Үнэд хүрэх АН-ын даргын суудал

АН өнөөдрийн тухайд их шинэчлэлийн өмнөх завсрын үеийг туулж байгаа. Завсрын энэ үед хэн нэг нь бусдыгаа үймүүлж бужигнуулах, фракц хоорондын хор найруулга идэвхижих гээд юу эс өрнөх билээ. АН шинэчлэлд тэмүүлж, намын дүрмээ дахин боловсруулж, Их хуралдаа бэлтгэхийн завсар фракцуудын тэмцэл хүчээ авч, олны нүдэн дээр өрнөж эхэллээ.
Шинэчлэл, дүрмийн өөрчлөлт, Их хурлыг АН-ын жирийн гишүүдээс эхлээд т аль ч фракцууд хүлээн зөвшөөрч байгаа. Харин намын дүрэмд оруулах өөрчлөлт, Үндэсний зөвлөлдөх хорооны бүрэлдэхүүн, намын удирдлагыг сонгох асуудал дээр фракцуудын нанчилдаанд аль нь ялах бол гэж олон нийт нүд хужирлаж байна. Үүнийг бүлэглэлүүдийн санал болгосон намын даргыг сонгохгүй гэх гишүүн Ж.Батзандангийн байр суурь, Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж хэлснийхээ төлөө АТГ-д дуудагдлаа гэх Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн мэдэгдэл зэргээс харж байна.
Парламентад суудалтай улс төрийн хүчний хувьд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөнө. Үүний өмнө шинэчлэлтэй зэрэгцэн намын удирдлагад төлөөллөө гаргаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилогчид АН-д цөөнгүй. Гэхдээ АН-ын задрал, бутрал фракц бүлэглэлүүдээс үүдэлтэй, дээр нь намын удирдлагууд дүрмээ зөрчиж, дур зоргоороо авирласнаас тогтолцоогоо нураасан гэдгийг жирийн гишүүд нь шүүмжилдэг. Тиймээс л намын шинэчилсэн дүрмээ мөрдөх, намын дарга нарын хүлээх хариуцлагыг чангатгах хэрэгтэй гэж гишүүд нь үзэж байна лээ.
Намын удирдлага ч дүрэм, журмын дагуу нэр дэвшин өрсөлдөж, сонгогдоно. Энэ удаагийн АН-ын даргын суудал туйлын үнэ цэнэд хүрээд байгаа. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН-д шинэчлэл явагдаж байна. Шинэ дүрмийн дагуу намын бүтэц зохион байгуулалтууд байгуулагдаж, намын даргын сунгаа явагдана. Тусгай журмаар явагдан намын даргын сунгаанд горилогчдын өрсөлдөөн ширүүсэх нь мэдээж. Хэн нь анхан шатнаасаа эхлээд аймаг, дүүрэг, дунд шатны намын хороодод өөрийн хүмүүсээ даргаар томилуулж, хүрээлүүлж чадсан нь олонхийн санал авах байх. Учир нь бүх шатны намын дарга нар шинэчлэгдэх юм. Цаашлаад намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж нээгдэнэ. Гэхдээ энэ удаад стандарт бус дүрэм ч үйлчилж магадгүй. Учир нь намын дүрэмдээ “Намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ “ гэх эсэх нь намын гишүүдийн гэхээсээ фракцуудын олонхийн саналыг авах эсэх нь эргэлзээтэй. Фракцууд удирлагууд өөрсдийн хүнээ намын даргаар томилоод, олонхиороо дэмжүүлэн Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших өрсөлдөхийг үгүйсгэхгүй. Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан, экс гишүүн Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин гээд намын даргад нэрээ дэвшүүлэхээ мэдэгдээд байгаа эрхмүүдийн нэрс хөвөрч байна. Нөгөөтэйгүүр фракцуудиас ч өөрсдийн хүнээ өрсөлдүүлэхээр Их хурлын төлөөлөгчөөр сонгох эрхмүүдийг лоббидоод эхэлсэн биз. Энэ сарын 06-нд болох Их хуралд төлөөлөгчөөр сонгогдох гишүүдийг намын анхан шатны байгууллагууд хуралдан тодруулсан байгаа.
Ер нь Н.Алтанхуягийн “Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэ” гэдэг мэдэгдэл намын даргад өөрийн хүнээ томилуулна гэсэнтэй агаар нэгэн. Цаашлаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарын хоорондын хагарал ил гарсан. Цаашлаад Ерөнхийлөгчөөр сонгогдсон эрхмүүд бүрэн эрхийн хугацааны явцад, ялангуяа дуусгавар болох шатандаа намынхантайгаа зөрчилддөг нь бичигдээгүй хууль. Хамгийн сүүлийн жишээгээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАН нэрээ өөрчилсний дараагаар МАХН-ыг дахин сэргээж, өрх тусгаарласан. Энэ үйл явдал эдүгээ АН-д давтагдаж байна.
Ийнхүү АН-ын даргын албан тушаалыг Ерөнхийлөгчийн сонгууль үнэд хүргэлээ. Аль ч намд фракц, бүлэглэл үйлчилдэг. Тэр дундаа АН фракцгүй болно гэдэг үлгэр. Харин шинэчлэлийн явцад хэний фракц хүчтэй, эвтэй байж, шинэ АН-ыг удирдах, хэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь шинэ оны эхэн, Сар шинийн босгон дээр тодорхой болох биз.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ