэн урсан өнгөрдгийг тооцоолчихвол бид агаарын бохирдлыг бууруулах, бүр шийдэх боломжтой гэсэн үг. Улаанбаатар хотын агаарын урсгалыг компьютерт симуляци болгон нүдэндээ харах юм бол цаашдаа дагуул хот хаана байгуулах, газар олголт, барилга байгууламж, зам, талбай хаана ямар хэлбэр хэмжээтэй барих зэргээр хот төлөвлөх үйл хэрэгт тус дөхөм болох юм. Утааны сөрөг нөлөө хэтэрсэн учраас бид дэлхийн бусад улсад хэрэглэдэг энэ аргыг сонгох цаг иржээ.
-Нийслэлд агаарын урсгалыг хэмжих технологи нэвтрүүлэхэд эхлээд юу шаардлагатай болох вэ?
-Мэдээж эхлээд Улаанбаатар хотын мэдээлэл хэрэгтэй. Геодези зураг зүйн газраас хотын газар зүйн байрлал, онцлог бүхий зурган мэдээлэл шаардагдана. Хотын план, барилга, байгууламжийн мэдээлэл, хэлбэр хэмжээнээс эхлээд олон зүйл хэрэгтэй. Энэ бүхнийг комьютерийн мэдээллийн нэгдсэн санд оруулж салхины урсгалыг тогтооно. Салхины дагуу утааг урсгаж тооцсоноор аль барилга байгууламж салхины урсгалыг саатуулаад хөшиг тогтоож байгааг мэдэх боломжтой. Үүнээс улбаалан барилгаа хэрхэн, ямархуу хэлбэр хэмжээтэй барихыг тооцоолж гаргадаг юм.
Агаарын бохирдлыг Европын орнууд шинжлэх ухааны үндэслэлтэй судалж зохих аргыг хэрэгжүүлснээр амжилтад хүрсэн. Германд л гэхэд орон сууц нь замын хажууд байрлалтай оршин суугчдад төрөөс тэтгэмж өгөх жишээтэй. Замыг дагаад нарийн тоос, тоосонцортой, агаарын чанар тааруу байдаг учраас тэр. Иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулснаа хүлээн зөвшөөрч эмчилгээний тэтгэмж өгч байгаа нь тэр. Тиймээс манай улс утаатай тэмцэнэ гэж ярьж байхаар эхлээд Улаанбаатар хотын агаар сэлгэлтийн чадавхи, онцлогийг судлаач гэж бид хэлээд байгаа юм.
Хойноос ирж тогтсон утааг бид заавал хотын төв рүү хөөлгүй хойшоогоо гаргахаар барилга байгууламж, уул, нуруудын хэлбэр хэмжээг өөрчилж засаж болно. Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хүртэл салхины урсгалыг тооцох аргаас үүдэн хийгдвэл утаа багасах бүрэн боломжтой. Нэг аймшигтай мэдээ дуулгая л даа. Улаанбаатар хотын хүүхдүүдийн цусанд шинжилгээ хийхэд хар тугалганы агууламж зөвшөөрөгдсөн хэмжээнээс 5-7дахин их гарсан гэсэн дүнг би үзэж байсан. Улаанбаатар хотын аль дүүргийн, аль хороонд хүнд металл цугларч байгааг ч урсгалын механик арга л тодорхой болгоно.
-Гадны орнуудад хэрэгжүүлсэн туршлага бий юу?
-ХБНГУ-ын Хамбург хотод “BASF” гэж химийн том үйлдвэр байдаг. Энэ үйлдвэр дэлбэрвэл юу болох вэ гэдгээс үүдэн энэ технологийг хэрэгжүүлсэн байдаг. Одоогоор Герман, Шведэд хэрэгжүүлсэн. Гэхдээ агаарын бохирдлоо орчин үеийн өндөр технологи ашиглан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ингэж шийдэх нь эргээд өөрөө тухайн улсын нууцын зэрэглэлд хамаарч явдаг.
-Ухаалаг Улаанбаатар төслийн хүрээнд хотын дарга Э.Бат-Үүл утааг багасгах олон ч ажил хийж их хэмжээний хөрөнгө, мөнгө зарсан. Тухайлбал, утаагүй зуух, шахмал түлш тарааж байгаа нь утааг багасгахад хэр үр дүн үзүүлсэн гэж бодож байна?
-Утаагүй зуух гэж яриад байгаа юм. Гэтэл юм шатааж л байгаа хойно утаа гарч л таарна. Магадгүй энэ зуух энгийн зуухнаас шаталт илүү байх. Энэ ажилд маш их мөнгө зарсан ч тодорхой үр дүнд төдийлөн хүрэхгүй байгааг иргэд мэднэ. Одоо Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрч олон хүн хорт хавдраар өвчилж байгаа дүр зураг харагдаж байна. 2012 онд Э.Бат-Үүл даргыг маш том ажил эхлүүлэх гэж байна гэж харж хүлээсээр өнөөдрийг хүрсэн. Гэтэл хотын дарга шинжлэх ухааны үндэслэлгүй, хэт улстөржсөн, популист гэж хэлж болох амлалт өгснөөс болж хийсэн ажил нь амжилтад хүрэхгүй байна.
Хэрвээ та замыг дээрээс нь дулааны камераар харвал асфальт замууд зун, өвөлгүй халж байдаг.Энэ дулааныг бид зүгээр нэг жалга руу урсгах биш хүн ихээр төвлөрдөг гудамж руу урсгаж оруулах хэрэгтэй. Нэг ёсондоо бид асфальтынхаа дулааныг ашиглаж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид иймэрхүү хаягдал дулаанаа ашиглана, урсгалын механикийн аргаар агаарын бохирдлоо цэвэрлэж чадна. Ингэж нөөц бололцоогоо бүрэн ашигласан, гарсан хаягдлаа оршин суугчдадаа хор хөнөөл багатай устгахаа мэддэг хотыг л “Ухаалаг хот” гэх байх.
Өнөөдөр ундандаа хэрэглэж чадахгүй байгаа крантны усаа маргааш нь хэрэглэдэг болохыг хөгжил дэвшил гэх болов уу. Түүнээс автобусыг цахимжуулдаг ч юм уу, нэг ТҮЦ машин тавьснаар “Ухаалаг хот” гэж нэрлэж болохгүй л дээ. Хотын даргын гэр хорооллын айлуудыг төвийн шугамд холбоно гэх мэт боломжгүй зүйл ярьсаар байгаад хувь хүний зүгээс их эмзэглэдэг.
Өнөөдөр төвийн шугамд холбоотой байгаа айл өрх, албан байгууллагуудын бохирыг төв цэвэрлэх байгууламж маань цэвэрлэж чадахгүй зуны цагт зогсолт хийх талаар ярьж байна. Гэр хорооллын айлуудыг төвийн шугамд холбоно гэж ямар ч тооцоогүйгээр ярьж байгааг нь гадна хотын оршин суугчдын эмзэг сэдвийг ашиглан хуурч мэхэлж байгаатай адил зүйл юм.
-Та бүхэн хотын даргатай уулзаж энэ талаар санал бодлоо солилцох гэж үзэв үү. Өмнө нь энэ талаар судалгааны ажил хийж байсан туршлага бий юу?
-2013 оны хоёрдугаар сард хотын даргатай уулзах гэж албан бичиг илгээсэн ч одоог хүртэл хариу ирээгүй байна. Уг нь энэхүү албан бичигт урсгалын механик болон хотын дэд бүтцийн асуудлыг ингэж шийдвэл ямар вэ гэсэн санаа оноо явж байсан л даа.
Сонгуулийн дараа шийдвэр гаргагчдын иргэдтэйгээ хамтран ажиллах тэдний санаа бодлыг авч хэрэгжүүлэх санал, санаачлага нь сул байдаг юм болов уу. Тийм болохоор сонгуулийн өмнө ярьж байгаа хэрэг. Манай багт янз бүрийн мэргэжилтэй гадаад болон дотооддоо боловсрол эзэмшсэн энэ чиглэлээр сурч мэргэшсэн залуус байдаг. Тухайлбал, ангаахын салбарын хүн байна, хууль, байгалийн шинжлэх ухааны салбарынхан байна.
-Та түрүүн хальт дурдсан. Загвар хотын төслийг харьцангуй бага үнээр гаргах боломж бий гэж. Ойролцоогоор ямар үнэтэй болох вэ. Загвар хотын төсөл хэрэгжиж чадвал агаарын бохирдлыг хэдэн хувь бууруулна гэж тооцоолж байгаа вэ?
-Бид эхлээд нийслэл хотын загвар босгож, компьютер симуляци дээр агаарын урсгалыг онцлогийг тодорхойлно. Хамгийн эхлээд энэ ажлыг хийж байж дараагийнхаа төлөвлөлтийг хийх ёстой. Энэ ажлаа хэрэгжүүлж чадвал агаарын бохирдол багаар тооцоход 50-60 хувь буурна. Өөдрөг үзлээр тооцвол 80-90 хувиар утаа арилах боломжтой. Хэрвээ энэ аргыг хэрэглэвэл 2018 он гэхэд утаагүй болох бүрэн боломж бий.
Энэ нь утаагүй зуух, шахмал түлш, хуучин машиныг хөдөлгөөнөөс хасах зэргээс илүү хурдан хугацаанд үр дүн өгнө. Гол нь төр засаг, хотын удирдлагууд инженерүүддээ итгэх хэрэгтэй байна. Асуудалд шинжлэх ухаанч үзлээр хандах шаардлагатай. Харин загвар хотын төслийг гаргахад 100 сая орчим төгрөг шаардлагатай болно. Энэ мөнгийг бид ажлын шийдлээ олон нийтэд ойлгомжтой сайн танилцуулж, хэвлэл мэдээлийнхэнтэй хамтран ажиллаж, хандивын аян өрнүүлэх замаар цуглуулахаар төлөвлөж байгаа.
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ