Ийм л намраар...

Яг нэг ийм л намраар наадмаар гоёсон цэнхэр тэрлэгээ өмсөөд сургуульдаа явдагсан. “Албандаа явлаа даа хүү минь” гэж айлын эмээ хошуу дэвсэж дан дээлнийхээ дотуур хормойгоор аягаа арчаад цай барина. Хавар ирэхдээ л авчирч өгсөн хэдэн чихэрийг хадгалчихсан буцахад өвөртүүлээд л, авчирсан чихэр бид хоёр хамт л буцна. Эмээ өгсөн чихэртэйгээ, сэтгэлээ хүртэл хамт өгчих шиг санагддагсан...
Биднийг явахын өмнөх бар өдрийг тааруулж, Санжаа ах унагаа тамгална. Унаган тамганы гурван хул айраг уулгана. "Гүүтэй айлын гүзээтэй хүүхэд" гэж хөөрөгдөж хул хулаар нь айраг сөгнөнө. Айлын эгч алгирмаадаж хожоод намайг зөндөөн дуулуулдагсан.
Нам гүмийг эвдэлгүй үүдээ зөөлхөн өргөж хаагаад, намрын шөнө нуурын захад очно. Амралтаар ижилсэж, дассан айлын хөвгүүн “Санана даа” гэсэн шиг учиртай ширтэнэ. “Маргааш эрт явна” гэхээр нэг их том хүн шиг санаа алдсан нь саяхансан.
Аавын жаран ес машины цонхоор харахад гэрийнхээ үүдэнд бүгд намайг даллана. Гүүн зэлэн дээрээс алаг гүүний унага алдуурч харагдана. Цангинатал янцгаагаад эх рүү гээ давхих нь цаанаасаа л нэг явмааргүй санагдуулна.
Яг нэг ийм л намраар нутгаа зорихсон...Айлын эмээд очиж үнсүүлэхсэн. Айлын эгчтэй Алгирмаадахсан. Албаар хожигдож айргаар зөндөөн шахуулахсан. “Ботгон” нуурын захаар саахалтын залуутай алхаж, борог өвсөн дундуур хөл нүцгэн туучихсан...Гэргийгээс нь гэмгүй жаахан саатуулж, томоогүй зангаар цэцэг сүлжмээр. Яг нэг ийм л намраар...
Г. Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ