Сүүн зам

СҮҮН ЗАМ-ын “инжэнаар” Р.ТӨРХҮҮ: Хүмүүс зам дээр уулзаж, замаа дуустал хамт алхах гэдэг их хувь тавилан
“1962 онд Завханы Сонгиноос цэрэгт энд /Дарханд гэж буй бололтой/ ирсэн. Механикч мэргэжилтэй учир автобатальонд хуваарилагдсан. Тэр үед цементийн цагаан тоосгон үйлдвэрүүд ид барьж байсан тул тэнд ажиллаж байлаа. Дараа нь цэргээсээ халагдаад тэгээд л энэ энгийн газруудаар. Зам ангид 15 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан юм” гэж хуучлах Г.Төрхүү гуай энэ жил 76 настай. Дархан хотын Древений анхны оршин суугчдын нэг.
Г.Төрхүү гуай бол бүтээлч хөдөлмөрч өгөөмөр сэтгэлтэй нэгэн. Тэрбээр өөрийн амьдарч буй гудамжинд зам тавьж эхлээд 1 жил 6 сар болж байгаа аж.
“...Айлууд олон болоод ирэхийн зэрэгцээ тал талаас нь хашаа бариад дундаа шавар овоороод, зун хаврын улиралд бороо ороод шаварт нь машинтай хүүхдүүд овооролдоод бөөн л юм болдог байхгүй юу. Тэгээд ноднин хавраас эхлээд нэг ийм зам хийчихвэл яасан юм бэ гэж бодоод эхэлсэн...” гэж сэтгэл тэнэгэр өгүүлэх энэ бууралд өөрт нь бол хөдөлдөг дөрвөн дугуйт байтугай хоёр дугуйт ч байхгүй. Замынхаа шороо чулууг зөөдөг түрдэг тэвштэй тэрэг л бий. Түүнийх нь нэг дугуй тавин мянга. 150 метр зам босгох гэж 70 гарсан өвөөгийн гарт жил 6 сар зүтгэхдээ дугуйгаа хоёр удаа солиулсан. Тэвшээ нэг удаа томруулснаас байнга л даац хэтрүүлж ажиллаж байгаа эд юм байна.
“Шороогоо ямар нэг машин техник хэрэглэхгүй тэргээрээ л зөөдөг. Тэгээд одоо энэ машины дугуй эвдрээд ноднин нэг дугуй сольж тавьсан. Энэ тэрэгний дугуй хамгийн багадаа 55000 төгрөг байгаа. Энэ тэргийг 108000-аар авсан юм. Тэгээд дээд тэвш нь дороо эвдрээд уначихаар нь дахиж гуйж байж ийм сайн юм хийлгэж авсан юм...” гэж Г.Төрхүү гуай хуучилсан.
Г.Төрхүү гуай бол ёстой аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн хар ухаантай, холч хараатай хүн. Монгол аргалаа нойтон өвстэй зуураад замынхаа нэг үеийг хийж байгаа. Аргалаар алтан шар зам босгож байгаа буурал.
“...Замын өнгөний овгор товгорыг тэгшилж байгаад дээр нь улсуудын хаясан туйпуу цементний хагархайг олж ирээд л асгана. Тэгээд бас нурсан байшингуудын сайхан цементүүд байна. Түүнийг түүж авчирч хийгээд дээр нь үхрийн баас өвс хоёрыг холиод хийдэг. Намар үхэр хэвтэх болохоор хашааны зэрлэгийг түүж байгаад дээр нь хэвтүүлчихээр нэг ийм зузаан бор юм болдог юм. Тэгээд тэрийгээ хуулж авчирч тавиад дээрээс нь жаахан элс хайрга хийгээд дараа нь хар шороогоо хийгээд, ахиж чулуугаа, тэгээд үхрийн баасаа хийгээд дээрээс нь голын нарийн хайргаа хийгээд зам тавьж байгаа юм” гэж өөрийн зам тавих өвөрмөц аргаасаа хуваалцаж байна.
Орон нутгийн төсвөөр бол тэрбумаар ярьж байж эхлүүлэх замыг 2 дугуйт түрдэг тэргээр эхлүүлсэн Б.Төрхүү гуай энэ замаа СҮҮН ЗАМ гэж нэрлэсэн аж. Эмэгтэйчүүд голдуу л тусалдаг болохоор ингээд нэрлэсэн юм гээд удаанаар инээх энэ бууралд хаанаас ийм их сэтгэлийн тэнхээ, уужуу тайвныг олж байгааг харахыг л хичээж суулаа.
Г.Төрхүү өвгөн алдар нэр, уриа цуурай хүсээгүй. Энэ замаа холхон шиг сунайлгаад урдах зүлгэн дээр нь хүүхдүүд тоглуулаад цайгаа оочиж суух энгүүн нэг жаргалыг л төсөөлж хичээж яваа. Г.Төрхүү гуай шавар намагт суух бухимдлаа төрд гаргаж, засаг даргадаа өргөдөл бичилгүй өөрөө хөдлөөд зам тавьчих хэрэгтэй гэсэн зөв шийдлийг бусдад үлгэрлэсэн хөдөлмөрч буурал.
Түүний замыг хэрхэн бэхжүүлэх цааш жоохон явуулах талаар ярилцаж бид хэд хэдэн удаа уулзсан юм. Энэ удаад одоо тавьсан байгаа замыг нь нарийн хайрга /оцив/ зэргээр бүрээд хашлага хаалт боржур хийгээд авбал болох юм байна гэж бид ярилцлаа.
Улс орны хэрэг зориг улс төржилтөөс өөрөөр яригдахгүй. Уруудсан буруудсан мэдээгээр бие биесээ утаж суухад хажуухан дэргэд нэг буурал хүрзээ барьж гараад аргалаараа зам тавьж байна. Өөрийнхөө байшин худаг хоёрыг холбож зам тавьсангүй. Унаа машинтай залууст амар юм болов уу гээд гудмаа өгсүүлээд намган дээр зам тавьж байна. Өглөө таван цагаас үдэш болтол сүүн замаа бөөцийлж жил зургаан сар болжээ. Аль болох олон залуус, иргэдийг хамруулж энэ зам дээр хөдөлье гэж уриалмаар. Нэгэн цагт нүцгэн гараараа шахуу яг ийм тэрэг түрээд аж үйлдвэрийн комбинат, арьс ширний үйлдвэрийг босгож хот улсаа хөгжүүлсэн алтан үеийн ахмадуудын бараг сүүлийн гэж болох амьд жишээ, хөдөлмөрч буурал Г.Төрхүү гуайн сэтгэлийн зам дээр нэгдэцгээе.
Орон нутгийн төсвөөр бол 3 тэрбумаар ярьж байж эхлүүлэх замыг 2 дугуйт түрдэг тэргээр эхлүүлсэн бууралыг дэмжиж хүрз хайрга шидэцгээе.
Файсбүүк хуудас: https://www.facebook.com/suunzam/
“СҮҮН ЗАМ” аянд нэгдэх утас : 94448696
Сүүн замын “инжэнаар” Г.Төрхүү гуай өгүүлсэн нь:
...Надад тусалж байгаа хөдөө явсан нэг хүүхэд байна. Тэр надад голоос хайрга, нарийн шороо зэргийг ачиж ирж өгсөн юм.
Энүүгээр хүүхдүүд тэр шаварт ороод суучихгүй байгаасай гэж бодоод л энэ замыг тавиад байгаа юм...
...Сонгуулиар замын талаар ярьдаггүй, хогны талаар л ярьдаг байсан. Энэ хүүхдүүд сонгуульдаа амжилттай оролцоод энэ хэдэн гудамжны замыг сайхан янзлаад хүүхэд хөгшид хажуугаар нь тоглоод байх боломжтой нийтийг хамарсан ажил хийгээсэй гэж хүсч байна.
...Зарим нь энэ өвгөн гудамжинд үхрийн баасаа овоолж хог тарилаа гэж ярьж байсан. Тэгээд сүүлд нь энэ замыг хараад хэрэгтэй юм байна гэж ярьж байсан.
...Энэ хавар харин энэ 4 хүүхдийн ачаар тэр үзүүрийн 30-аад метр замыг дор нь тавьчихсан. Хүн туслахаар чинь сайхан юм. Насаараа хийж ирсэн ажил учир тэрийгээ үргэлжлүүлье гэж бодоод энэ зам тавих ажлыг эхлүүлсэн. Одоо ингээд та бүхний өмнө яриад зогсож байгаадаа баяртай байна...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ