УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийж, гишүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
-Өнөөдөр намрын чуулганы сүүлчийн өдөр. Өнөөдөр чуулган завсарлана. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа бид баталлаа. Алслагдсан бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, ачааллыг бууруулах татварын хуулийг бас баталлаа. Ерөнхий сайд маань ард түмэндээ цагаан сарын өмнө бэлэг барих ёстой байх гэж бодож байна. МАН-ын бүлгээс ипотекийн зээлийн 8 хувийн хүүг 5 болгох саналыг шийдээсэй гэж хүссэн. Мөн цалингийн, тэтгэврийн, малчны, үйлдвэрлэлийн зээлийн хүүг бууруулах асуудлыг Цагаан сараас өмнө шийдэж ард иргэддээ бэлэг бариач ээ гэсэн нэг талын хүсэлт, нөгөө талаасаа шаардлага тавьсан. Инфляци нэг оронтой тоо руу буурч 2.5 болсон учир зээлийн хүү буурах бололцоо, боломжтой боллоо гэж УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар мэдэгдсэн. Тийм учраас боломжтой болсон гэж ойлгож байгаа. Үүн дээр тулгуурлаж зээлийн хүүг бууруулах санал тавьсан. Тийм учраас та МАН-ын бүлгийн шаардлагад баяртай хариу өгөөч гэж хүсч байна гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “МАН-ын бүлгээс бүх төрлийн зээлийн хүү бууруулах чиглэлээр ажиллах хүсэлт, санал шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Бид бодлогын хувьд зөрүү байгаа. Хэрвээ хэрэглээний зээлийг нэмэгдүүлвэл эдийн засгийн макро үзүүлэлт дээр сөрөг нөлөө үзүүлнэ гэж Засгийн газар үзэж байгаа. Харин үйлдвэрийг дэмжсэн зээл дээр тодорхой хэмжээний арга хэмжээг үе шаттай авч явуулна. Өнгөрсөн өдрүүдэд салбарын сайдууд үүрэг өгсний дагуу малчны 30 хувийн хүүтэй зээлийг малчны үйлдвэрлэлийн зээл болгох ажлыг хийгээд явж байна. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар тодорхой шийдвэр гаргасан. Эхний ээлжинд Засагт бололцоотой байгаа Төрийн банкийг дайчлан оролцуулж байна. Одоо Төрийн банкинд байгаа 40 орчим тэрбум төгрөгийн 17 мянга орчим малчдад олгогдсон 29 хувийн хүү бол 18 болж буурах шийдвэрийг гаргаад явж байна. Цаашдаа эх орны үйлдвэрүүдийг дэмжиж байгаа малчдыг 18 хувь руу орсон зээлийг 10 хувь руу оруулах хоёр дахь шатны бэлтгэлийг хийгээд явж байна гэсэн юм.
Н.Нягт
Уншиж байна |