Нууцын зэрэглэлийг үзэмжээр тогтоодгийг “хална”

Хууль төрөхийн өмнө
Сүүлийн үед төрийн нууцыг задаллаа, хариуцсан албан тушаалтан “ам алдлаа”, мэдээлэл алдагдлаа гэх зэргээр чих дэлсэх болсон. Харин үүний цаана хариуцлага тооцох механизм хэр явагдаж байгааг бүү мэд, шалгагдаж байна, барим нотолгоо үндэслэнэ гэж зэрэг мэдээлэл хөвөрч байгаад намждаг.
Саяхан нийт 362 төрийн байгууллагыг хамруулсан хяналт, шалгалтыг явуулжээ. Уг хяналт, шалгалтаар 1837 зөрчил илэрсэн байна. Үүний 40 хувь нь мэдээллийн технологи, сүлжээний орчинд төрийн нууцыг хадгалах, хамгаалахтай холбоотой, 34 хувь нь төрийн нууцын албан хэрэг хөтлөлт, бүртгэлтэй холбоотой, 21 хувь нь төрийн нууцтай харьцах албан тушаалтантай холбоотой, 5 хувь нь биет хамгаалалттай холбоотой зөрчил тус тус эзэлсэн байна. Хамрагдсан байгууллага бүр тодорхой хэмжээний зөрчилтэй гарчээ. Энэ нь улсын хэмжээнд төрийн нууцыг хадгалах, хамгаалах ажил хангалтгүй байгааг харуулж байгаа хэрэг. Ер нь Монгол Улсад төрийн нууц хамгаалах тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, техник, технологийн түвшин, хүний нөөцийн асуудал нь цаг үеийн шаардлага хангахгүй болсныг нэг илрэл.
Төрийн нууцын тухай хууль анх 1995 онд батлагдажээ. Хууль батлагдсанаас хойш нийт 5 удаа нэмэлт өөрчлөлт орсон ч өнөөгийн цаг үеийн хэрэгцээнд нийцэхгүй байгаа аж. Тухайлбал, мэдээллийг нууцад хамааруулсан, нууцалсан төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хууль бус, хүний мэдэх эрхийг зөрчсөн гэж үзвэл иргэн, хуулийн этгээд гомдол гаргаж шийдвэрлүүлэх, шүүхэд хандах эрх зүйн үндэс бүрдээгүй аж.
Төрийн нууцад хамаарах мэдээллийг нууцлах хугацаа хэт урт, нууцлах хугацаа, нууцын зэрэглэл хоорондоо уялдаа холбоогүй, нууцын зэрэглэлийг тогтоох шалгуур байхгүй байгаа аж. Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд төрийн нууцыг нууцлах дээд хугацаа 60 жил, мөн нийт 14 төрлийн мэдээллийг “байнга” нууцлахаар заасан нь практикт бэрхшээл учруулдаг байна.
Мөн хуульд зарим төрлийн нууцын зэрэглэлийг заагаагүй, хэрхэн тогтоох нь тодорхойгүй, зэрэглэлийг тогтоох үндэслэл, шалгуур байхгүй, нууцлах хугацаа болон нууцын зэрэглэл уялдаа холбоогүй зэрэг нь нууцын зэрэглэлийг тогтооход хүндрэл учруулж, практикт албан тушаалтнууд үзэмжээрээ зэрэглэлийг тогтоох нөхцөл бүрдүүлжээ.
Иймд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг Ерөнхийлөгчийн зүгээс санаачлан УИХ-аар хэлэлцүүлж байгаа юм. Уг хуулийн төсөл нь нийт 7 бүлэгтэй. Төрийн болон албаны нууцыг хамгаалах байгууллага, албан тушаалтан, иргэний нийтлэг үүрэг, нууцад хамаарах мэдээллийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаар шинээр зохицуулалт оруулжээ.
Хуулийн төсөлд төрийн нууцын жагсаалтын хүрээнд салбар, байгууллагын хэмжээнд хамаарах төрийн нууцын дэлгэрэнгүй жагсаалтыг Засгийн газар тогтоох, албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг эрхэлсэн сайд болон байгууллагын дарга баталж байхаар тусгасан байна. Нууцлах хугацаа нь дуусгавар болсон, эсхүл нууцлах шаардлагагүй болсон мэдээ, баримт сэлтийг ил болгох ажиллагаа шат дамжлага ихтэй, ил болгох шийдвэрийг зөвхөн УИХ гаргадаг эрх зүйн зохицуулалтыг нягтлан үзэж, нууцлах хугацаа дуусахын өмнө үргэлжүүлэн нууцлах, эсхүл ил болгох асуудлыг байгууллага, албан тушаалтан тагнуулын байгууллагын саналыг авсны үндсэн дээр шийдвэрлэж байхаар заажээ.
Мэдээллийг нууцлах хугацааг сунгах, эс сунгах асуудлаар тухайн салбарын байгууллага санал гаргаагүй бол дахин мөн хугацаагаар сунгагдах зохицуулалтыг төсөлд шинээр нэмсэн байна. Түүнчлэн мэдээллийг нууцлах хугацааг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн нууцын зэрэглэлээс хамааран харилцан адилгүй байх, нууцлах дээд хугацаа 30 жил, шаардлагатай бол хугацааг үргэлжлүүлэн сунгах боломжтой байхаар зохицуулсан аж.
Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нийт 14 төрлийн мэдээллийг “байнга” нууцлахаар заасан байдаг аж. Үүнээс тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын нууц гүйцэтгэх ажилтан, эдгээр байгууллагатай нууцаар хамтран ажиллаж байсан болон нууцаар хамтран ажиллаж байгаа хүн, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтад авсан хүний талаарх мэдээллийг “байнга” нууцлах зохицуулалтыг хэвээр үлдээж бусад мэдээллийг тодорхой хугацаанд нууцлахаар заажээ.
Ийнхүү төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулснаар эрхзүйн шинэчлэлт хийгдсэнээр холбогдох салбарынхны үүргээ ухамсарлаж хариуцлагаа ч чангатгах биз ээ.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ