Усны жолоочийн чөлөөгүй өдөр

Хуанлийн хуудаснаа улаанаар тэмдэглэсэн өдөр ид ажилладаг, нийслэлчүүд бидний өдөр тутмын хэрэглээ ус зөөвөрлөх ажлыг 41 жил тасралтгүй хийж буй нэгэн эрхэм хүний өдөр тутмын ажилтай танилцлаа.
Амралтын өдөр буюу өнгөрсөн бямба гаригт түүнтэй уулзахаар очсон юм. Д.Чунагсүрэн гэх энэ хүн Ус сувгийн удирдах газрын Автобаазад 41 жил жолоочоор ажиллаж байгаа, ажилдаа эзэн болсон нэгэн. Архангай аймгийн Хотонт суманд төрж, өссөн хүү жолооч болох мөрөөдөл тээн 18 насандаа Улаанбаатарт ирснээр Ус сувгийн удирдах газартай “гагнагджээ”. Түүний ажил 08.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 хороонд байрлах гараашнаас ус зөөвөрлөх машинаа авахаас эхэлнэ. Ингээд тэрбээр гараашнаас урагш орших ус дамжуулах шугаманд холбогдсон худагнаас 5.5 тоннын ёнкосоо дүргээд зөөврийн худгуудад түгээнэ. Тэрбээр Яармаг, Нарангийн гол, Орбитод байрлах зургаан худгийг усаар таслахгүй байх үүрэгтэй. Нэг худагт өдөрт 2-4 удаа ус хүргэдэг гэнэ.
Бид хамтдаа Нарангийн голд байрлах 806 дугаар худагт ус хүргэх зуур түүний ажлын талаар хөөрөлдлөө. Түүнтэй ярилцахаас өмнө нийслэлчүүдийн ундны усны чанарын талаар тун тааруухан бодолтой байсан юм. Тухайлбал, нийслэлд байгаа зөөврийн биш худаг бүр гүнийх, хөрсний бохирдол хурцдаж буй энэ үед бохир хөрсний нян, бактер шингэсэн усыг бид ундандаа хэрэглэдэг гэх ухааны юм боддог байлаа. Үнэнийг хэлэхэд ийм бодолтой байсан тул бодит байдалтай танилцахыг хүссэн юм.
Улаанбаатарын ундны ус долоон эх үүсвэртэй юм байна. Тухайлбал, Дээд эх, Гачуурт, Төвийн, Махын, Үйлдвэрийн, Яармагийн, Буянт-Ухаагийн эх үүсвэрээс эхтэй 222 гүний худаг бий. Эдгээр худгаас гарах ус тусгай насос станцад очно. Станцаас нэгдсэн усан сан болон дамжуулан шахах станц руу хуваарилагддаг аж. Дамжуулан шахах станц руу очсон хэсэг нь Ус, дулаан дамжуулах төвд очиж орон сууцанд амьдардаг айлын хананаас гоожих ус болдог бол усан сан дахь ус нь шугамын худагт очдог. Д.Чунагсүрэн ах эндээс авсан усаа зөөврийн худгуудад хүргэдэг юм. Нийслэлд шугаманд холбогдсон 320 худаг байдаг бол зөөврийн 294 худаг байдаг ажээ. Харин шугаманд холбогдсон усыг зөөврийн худагт хүргэдэг 60 жолооч байдаг бөгөөд тэдэн дундаа хамгийн ахмад нь Д.Чунагсүрэн.
Ингэж ярилцсаар худаг дээр ирлээ. Тэрбээр ёнкосныхоо хажуугаас хуванцар хоолой гарган худгийн арын хоолойтой холбоод усаа юүлэв. Энэ хооронд би худгийн ёнкос руу өнгийлөө. Гадна талаасаа ч, дотроосоо ч цагаан өнгийн ёнкосд ямар нэгэн толбо харагдсангүй. Харин бага зэрэг хлор үнэртэж байлаа. Дараа нь Д.Чунагсүрэн ахын машины ёнкос руу шагайлаа. Цэнхэр ёнкосны дотор тал нь цагаан өнгөтэй бөгөөд зарим хэсэгт нь бага зэрэг зэв тогтсон харагдлаа. Мөн л хлор үнэртэж байв. Түүнээс ёнкосыг хэзээ, хэрхэн цэвэрлэдэг талаар асуулаа “Жилд хоёр удаа, хавар, намар угаадаг. Тусгай зориулалтын төхөөрөмжөөр угаана. Өглөө нь угаалгаад өнжих ёстой. Чухамдаа 24 цаг болдог гэх үү дээ. Амарч байгаа өдрөө угаалгачихдаг юм. Худгуудыг ч мөн адил ингэж угаадаг” гэж байлаа. Мөн худгуудаас ойр ойрхон дээж авч, шинжилгээ хийдэг гэнэ. Бидний яриаг Д.Чунагсүрэн ахын утсанд ирэх дуудлага тасаллаа. Орбитын худаг ус авах захиалга ирүүлжээ. Ингээд бид өмнө нь ус авсан шугамын худаг дээр ирж ёнксоо дүүргэв. Энэ хооронд худгийн түгээгчтэй хөөрөлдөөд амжлаа. Тус худаг нь 24 цаг ажилладаг гэнэ. Ингэхдээ түгээгчид нь найман цагаар ээлжилдэг аж. Мөн автобаазын жолооч нар төдийгүй иргэд ч уг худгаас ус авч болдог юм байна. 5.5 тоннын ёнкос таван минутын дотор дүүрч бид Орбит чиглэн явлаа. Энхэл донхол зам дээгүүр хариалгах зуур түүнээс уг машиныг жолоодоод хэдэн жил болж байгааг нь асуухад “Энэ машиныг бариад дөрвөн жил болж байна. 41 жил ажиллахдаа гурван машин сольжээ. Энэ Хятадаас оруулж ирсэн машин. Их хатуу юм билээ. Бөөр, нуруу доргиогооод, анх сууж байгаа хүнд их төвөгтэй байдаг юм шиг байна лээ” гэв. Худаг хүртэл 12 км гэнэ. Харин энхэл донхол зам Чука ахын “хатуу” машины явдалтай хоршоод замын талаас л дотор муухайрч, толгой эргэв. Ингээд гүрийж явсаар 907 дугаар худаг дээр ирэв. Биднийг 10 гаруй жил ус түгээсэн С.Лхагвасүрэн эгч угтлаа. Ус юүлэх зуур түүнтэй цөөн хором хөөрөлдлөө. Тэрбээр Д.Чунагсүрэн ахын талаар ийн ярив. “Чука ах нэг ч удаа ус таслаж байгаагүй. Үнэхээр сайн ажилтан. Энэ жил ажиллаад л тэтгэвэртээ гарна. Тэгэхээр нь яана даа л гэж бодож байна” гэв. Түгээгч С.Лхагвасүрэн “Ус нэг төгрөг ч гэсэн усаа авах чадамжгүй хүн олон бий. Заримдаа усаа зээлээр авдаг” гэж байлаа. Харин ус түгээгч хийхэд хэцүү зүйл нь юу байгаа талаар асуухад “Хүйтний улиралд л жаахан хэцүү дээ. Гэхдээ дулаан хувцаслаад, галаа түлээд байхад гайгүй ээ. Энэ бүхэнтэй дасан зохицоод 10 гаруй жил ажиллаж байна” гэлээ. 10 орчим минутын дотор ус юүлэгдэж Д.Чунагсүрэн ах дуудлагын дагуу дараагийн худаг руу явлаа.
Замдаа түүнээс тэтгэвэрт гараад юу хийх талаар асуулаа. Тэрбээр “Эндээ үргэлжлүүлээд ажилла гэвэл ажиллана даа. Одоо би 59 настай ч залуусаас дутахгүй. Ажиллуулахгүй гэвэл өөр ажил олооод хийнэ дээ. Байнга хөдөлгөөнтэй байгаад сурсан болохоор зүгээр суухгүй шүү. Бөөр өвддөг болсныг, гар маань урьдынх шигээ тэнийхээ больсныг эс тооцвол эрүүл. Бидний гар эвэршиж, хуурайшаад багаж хэрэгсэл шиг л болчихдог юм” гэж байлаа. Харин мэргэжлийнх нь сайхан болон, хэцүү зүйлийг асуухад “Олон хүнтэй танилцдаг гэдэг утгаараа их сайхан ажил. Хэцүү зүйл гэх юу байхав дээ. Ном журмынх нь дагуу ажиллахад ямар ч асуудал үүсэхгүй. Сайхан мэргэжил шүү дээ. Би дөрвөн хүүхэдтэй нэг хүү маань миний мэргэжлийг өвлөсөн. Цалингийн хувьд ч чамлах юмгүй. Болоод л байдаг юм” гэлээ.
Д.Чунагсүрэн ахын ажил энэ маягаар, тухтай суугаад цай ууж, хоол идэх ч чөлөөгүй үргэлжилсээр 20.00 цагт өндөрлөдөг гэнэ. Харин даваа болон пүрэв гаригт амардаг ажээ. Түүнтэй хөөрөлдөж явах сайхан байсан ч энхэл донхол зам, түний “хатуу” машины явдал амаргүй аж. Бидний яриа энэ хүрээд өндөрлөж, харин тэрбээр дараагийн худагт ус хүргэхээр яаран давхив.
Р.Ренчиндулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ