Макихара Сойчи: Онц сурсан оюутан бүрт тэтгэлэг олгоно

img

Япон улсын хөрөнгө оруулалттай “Соёл эрдэм” дээд сургуулийг үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга Макихара Сойчитой ярилцлаа.

 

 

-Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

 

-Намайг Макихара Сойчи гэдэг. Би ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн малчин айлд төрж, өссөн. Одоогоор Япон улсад эхнэр хүүхдийн хамт амьдарч байна. Япон улсад амьдраад 30 гаруй жил болжээ.

 

-Монголд анх ямар зорилгоор хөл тавьж байв аа?

 

-Би монголд анх 1990 оны үед ирсэн. Боловсролын яамны дэргэдэх “Хүүхэд боловсролын төв” гэдэг газарт олон улсын гадаад харилцааг хариуцан 10 гаруй жил ажилласан. 1990 оноос өмнө бол монголчуудын хувьд Япончууд дайсан байсан. Тиймээс Япон Монголын залууст хоорондоо уулзаж, чөлөөтэй ярилцах боломж байсангүй. Харин 1991 онд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд анхны аялал жуулчлалыг хүлээн авч байсан. Монголын тал нутгаар мориор аялах аялалыг бидний хэдэн нөхөд зохион байгуулж байлаа. Тухайн үед Монголд ирэхэд Япон хэл мэддэг орчуулагч цөөхөн байсан. Байсан нь их сургуулийн багш, дайнаас өмнө Япон улсын их сургуульд суралцаж байсан настай хүмүүс байлаа. Тиймээс аялал жуулчлал хийхээр ирсэн хүмүүс ярилцаж байгаад Япон Монголын хооронд гүүр болох хүмүүсийг хүмүүжүүлэх нь чухал гэж үзэж Япон хэлний сургуулийг монголд байгуулахаар болсон. Тухайн үед аялахаар ирсэн 300 гаруй хүн намайг энэхүү сургуулийг байгуулвал бүгд тусалж, дэмжин хандив өргөхөөр болж, хүн бүр 10 мянган иен хандивласан. Тухайн үед Монголд Япон хэлний сурах бичиг байгаагүй. Японоос сурах бичиг авчрах, хэл заах багшийг цалинжуулах зэрэгт хандиваа зарцуулж байлаа. Анх хоёрдугаар ангийн оюутан охин сургуулиасаа нэг жилийн чөлөө авч хүрэлцэн ирж Монголд Япон хэлийг зааж байсан. Ингэж л Япон хэлийг Монголчуудад зааж, сургах зорилгоор “Соёл эрдэм” дээд сургууль байгуулагдсан түүхтэй.

 

-Тухайн үед Япон хэл сурах эрмэлзэлтэй Монгол хүн олон байв уу?

 

-Бид 20, 20 хүнтэй хоёр анги л гаргахаар төлөвлөж байсан ч 200 гаруй хүн Япон хэл сурах сонирхолтой буйгаа илэрхийлэн анх бүртгүүлж байлаа.  Бүртгүүлсэн ч шалгалтандаа унасан зарим нь сурмаар байна гээд уйлаад сууж байсан удаатай. Үүнээс бид монголын залуус Япон хэл сурахыг ихэд эрмэлзэж байгааг харж байлаа.

 

-Тэгэхээр таныг монгол залуучуудад Япон хэл, Япон соёлд суралцах үйлсийг түгээсэн хүмүүсийн нэг гэж ойлгож болох нь ээ?

 

 

-Тэгж хэлж болно. Өнөөдөр Япон улсын Элчин сайдын яаманд ч манай сургуулийн төгсөгч 7-8 хүн байна. Аялал жуулчлалын салбарт манай төгсөгчид олноор ажиллаж байгаа. Гурван жилийн өмнө гаргасан судалгаагаар Япон улсад ажиллаж амьдарч буй төгсөгчийн тоо 1000 гарсан байна лээ. Япон бол хөгжсөн орон. Монгол Улс бол  Ази тивийн орнуудаас үг хэл, утга соёлоороо Япон улстай ойролцоо хөгжилтэй. Мөн зөвхөн үсэг бичиг бус сэтгэхүйн тал дээр Япон, Монголчууд хоорондоо татагдсан гэж хэлж болно. Өвөр монголчууд Япон улсын ард түмнийг нагацын тал гэж ярьдаг. Япончууд ч Монголчуудыг мах цусны барилдлагатай гэж эелдэг хүлээж авах нь бий. Миний хувьд Япон Монголын гүүр болоод зогсохгүй эх орны хөгжилд хувь нэмэр үзүүлж яваа л гэж өөрийгөө боддог юм.

 

-Монголчуудын Япон хэл суралцах чадвар хэр хөгжиж  байна вэ?

 

-Монголчууд ярианы хэл сурахдаа сайн. Гэвч ханзнаас халшраад байх талтай /инээв.сур/.  Ханзаа сайн сурахгүй бол Япон хэлийг төгс эзэмшиж чадахгүй.

 

-Олон залуус гадаадад тэтгэлэгээр суралцахыг хүсдэг. “Соёл эрдэм” сургууль Япон улсын их сургуулиудад тэтгэлгээр оюутан элсүүлдгээр онцлогтой. Энэ талаар тодруулахгүй юу?

 

-Монголын эдийн засаг өнөөдөр тэгш хөгжөөгүй энэ үед манай сургуульд элсэж буй бүх оюутан эдийн засгийн боломжтой юу гэвэл үгүй. Тийм учраас аав, ээжээсээ мөнгө төгрөг авч зовоохгүй суралцах нөхцлийг нь хангаж өгөх бодол бидэнд байдаг. Тэр утгаараа Япон улсын зарим их, дээд сургуультай гэрээ байгуулж, сайн суралцсан оюутныг тэтгэлэгээр суралцуулах боломжоор хангаж өгдөг. Мөн зарим их, дээд сургуультай гэрээ байгуулаад 50 хувийн хөнгөлөлттэй суралцах боломж олгодог. Түүнчлэн бид аж ахуй нэгжтэй гэрээ хийгээд оюутны амьдрах байрыг үнэгүй хангах, дөрвөн жил суралцах хугацаандаа үнэ төлбөргүй компьютер хэрэглэх, гурван сарын цалинтай практикийн дадлага хийх  зэрэг нөхцлийг оюутанд хангаж өгч байна.

 

 

-Тэтгэлэгт хамрагдах оюутан ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

 

-Сурлага сайтай оюутан бүр тэтгэлэгт хамрагдах боломжтой.

 

-Японд тэтгэлэгээр суралцахаас гадна эх орноосоо онлайнаар суралцаад хос дипломтой төгсөх боломжийг танай сургуулиас олгодог гэсэн үү?

 

-Тийм ээ. Манай сургуулийн оюутан хоёрдугаар курсээ төгсөөд гуравдугаар курсээсээ хичээлийн дасгал, даалгавраа онлайнаар гүйцэтгэж,  анги дэвших боломжтой. Улмаар Япон болон Монголын их, дээд сургуулийн хос дипломтой төгсөх бүрэн боломжтой. Япон хэлийг оюутнуудаас гадна ажилчин ангийн залуус сурахыг ихэд эрмэлзэх болжээ. Тиймээс бид есдүгээр сарын 18-наас нэг жилийн хугацаатай Япон хэлний курсийг ажлуулахаар зэхэж байна. Энэ сургалтад ажилчид болон арван жилийн сурагчид ч хамрагдах боломжтой.

 

-Япон улсын хичнээн сургуультай хамтын ажиллагаатай ажилладаг вэ?

 

-Япон улсын “Сэйжо”, “Оберлин”, Токиогийн Дорно дахины их сургууль зэрэг 10 гаруй их, дээд сургуультай хамтран ажиллаж, оюутан элсүүлдэг. Үүнээс гадна “Японы хувийн их, дээд сургуулиудын холбоо” гэж байдаг. Үүнд 412 их, дээд сургууль хамрагдсан байдаг. Бид энэхүү холбоотой хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.  Бид залуу багш нараа Япон улсад мэргэжил дээшлүүлэх зорилгоор нэг сургуульд нэг багшийг суралцуулаач гэдэг хүсэлт тавин ажиллаж байна.

 

-Цалинтай практик дадлага хийдэг гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

 

-Манай сургуулийн 2-3 дугаар курсийн оюутнууд Японд очиж нэг жилийн практикийн дадлага хийдэг. Энэхүү дадлагаар ажил хийхийн дагуу дадлага хуримтлуулдаг. Дадлагажихаас гадна Япон улсын хөдөлмөрийн хуулийн дагуу цалинжина. Өөрийгөө хөгжүүлнэ. Аав ээжээсээ мөнгө авалгүй нэг жилийн хугацаанд суралцах нөхцөл боломж бүрдүүлж өгдгөөрөө ач холбогдолтой.  Япончуудаас сурах юм их бий. Тухайлбал Япон улсад гурван сарын дадлага хийгээд ирсэн хүүгийн аав, ээж хүү маань дадлагаар явахаасаа өмнө гэрийн ажил огт хийдэггүй байлаа. Харин дадлагаар явж ирээд гэрийн ажлаа хийдэг болсон гэж ярьж байсан удаатай. Япончууд хүнтэй уулзаад толгой дохиод мэнд мэддэг. Зарим дадлагаар явсан оюутнууд уг соёлд суралцаж ирээд хүнтэй толгой дохиж мэндэлж сурсан байсан. Хүн хүнээ хүндэлнэ гэдэг соёлтой нийгмийн илрэл. Энэ бол авууштай тал.

 

-“Соёл эрдэм” сургууль  ямар  ямар мэргэжлийн ангиудад оюутан элсүүлдэг вэ?

 

-Манай сургууль Япон хэлний багш орчуулагч болон Япон орон судлал гэсэн хоёр чиглэлээр мэргэжил эзэмшүүлдэг. Үүнээс гадна олон улсын эдийн засаг, аялал жуулчлал, компьютер программ зэрэг мэргэжлээр оюутан элсүүлж байна. Бид тоо хөөцөлдөх биш, чанарыг нэгт тавихыг зорьдог. Тиймээс төгсөгч ажилтай болж байна уу үгүй юу гэдэгт ихэд анхаардаг. Өөрийн сургуулийн төгсөгчдөө Япон улс руу гурван жилийн гэрээт ажилчнаар явуулж байна. Аравдугаар сарын сүүлчээр гурван жилийн хугацаатай ажиллахаар манай сургуулийн  зургаан төгсөгч Япон улсыг зорих гэж байна.

 

 

-Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ