Д.Рэгдэл: Бидэнд санхүүжилт дутаад байна

img

“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан тус салбарын академич, эрдэмтэд  өөрийн бүтээл, номоо Улсын үндэсний номын сан болон ШУА-ийн Эрдэм шинжилгээний номын санд хандивлалаа. Энэ үеэр ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлтэй цөөн хором хуучиллаа.

 

 

-Олон улсын шинжлэх ухааны хөгжилтэй өөрийн улсаа харьцуулбал хөгжил ямар төвшинд байна вэ?

 

-Үүнийг цөөн үгээр тайлбарлахад төвөгтэй. Ерөнхийдөө тухайн улс орны шинжлэх ухааны салбараас гаргаж буй бүтээгдэхүүнийг үнэлдэг тоон үзүүлэлт гэж байдаг. Жишээ нь, онолын судалгааг үнэлдэг гол хэсэг бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Impact factor” сэтгүүлд хэчнээн өгүүлэл бичсэн. Мөн тухайн өгүүллээс дэлхийн хэчнээн эрдэмтэн ишлэл авсан зэргээс хөгжлийг нь тодорхойлж болно. Энэ үзүүлэлтээр манай улс нэлээд ахицтай яваа. Тодруулбал, Азийн орнуудаас 19 дүгээрт жагсаж байна. Энэ нь гурван сая хүнтэй манай улсын хувьд өндөр үзүүлэлт. Нөгөөтэйгүүр шинжлэх ухааны салбараас үйлчилгээнд хэчнээн тооны, ямар бүтээгдэхүүн нэвтрүүлсэн болон түүний эдийн засгийн үзүүлэлт ямар байгааг илэрхийлсэн үзүүлэлтээр шинжлэх ухааны хөгжлийг тодорхойлж болно. Энэ талаараа манай шинжлэх ухаан бусад орноос хоцорч байгаа. Энэ нь манайд орчин үеийн техник, технологитой үйлдвэрлэл хөгжөөгүйтэй холбоотой. Бусад орны эрдэмтэд хаана шинэ техник, технологи нэвтэрсэн байна түүнийг даруй олж, хэрэглэдэг. Бидэнд тийм эдийн засгийн боломж байдаггүй. Тиймээс шинжлэх ухааны хөгжилд хамтын хүч хэрэгтэй байна.

 

-Шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд улсаас жилд хэдэн төгрөг төсөвлөдөг вэ. Гаднын улс орон уг салбарыг хэрхэн санхүүжүүлдэг бол?

 

-Энэ онд хүлээгдэж буй улсын төсвөөр бол 30 орчим тэрбум төгрөг байна. Энэ нь 12 сая ам.доллар болно. Манай нэртэй эрдэмтэд гаднын оронд нэг төсөл дээр ажиллахад доод тал нь 12 сая ам.доллор авдаг. Ер нь өндөр хөгжилд хүрэхийг зорьж буй орон хамгийн түрүүнд шинжлэх ухааны салбарын хөгжлийг урдаа тавьдаг юм.  Тухайлбал 2007, 2008 оны эдийн засгийн хямарлын үед Америк шинжлэх ухааны салбарын санхүүжилтээ хасаагүй. Харин ч  31 тэрбум ам.доллароор нэмж санхүүжүүлсэн. Хямралын үед шинжлэх ухаанаа дэмжиж байж хямралаас гардаг. Орчин үеийн жишгээр хөгжье гэвэл хамгийн түрүүнд шинжлэх ухааны салбараа дэмжих ёстой. Гэтэл манайх олон шалтаг тоочдог. Дээр нь төр, шинжлэх ухаан, бизнес гэсэн гурван салбарын итгэлцэл муу байдгаас шинжлэх ухааныг дэмжих бодлого хангалтгүй байдаг.

 

-Манайд шинжлэх ухааны салбарын хөгжилд юу саад болж байна вэ?

 

-Манай улсын хувьд энэ салбарын санхүүжилт туйлын хангалтгүй байдаг нь гол бэрхшээл. Санхүүжилт хангалтгүй байгаа учраас дэлхийд мэдлэг хэмээх бүтээгдэхүүн үйлдвэрлэх төвшинд ажиллах ёстой хүний, эрдэмтдийн цалин улсын дундаж цалингаас 50 хувь доогуур байна. Тиймээс энэ салбарт эрдэм мэдлэг, эрч хүчтэй залуу хүн ажиллахад хэцүү. Энэ салбарын ажилчдын цалинг нэмэх шаардлагатай байна. Манай салбарын санг бүрдүүлдэг ганцхан эх үүсвэр бий. Тэр нь улсын төсөв. Тиймээс эх үүсвэрийг доод тал нь гурав болгох хэрэгтэй. Хоёр дахь бэрхшээл нь уг салбар төрийн бодлоготой холбоотойгоор салбарын судалгаануудын тоног төхөөрөмж хоцрогдсон. Монголд судалгаа хийгээд, үр дүнг нь дэлхийн томоохон сэтгүүлд хэвлүүлье гэвэл хүлээн авахгүй. Яагаад гэвэл ашигласан багаж нь хуучин, дэлхий нийтийн шаардлагыг хангадаггүй. Тиймээс манай судлаачид гадаад харилцааны боломжийг ашиглан, гаднынхны санхүүжилтээр судалгаагаа хийдэг. Тиймээс онол, судалгааны үр дүн өндөр гардаг.

 

-Манай эрдэмтдийн сүүлийн үед хийсэн нээлтээс сонирхуулахгүй юу?

 

-Манай залуу эрдэмтэд тун чадварлаг. Монгол эрдэмтэн гадаадад эрдмийн зэргээ хамгаалаад буцах болоход багш нар нь гадаадын олон эрдэмтдээс тэднийг л авч үлдэх, тэндээ үлдэж ажиллахыг хүсдэг. Мөн монгол эрдэмтэд орчин үеийн багаж төхөөрөмж, техник дээр ажиллаж үзээгүй, зөвхөн ном хэвлэлээс л олж харж байсан зүйлээ дэлхийн аль ч оронд очиж ажилласан  гуравхан сарын дотор хэрэглээд, ашиглаад сурчихдаг. монгол залуучууд гадаад хэл сурах чадвар өндөртэй.  Энэ нь маш том давуу тал.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ