Я.Ариунболд: Давхар иргэншлийг 2181 хүүхдэд олгохоор ярьж байна

img

 

Монгол улсын харъяатын тухай хуулийн 4.1-т зааснаар Монгол Улсын иргэн өөр улсын харъяат байх боломжгүй. Гэвч сүүлийн үед давхар харъяатыг зөвшөөрөх тухай яриа гараад байна. Энэ талаар Консулын газрын захирал Я.Ариунболдоос тодрууллаа.

 

 

-Манай улс давхар иргэншлийг зөвшөөрөх тухай яриа байна. Хэрэв зөвшөөрвөл төрийн өндөр албан тушаалтан гадагшаа оргон зайлах эрсдэл байгаа гэдгийг иргэд хэлж байна. Энэ эрсдлээс яаж хамгаалах вэ?

 

-Гадаадад оронд төрсөн ч Монгол улсын хуулиар манай улсын иргэн болсон  хүүхдүүдийн асуудлыг ярьж байгаа. Үүнийг маш хязгаарлагдмал нөхцөлд, хязгаарлагдмал иргэдийн дунд ярьж байгаа. Хүн насанд хүрсэн буюу, үрчлэгдсэн, гэрлэсэн, өөрийн авьяасаар гадаад хөдөлмөр эрхэлсэн, удаан хугацаагаар оршин суусан гэх мэтийн үндэслэлээр тухайн улсын иргэн болсон нь бий.  Энэ хүмүүст бол монгол улсын байр суурь хэвээр байгаа.

 

-Хилийн чанадад хичнээн хүүхэд төрсөн байдаг вэ?

 

-1998 оноос хойшхи статистик мэдээгээр хилийн чанадад төрсөн 4800 хүүхэд байна. Үүний 2181 нь хоёр улсын зөрүүтэй заалтад орчихоод байна. Тэгэхээр энэ 2181 хүүхдийн асуудлыг өнөөдөр бид ярьж байгаа юм.  Хүүхэд төрөхдөө хаана төрөхөө мэдээж сонгох боломжгүй. Тийм болохоор иргэнээ үндсэн хуульд заасны дагуу хасмааргүй байна. Бодлогын хувьд ч  ямар нэг байдлаар монгол улсынхаа иргэнээ хадгалмаар байгаа юм.

 

 -Тэгэхээр 2181 хүүхдэд давхар иргэншил олгоно гэж үү?

 

-Давхар иргэншил нь Монгол Улсад үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу ямар ч бололцоогүй. Гэвч зөвхөн гадаадад төрсөн хүүхдүүдэд давхар иргэншил олгох асуудал яригдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

-Ямар шалтгаанаар давхар иргэншил олгох гэж байна вэ?

 

-Монгол улс давхар харъяатыг зөвшөөрдөггүй улс. Монгол улсын харъяатын тухай хуулийн 7.1-д эцэг эх нь хоёулаа Монгол улсын иргэн бол тухайн хүүхэд хаана төрснөөс үл хамааран Монгол улсын иргэн байна гэж заасан байдаг. Мөн  Үндсэн хуулийн 15.2-т зааснаар Монгол улсын иргэнийг харъяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэхийг хориглох буюу боломжгүй гэж заасан байгаа. Гэвч АНУ-д манай улсын хоёр иргэний хүүхэд төрлөө гэхэд тэдэнд манай хууль үйлчлэхээс гадна тухайн оршин сууж буй орны хууль үйлчилнэ. Мөн тухайн оршин сууж байгаа улсын эрүүл мэнд, нийгмийн даатгал зэрэг үйлчилгээг авснаар тухайн хүүхдийг төрсөн цагаас нь хойш тэр улсын иргэнээр тооцдог.  Улмаар хоёр улсын зөрүүтэй заалтад орчихсон эцэг, эхчүүд энэ асуудлыг шийдүүлэхээр төр засгийн байгууллагад эртнээс хандах болсон.

 

-Иргэний харъяаллын хуулиар Казахстаны иргэншил авсан Казах Монгол иргэд яах вэ?

 

-1900-ээд оноос хойш 40 гаруй мянган Казах үндэстэн өөрийн эв нэгдлээ илэрхийлэн Казахстан улс руу нүүж тухайн улсын харъяат болсон. Монгол Улсынхаа харьяатаас гарч амжаагүй байхад тухайн улсын иргэн болох асуудлаа шийдүүлээд яваад байсан учир 90-ээд оны сүүлээр 25 мянган казах иргэн хоёрдмол харьяалалтай байсан. Казахстаны талтай зөвлөлдөх уулзалтыг хийсний үр дүнд дээрх тоог 2700 хүртэл бууруулж чадсан.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Өөрийнхөө хүчээр яваа залуус ч зөндөө байдаг ш дээ. Яг ийм асуудлууд гардаг. Энэ хуулийг дэмжиж байна.
2016-09-28
Zochin:
Dan darga nariin hyyhdyyh l biz dee ...
2016-09-14