Даатгуулагчийн итгэлийг алдахаас сэрэмжлээрэй

img

 

 

ЯМАШИТА МАМОРУ

 

ЖАЙКА” төслийн ахлах зөвлөх

 

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийнхамгааллын яам, ЭМНДЕГ-тай хамтран “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэхтөсөл”-ийг хэрэгжүүлж энэ талаарх цуврал нийтлэлийг манай сониноор дамжуулан хүргэж байгаа билээ.

 

УРТ ХУГАЦААНД ТААМАГЛАХ ХЭРЭГТЭЙ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТООЦООЛОЛ

 

Өмнөх дугаарт нийгмийн хамгааллын хоёр гол үүргийг тайлбарласан. Тухайлбал, нийгмийн хамгаалал нь иргэд даатгалын шимтгэлээ төлснөөр ирээдүйн эрсдлээс сэргийлэх боломжтойг ойлгосон учир хувийн хадгаламжаараа худалдан авалт хийж,  эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн тухай, мөн хүн амын дунд залуусын эзлэх хувь их байгаа дээр даатгалын санг бүрдүүлэх нь ирээдүйн тэтгэвэр олголт болон одоогийн аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтад чухал ач холбогдолтой тухай өгүүлсэн билээ.

 

Хүн 20 жилийн дараа хэдэн нас хүрэхээ мэднэ. Үүнтэй адил хэдэн хүн тэтгэвэр авахыг тооцоолох, цаашлаад 20 жилийн дараа хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай, одоо хэдий хэмжээний даатгалын шимтгэл цуглуулах шаардлагатай вэ гэдгийг мэдэх боломжтой юм. Тэтгэврийн тогтолцоо нь өвчин, гэмтэл бэртэл, тэжээгчээ алдах үед чухал дэмжлэг болдог. Тэгэхээр тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэхэд одоогийн хүн амын бүтэц, эдийн засгийн байдлыг үндэслэн ирээдүйд шаардлагатай хөрөнгийн урт хугацааны таамаглал шаардлагатай болно. Энэхүү таамаглалыг “актуар тооцоо”-ны аргачлалаар тооцдог бөгөөд манай төсөл тооцоо хийх  мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхийн тулд нарийн тооцооны программыг бэлтгэж, шинжлэх ухааны үндэстэй таамаглал дэвшүүлдэг нийгмийн хамгааллын тооцооллыг сайжруулахын төлөө туслалцаа үзүүлж, дэмжин ажиллаж байна.

 

 

НИЙГМИЙН ДААТГАЛ ДАХЬ ТӨРИЙН ҮҮРЭГ

 

 

Тэтгэврийн системийг удирдахын тулд төрийн үүрэг чухал байр суурь эзэлдэг. Тухайлбал, нэг сая төгрөгийн хуримтлалыг үүсгэхийн тулд хүн бүр сард 10 мянган төгрөг цуглуулж болно. Мөн 100  хүн тус бүр 10 мянгыг цуглуулж болно. Нэг хүн дээр тооцож үзвэл найман жилийн дараа дээрх хуримтлалыг бүрдүүлэх боломжтой. Харин 100 хүн цуглуулбал нэг удаагийн хураалтаар бүрдүүлнэ. Үүнд  “даатгал”-ын утга учир оршино. Даатгалын үйл ажиллагааг төр биш хувийн даатгалын компанид хариуцуулж болох хэдий ч дараах асуудалтай тулгарна. Нэгдүгээрт 100 хүн нийлээд тус бүр 10 мянган төгрөг хуримтлуулахад түүнийг зарцуулах тухай дүрэм журмыг бүгд санал нэгдэн хүлээн зөвшөөрөх ёстой. Хуримтлал үүсгэсэн хүмүүс насны ялгаатай бол зөрчил үүсэх магадлал өндөр. Өөрөөр хэлбэл, тэдгээр 100 хүний нэг нь ослоор гэмтэж бэртэх тохиолдолд 500 мянган төгрөгийн тусламж үзүүлье гэж үзвэл 100 хүний ихэнх нь залуучууд байвал тэд дургүйцэх хандлага гаргана. Иймд аль болох залуу хүнийг бүлэгтээ авах сонирхол нэмэгдэнэ. Ингэснээр тэтгэвэр, тэт­гэмж авах магадлалтай хү­мүүс даатгалд хамрагдаж ча­дахгүйд хүрнэ гэсэн үг. Үү­нээс сэргийлэхийн тулд төр нийт хүн амыг албан даатгалд хамруулах тогтолцоо нь нийгмийн даатгалын тогтолцоо юм. Ха­рин нийгмийн даат­галыг хариуцаж буй улс орны хувьд хамгийн чухал нь даат­гуулагчдын “итгэл” юм.

 

 

АЛДСАН ИТГЭЛИЙГ ОЛЖ АВАХЫН ТУЛД...

 

 

Дээр үед Японд даатгуулагчдын итгэлийг алдахад хүргэсэн томоохон хэрэг гарч байсан. Япон улс 1961 он гэхэд бүх иргэдээ нийгмийн даатгалд хамруулж чадсан. Үүнээс гурван жилийн дараа буюу 1964 оны тоон мэдээллээс үзвэл даатгалын шимтгэл төлөгчдийн тоо 37 саяд хүрсэн. Монгол Улсын нийт хүн амаас 10 дахин их даатгуулагч байна гэсэн үг. Тухайн үед цахим төхөөрөмж байгаагүй тул хүмүүсийн мэдээлэл, тэмдэглэлийг удаан хугацааны турш бүртгэж явах нь асар их хөдөлмөр шаарддаг байлаа. Янз бүрийн шалтгаанаар ажилтан ажлаас гарахад холбогдох тэмдэглэлүүдийг шинэчлэн бүртгэх шаардлагатай. Урт удаан хугацаанд энэ төвөгтэй ажлыг улсын байгууллага хийж иржээ.

 

 

Одоогоос 10 жилийн өмнө тэтгэврийн мэдээллийн бүртгэлд алдаа байгааг илрүүлсэн байна. Даатгуулагч олон жилээр төрдөө итгэн нийгмийн даатгалын шимтгэлийг  төлсөөр ирсэн боловч бүртгэлийн хяналт тооцоо буруу байсны улмаас иргэдийн тэтгэвэр, тэтгэмж авах хэмжээ багасахад хүрчээ.Харамсалтай нь энэхүү хэргээс болж зөвхөн бүртгэлийн төдийгүй тэтгэврийн тогтолцооны нийт үйл ажиллагаанд итгэх иргэдийн итгэл алдарсан юм. Тиймээс бид одоо ч тэр алдсан итгэлээ олж авахын төлөө хичээн ажиллаж байна.Одоогоор Япон улсын даатгалд хамрагдагчдын тоо 67 сая орчим, тэтгэвэр авах эрхтэй иргэдийн тоо 40 орчим сая байдаг. Мөн жил бүр даатгалын шимтгэлийн орлого 35 их наяд иенээр нэмэгдэж, тэтгэвэр олголтод 54.2 их наяд иенийг зарцуулж буй. Цаашид ч ард иргэдийнхээ итгэлийг алдахгүйн тулд Япон улс анхаарлаа хандуулж байгаа билээ.

 

 

Тус төсөл нь даатгуулагчийн итгэлийг алдалгүй, өдөр тутмын үйлчилгээг сайжруулахын төлөө Монгол, Япон хоёр орны нийгмийн даатгалын салбарын ажилтнууд харилцан санал бодлоо солилцож, туршлага судлах зорилготой. Мөн үйл ажиллагааны чанар, үйлчилгээг сайжруулах, актуар тооцоо болон тэтгэврийн бүртгэл тооцоо зэрэг үйл ажиллагааг харилцан суралцаж байна. Түүнчлэн хоёр орны нийгмийн даатгалын үйлчилгээг сайжруулан даатгуулагчдын “ИТГЭЛ”-ийг улам нэмэгдүүлэх нь манай төслийн эцсийн зорилго билээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ