Ц.Мягмарсүрэн зааны “том” хүү

Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул аймгийн арслан Б.Баатарцол тав давж Улсын начин цол хүртсэн билээ. Шинэхэн начинтай уулзаж ярилцахыг хүссэн болов ч Булган сумандаа амарч явна. Иймд түүний талаар товч өгүүллээ. Тэрбээр 35 жилийн дараа Баян-Өлгий аймгаас төрсөн улсын цолтон юм.
Сургууль завсардаж бөх болсон түүх
Тэрбээр 1986 оны тавдугаар сарын 10-нд Баян-Өлгий аймгийн Булган суманд төрж өсөн, сумынхаа дунд сургуулийг дүүргэжээ.. Баян-Өлгий аймаг олон ястны өлгий нутаг. Батчулууных гэдэг айл Урианхай ястан аж. Тэднийх 7 хүү, 2 охинтой. Б.Баатарцол начин дээрээ нэг ах, нэг эгчтэй, айлын гурав дахь хүүхэд юмсанж.
Шинэхэн начин бөхийн спортод дурлаж биш тохиолдлоор хөл тавьсан тухайгаа дурссан байдаг. Тэрбээр “Манайханд бөхийн удам гэхээр нэг их айхтар онцлох зүйл байдаггүй юм. Харин бяр тэнхээ ихтэй хүмүүс байсан гэж ярьцгаадаг. Тэрнээс биш яг барилдаад цол чимэг авсан нь ховор доо. Би дунд сургуульд байхдаа нэг их барилдаж байгаагүй. Харин хичээл номондоо гайгүй хүүхэд байсан. Бөх болно гэхээсээ илүү ямар мэргэжилтэй болох вэ гэж л их боддог байж дээ. Тэгтэл бие минь өвдөөд хичээл сургуулиасаа нэг жил завсардсан юм. Тэр жил л бэлтгэл хийж эхэлсэн. Бэлтгэл хийгээд эхэлсэн чинь бие ч сайжирсан, би өөрөө ч бөхөд дурлаж, сонирхоод дунд сургуулиа төгсөөд бөхийн сургуульд орж энэ спорттой холбогдсон юм” хэмээсэн байна.
Ц.Мягмарсүрэн зааны “том” хүү
Тэрбээр Ц. Мягмарсүрэн зааны гарын шавь. Мөнххайрхан гэж урианхайчуудын шүтээн болсон сайхан уул бий. Тэр уулын наад талд Булган сум, цаад талд нь Менххайрхан сум оршин буй. Тус суманд нэгэн хийд байгуулагдаад бэсрэг наадам хийж л дээ. Тэр наадамд Улсын заан Ц.Мягмарсүрэн, харцага Амартүвшин, начин Лхагвасүрэн гээд Ховдын бөхчүүд бараг бүгд очсон байжээ. Наадмын бөхийн барилдаанд залуу бөх Б.Баатарцол одтой барилдаж дөрөвт үлдээд Лхагвасүрэн начинд унасан аж. Тэгсэн Ц.Мягмарсүрэн заан түүнийг дуудаж уулзаад "Чи хотод очиж бөхийн сургуульд ор, би тусалж дэмжье" хэмээсэн гэдэг. Ингэж л багш, шавь хоёр биенээ олсон түүхтэй.
Энэ тухайгаа Б.Баатарцол начин “Тэр намраа хотод ирээд багшийнхаа гэрт том хүүхэд нь юм шиг л амьдардаг болсон. Гэрт нь амьдрахын зэрэгцээ бөх хүн ямар байх ёстой, яаж бэлтгэл сургууль хийдэг, биеэ, амьдралаа яаж авч явдаг гээд бүх л зүйлийг багшаасаа алхам тутамдаа суралцаж ирсэн дээ” хэмээн дурссан байна.
Тэрбээр “Шонхор” дээд сургуулийг дүүргэсэн. Нэгдүгээр курсын оюутан хүү Цагаан сарын барилдаанд анх зодоглож л дээ. Тэгсэн Гавьяат тамирчин, Улсын заан О.Одгэрэлтэй оноолт таарч давах тухай бодох биш харин цагаан сарын барилдаан зурагтаар гардаг болохоор удаахан шиг ноцолдож байгаад зурагтаар нэг гарчих юмсан, нутаг орныхон үзнэ гэсэн бодолтой л барилдаад байсан гэдэг. Харин хоёрдугаар курст ороод анги дотроо гайгүй барилддагуудын тоонд орж эхэлсэн аж. Тэгсэн нэг өдөр багшийгаа дагаж "Хүч" слорт хороон дээр очиж бэлттэл хийж л дээ. Тэр өдөр шавилхан оюутан маань Улсын харцага М.Батжаргал, Улсын гарьд Д.Рагчаа хоёрыг дараалаад давчихаж. Нэг өдөр улсын цолтой хоёр том бөхийг давж шөвгийн дөревт үлдээд түүндээ баахан урамшиж, бэлтгэл сургуулиа улам хичээнгүй базаах болсон гэдэг.
Мушгиж тонгордог ганц л мэхтэй байжээ
Улсын начин Б.Баатарцол анх зүүн талдаа мушгиж тонгордог л ганц мэхтэй байжээ. Ямар ч хүнтэй барилдсан мушгиад л тонгорчихно. Тэгсэн хотод ороод ирсэн чинь өнөө мэх нь орохоо больчихсон. Хүмүүс ганц нэг унаад л мэддэг болчихоороо хариулах аргаа олчихоод байж. Харин сүүлийн үед хонгодох мэх болон давхар хамах, бариа зөрөөн дээр тонгорох мэхийг нэлээд хийж байгаа харагдана лээ.
Барилдааныхаа арга барилын тухай тэрбээр “Одоо эргээд бодож байхад би нэг арга барилаар 5-6 жил барилдчихсан юм уу даа гэж санагддаг. Би ямар ч хүнтэй таарсан энэ мэхээ л хийнэ гээд зүтгээд байдаг, тэгсэн нөгөех нь болдоггүй. Болохгүй болохоор л уначихдаг. Нэг ёсондоо өөрийгөө задалж, өөрийгөө хөгжүүлэхгүй яваад байсан юм болов уу гэж бодогдоод байгаа. Намайг нэгдүгээр курст ирэхэд л багш хэлж байсан. Хүн биеэрээ мэдрээгүй зүйлээ хичнээн яриулаад ойлгодоггүй юм билээ. Харин 5-6 жил барилдаад биеэрээ мэдрээд ирэхээрээ одоо ойлгож эхэлж байна. Уг нь анх багшийг хэлж байхад нь ойлгоод барилдаанаа өөрчлөөд явсан бол арай өөр барилдах байсан ч юм болов уу гэж бодогддог л юм” хэмээсэн.
Улсын наадамд 5 удаа зодоглож начин цол хүртэв
Түүний бөхийн цол сумын заанаас эхэлжээ. Нэгдүгээр курсээ төгссөн хавар нэг их том бөх болчихсон шиг санаж тэр зуны наадмаар аймгийн цол л санаанд нь багтаж байсан гэдэг. Тэгсэн аймгийн наадамдаа очиж барилдаад уначихаж. Залуу насны ааг омгоор уу, эсвэл заавал цол хүртэх гэсэн дэврүүн бодлоор уу ямартай ч тэр шөнөдөө сум руугаа гарч давхиад маргааш нь сумын наадмынхаа дэвжээнд зодоглож сумын заан цол хүртсэн гэдэг. Харин гуравдугаар курсын оюутан байхдаа аймгийн заан цолыг 2007 онд Баян-Өлгий аймгийн наадамдаа зодоглон үзүүрлэж авч байжээ. Тав даван аймгийн цолны болзож хангасандаа ихэд баярлаж байсан гэдэг. Тэр баярласан сэттэлээрээ цааш барилдан дараа жил нь дахин аймгийн наадамдаа зодоглон түрүүлээд арслан цол хүртсэн байна. Арслан болсноос хойш таван жилийн турш улсын наадамд зодоглож өнөө жилийн наадмаар өнгөтэй барилдаж Улсын начин цолоор энгэрээ мялаагаад буй юм.
Тэрбээр улсын наадамд барилдаж байсан тухайгаа дурсан “Хоёр даваад л гурвын даваанд бүдэрчихээд байдаг. 2013 онд аймгийн цолтонтойгоо нугалаанд таараад унасан. 2014 онд улсын начны аманд очоод бас л өвдөг шороодсон. Ер нь Улсын наадам гэж бодож биеэ чангалж зогсож байгаад л уначихаад байх шиг байгаа юм. Ц.Мягмарсүрэн багш маань "Чи эхлээд өөрийгөө ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол чи сайн барилдахгүй" гэж хэлдэг юм. Тэгээд ч тэр үү сүүлийн үед овоо тайван, биеэ барихгүй, чөлөөтэй барилдаж байгаа” хэмээн ярьсан.
Сэтгүүлч эхнэртэй шинэхэн начин
Бөхчүүд гүндүүгүй дээ. Ар гэр, аж амьдралаа арагш тавиад л бэлтгэл сургуулилт гээд л эсвэл аймаг сумын наадамд олон хоногоор яваад өгчихөж ч мэднэ. Б.Баатарцол начин сургуулиа төгстлөө багшийндаа амьдарсан гэдэг. Сургуулиа төгссөнийхөө дараа эхнэртэй болж. Эхнэртэй болсноо багшдаа ч хэлж чадалгуй нуугаад л яваад байжээ. Тэгж яваад нэг л едөр багшдаа хэлээд тусдаа гарсан гэдэг. Түүний гэргий Баян-Өлгийн Буянт сумын хүн. Сэтгүүлч мэргэжилтэй нэгэн аж.
Тэрбээр гэр бүлийнхээ талаар “Тамирчин хүнийг хамгийн гол нь гэр бүлийнх нь хүн ойлгож дэмжиж байж амжилт гаргадаг юм болов уу гзж боддог. Бид чинь бэлтгэл, бэлтгэл гээд өдөржин л явчихна. Ар гэрийн асуудлаа орхигдуулах үе гарна. Би чинь зан чанарын хувьд нэлээд тайван талдаа хүн. Болно доо л гээд явж байдаг юм. Энэ зангаасаа болоод зарим талаар шүүмжлүүлэх үе гарна аа. Гэхдээ боломжоороо л болгоод, зохицуулаад явахыг хичээдэг. Манай гэр бүлийн хүн намайг их ойлгож дэмждэг. Бас хөдөөнөөс аав ээж, ах дүүс минь хоол, махыг минь таслахгүй зөөчихнө. Өнөөдөр мах худалдаж идэхгүй байна гэдэг маань өөрөө их том давуу тал болчихоод байна шүү дээ” хэмээн хөөрөлдсөн байна.
Ийнхүү Баян-Өлгий аймгийнхны 35 жил хүлээсэн улсын цолтон, Улсын начин Б.Баатарцолын бөхийн замналыг товч танилцууллаа. Монгол бөхийн хийморь өөдөө байг.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ