Д.Цэрэнханд: Д.Сумъяа миний амжилтыг ахиуллаа

Олимпийн наадамд Монголын эмэгтэй жүдочдоос хамгийн өндөр амжилтыг үзүүлээд байсан Монгол Улсын гавьяат тамирчин, “Алдар” спорт хорооны бөх Д.Цэрэнхандтай ярилцлаа.
Тэрээр 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын шагналт тавдугаар байранд шалгарсан юм. Энэ нь Монголын эмэгтэй жүдочдын олимпод үзүүлсэн хамгийн өндөр амжилт байлаа. Харин энэ удаагийн наадамд Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль хүртсэнээр жүдогийн түүхэнд шинэ хуудас нээсний зэрэгцээ Д.Цэрэнхандын амжилтыг ахиулсан сайхан үйл явдал боллоо.
-Дэлхийн нийтээрээ Олимпоор амьсгалсан өдрүүд үргэлжилж байна. Энэ Олимпийг та үзэгчийн суудлаас тольдож суугаа. Тамирчдын барилдааны талаар ямар бодолтой байна вэ?
-Бүх л тоглолтыг сэтгэл догдлон хүлээж сууна. Д.Сумъяа маань маш сайхан амжилт үзүүлж, медалийн буухиаг эхлүүллээ. Олимпод оролцоход багийн хүн медаль авахад их сайхан л даа. Барилдаж байгаа бөхчүүд урам авна, сэтгэл нь сэргэнэ. Хүн бүхний нүдэнд баяр баясал тодроод багийнхны уур амьсгал нэг л дотно болчихдог. Мөн олимпийн дэвжээн дээр гараад яахаас ч буцахгүй урам зоригтой барилддаг.
-2008 оны Бээжингийн олимп яг л ийм байсан байх даа. Тийм ээ?
-Үнэхээр бахархам олимп болж өнгөрсөн. О.Гүндэгмаа маань салхийг сайхан хагалсан. Мөн Н.Түвшинбаяр алтан медаль авч ёстой л магнай тэнийх шиг болсон доо. Би Түвшээг алт авсаны маргааш нь барилдсан юм. Олимпоос ялангуяа жүдо бөхийн төрөлд аваргатай болсон шүү гэж бодохоор их л эрэмгий болчихдог юм билээ. Тиймдээ ч би чамлахааргүй амжилт үзүүлсэн байх.
-Та Бээжингийн Олимпод хүрлийн төлөө Кубын бөхтэй таарч ялагдан, шагналт тавдугаар байрт орсон. Медалиас мултарна гэдэг бас л харамсалтай биз?
-Одоо хүртэл би “Тийм мэх хийсэн бол, тэгсэн бол, ингэсэн бол” гэж харамсаж боддог. Хүмүүс ч “Хүрэл авчихсан бол” гэж сэтгэл сэдрээнэ. Гэхдээ спортын талбар хэцүү шүү дээ. Ялагдаж ялж сурах хэрэгтэй. Сэтгэлээ чангалах хэрэгтэй. Тухайн үед би “Дараагийн олимпод даагаа нэхнэ дээ” гэсэн ганцхан л бодол өвөрлөж, дэвжээнээс буусан.
-Тэгээд та “Лондон”-гийн олимпод яагаад оролцоогүй юм бэ?
-Гэмтэл аваад олимпод оролцох боломжгүй болсон. Одоо шавь нараа бэлтгэж байна. “Алдар” спорт хороондоо дасгалжуулагчаар ажиллаж ирээдүй олимпийн аваргуудыг төрүүлэх их хүсэл өвөртлөн ажиллаж байна даа. Өөрийнхөө биелүүлж чадаагүй хүслээ шавь нараараа гүйцээнэ гэж боддог. Одоо миний хүүхдүүд залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод амжилт үзүүлж явна. Удахгүй тив дэлхийд гарна.
-“Алдар” спорт хорооны бөх н.Цолмон эх орноо төлөөлөн олимпийн дэвжээнд барилдлаа. Ер нь жүдогийн тамирчид маань бодож байснаас тааруу амжилт үзүүлээд байна. Та юу гэж бодож байна?
-Тийм ээ. Зарим тамирчин маань биеэ бариад санаандаа хүртэл тулж барилдаж чадахгүй байна. Гэхдээ барилдаан яг дэвжээн дээр гарахаар өөр л дөө. Тэр өдрийн од, аз, биеийн байдал, бэлтгэл, сэтгэл зүй нөлөөлнө. Мундаг сайхан бэлтгэлтэй байсан ч тэр хүний хуруу тулахад л амжилтад муугаар нөлөөлдөг. Хүн бүхний бодож байгаа шиг тийм амархан зүйл биш шүү гэдгийг хэлмээр байна.
-Д.Сумъяагийн аваргын төлөөх барилдаан маргаан дагуулж байлаа. Та юу гэж харав?
-Ер нь аливаа барилдаан шүүгч нараас их шалтгаалдаг. Миний хувьд жаахан аз дутав уу гэж бодсон. Өмдөнд хүрсэн гэж үзсэн бол шууд алт авах байлаа. Мөн чацтай хүн дээр буруу мэх хийчихэв үү дээ л гэж харж суулаа. Гэхдээ Д.Сумъяа маань сайхан барилдсан. Жүдогийн түүхэнд шинэ амжилт эхлүүлж, дүү нартаа урам зориг хайрласан сайхан үйл явдал боллоо.
-Та спортын гараагаа хэрхэн эхэлж байсан бэ. Таны ханийг бас спортын хүн гэж сонссон?
-Тийм ээ. Миний хань аймгийн арслан Алтаншагай гэж хүн бий. Бид биенээ ойлгож ирсэн учраас амжилт үзүүлж их спортдоо үнэнч байсан гэж боддог. Өвөрхангай аймагт төрж өсч, багаасаа спортын хүн болно гэж зорьж байлаа. Тэгээд Монгол Улсад жүдо, самбо бөхийг үндэслэгч, гавьяат дасгалжуулагч Ч.Машбат агсны ууган шавь болж байсан. Тухайн үед өнөөдрийн Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, гавьяат тамирчин Ш.Цэвэлмаа, ОУХМ М.Энхцэцэг нартай хамтран бэлтгэл хийдэг байсан. 1990 оны нийгмийн шилжилтийн хэцүү цаг үед эмэгтэй олон жүдоч спортоо орхиж хувийн амьдралаа хөөсөн ч багшийнхаа анхны шавь хэмээн хүндэлж зааландаа үлдэж байсан даа. Ер нь 1989 оноос өнөөдрийг хүртэл жүдо бөхөөс холдоогүй. Холдоно гэж төсөөлж ч үзээгүй. Одоо жүдогийн татамигаас хөндийрсөн ч дасгалжуулагчийн хувиар “Алдар” спорт хороонд бэлтгэл сургуулилтаа базааж байна. Миний спортын ертөнцөд тамирчин явсан он жилүүд амжилт ололтоор дүүрэн байлаа. “Монгол охид”, “Аварга”, “Алдар”-аар овоглож Бээжингийн олимпийн тавдугаар байр, 2007 оны ДАШТ-ийн долдугаар байрын шагналтай. Азийн наадмын хошой мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн байна.
-2011 оноос таныг спортоосоо хөндийрлөө гэж нэг хэсэг ярьж байлаа. Тэр ямар учиртай юм бэ?
-2011 оны Парисын дэлхийн аваргын тэмцээнээс хойш сэтгэл жаахан тиймхэн байлаа. Гэхдээ би 2015 оны улсын аваргын татамид эргэн ирсэн. Тэгээд 38 насандаа түрүүлж, Монгол Улсын аварга цолыг хүртсэн дээ. Дүү нартаа, жүдогийн халуун ам бүл, шинэ үеийнхэндээ үлгэр дууриалал болж, татамигаа хүндэтгэн тэр тэмцээнд орсон юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ