Агаарын бохирдлоор дахиад 3700 хүнээ алдах уу
Хошин урлагийн элэглэлээр “Улаанбаатарын утаа хэзээ арилах вэ, Зуны улиралд л арилах юм байна” гэдэг шиг зун дарагдаж мартагдсан утааны улирал одоо эхлэх гэж байна.

Хоолой хорсгосон гашуун утаа, утаан дунд сүүмийх Улаанбаатарын танил дүр зураг, эмнэлгүүдийн коридор дүүрэн өвчилсөн хүүхдүүд биднийг дахин угтах нь ээ.
Нийслэлчүүдийн шүдний өвчин болоод байгаа агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сүүлийн 10-аад жил улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө гарган төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр дүнд хүрээгүй. Тодруулбал, өнгөрсөн зургаан жилийн хугацаанд буюу 2011-2015 онд Мянганы Сорилын сан, Дэлхийн Банк, Цэвэр агаар сан, Улсын төсвөөс нийт 132.5 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан байдаг. Энэ хөрөнгөөр сайжруулсан зуух тарааж, утаагүй түлшний үйлдвэрлэлийг дэмжсэн. Нийт гэр хорооллын иргэдийн 90 орчим хувь буюу 176 мянган өрхөд сайжруулсан зуух тараасан хэдий ч утаа бодитоор буураагүй.
Энэ жилийн хувьд агаарын бохирдол бууруулахад таван тэрбум төгрөг зарцуулахаар тусгасаэ байдаг. Ж.Эрдэнэбатын Засгийн газраас Агаар орчны бохирдлыг бууруулах 59 зорилт бүхий үндэсний хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрт “2021 он гэхэд түүхий нүүрсний хэрэглээг үгүй болгох, нийтийн тээврийн үйл ажиллагааг сайжруулах, шатахууны стандартыг сайжруулах” зэрэг зорилтуудыг тусгасайн байв. Гэвч энэ Засгийн газар огцорсон. Одоо агаарын бохирдлын энэ асуудал хэрхэх бол. Үндэсний хөтөлбөр ч тийм оновчтой санаа биш байсан болов уу. Учир нь тэд энэ жил хэрэгжүүлэх санаа нь өнгөрсөн хугацаанд гаргасан алдаагаа давтах байв. 2017 онд агаарын бохирдол бууруулахад зарцуулах таван тэрбум төгрөгийг дөрвөн чиглэлээр зарцуулахаар тогтжээ.
Үүнд,
1. 3.5 тэрбум төгрөгийг шөнийн цахилгааныг хөнгөлөхөд,
2. 450 сая төгрөгийг зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан зуух тараахад,
3. 400 сая төгрөгийг зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан түлш тараахад,
Үлдсэн 550 сая төгрөгийг үйл ажиллагааны зардалд болон олон нийтэд хандсан мэдээлэл сурталчилгаанд зарцуулах гэнэ. 2011 оноос хэрэгжүүлээд үр дүнд хүрээгүй аргыг дахин хэрэгжүүлэх гэж байжээ. Энэ асуудлыг дахин хэлэлцэж, “мэргэн”санаа баталж, түүнийгээ хэрэгжүүлэхэд хэчнээн хугацаа зарцуулах бол. “Мэргэн” санаа хэрэгжих хүртэл ард иргэдийн эрүүл мэнд хохирсоор байх уу.
Байгальд ээлтэй технологийг хэрэглэх хүсэлтэй иргэдэд хүү багатай, урт хугацаатай зээл олгохоор төлөвлөжээ. “Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн форум 2017” чуулга уулзалтын үеэр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхейм Монгол Улсын Засгийн газраас Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсныг сайшаагаад цаашид хамтарч ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлын асуудлыг шийдэх гарц хайж, БОАЖЯ-наас санаачлан төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурласан Ногоон зээлийн сан байгуулах ажлын бэлтгэл ажлыг хангаж дуусчээ.
Энэ хүрээнд байгальд ээлтэй техник технологи нэвтрүүлэхээр зорьж байгаа эрдэмтэн судлаач, аж ахуй нэгжүүдийн төсөл хөтөлбөрүүдийг олон улсын томоохон сангуудаас санхүүжүүлэх боломтой болох юм. Мөн байгальд ээлтэй технологийг хэрэглэх хүсэлтэй иргэдэд ч энэ сангаас хүү багатай, урт хугацаатай зээл олгохоор төлөвлөжээ.
Ногоон зээлийн сан эхний шатны санхүүжилтийн 20 сая ам.долларыг Уур амьсгалын ногоон сангаас гаргаж , Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран санхүүжүүлэгчээр оролцож нийт 60 сая ам.долларын санхүүжилт бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болжээ. Монгол Улс НҮБ, ДЭМБ-ын санаачилсан “Цэвэр агаар амьдралын үндэс” аянд нэгдсэн тухай дээр дурдсан. Дэлхий нийтийг хамарсан энэхүү аяны баримтад, “Улаанбаатар хотын агаарын бохирдол өвлийн саруудад Бээжингийн бохирдлоос илүү байдаг. 2012 оны судалгаагаар, агаарын бохирдлын улмаас жилд 3700 хүн Улаанбаатарт амиа алддаг гэх тооцоо бий. Тэдний 15 хувийг хүүхэд эзэлж байна” гэсэн байх юм.
Ногоон зээлийн сан хэрэгжиж эхлэхэд хэчнээн хугацааа зарцуулах бол. Тэр хүртэл хэчнээн хүний амь хохирох бол.
Р.Ренчиндулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ