Эмч нар энэ сарын 13-нд ажил хаялт зарлана

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо Олон улсын Валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт өнөөдөр шаардлага хүргүүллээ.
Тэд Засгийн газарт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавиад байгаа. Гэвч Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан тул цалин нэмэх бололцоогүй гэдгээ мэдэгдсэн.
Б.Мягмар: ОУВС-гийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тавьж байна
Шаардлага хүргүүлэх үеэр Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмарын сэтгэгдлийг сонслоо.
-“Эрүүл мэндийн салбарын ажилтнууд 2017 он гарсаар багагүй хугацаанд цалин орлогоо нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж, жагсаал цуглаан зохион байгуулж, ажил хаяхаа мэдэгдлээ. Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагууд хоорондоо бичиг цаас шидэлцэж, УИХ-ын танхимд цалин нэмэх шаардлагатай байна гэсэн яриа өрнөсөн төдий л байна. Тиймээс Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр Монгол Улсад хэрэгжсэнээр 2017-2018 онд цалин нэмэгдүүлэхгүй гэсэнтэй холбоотой шаардлага хүргүүлсэн.
Бид аравдугаар сарын 13-нд хугацаагүй ажил хаялт зарлана. Гэхдээ УИХ-ын чуулган дээр эрх баригчдын зүгээс цалин нэмэгдүүлэх асуудлыг судалж үзье гэсэн байр суурьтай байгаа. Харамсалтай нь ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж буйтай холбоотой цалин нэмэх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Тиймээс бид төрийн үйлчилгээний байгууллагын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх зорилгоор ОУВС-гийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тавьж байна.
Энэ шаардлагын хариуг аравдугаар сарын 13-ны дотор ирүүлэхгүй бол хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу бусад салбарт ажиллаж буй төрийн үйлчилгээний ажилчидтай хамтран ОУВС-гийн гадна талбайд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна. Цаашид хугацаагүй ажил хаялтад шилжинэ.
Д.Цэцгээ: Тэвчихээ байгаад тэмцлийн хөдөлгөөн өрнүүлж байна
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Цэцгээ
-Бид үнэхээр тэвчихээ байгаад тэмцлийн хөдөлгөөн өрнүүлж байна. Эмнэлгийн байгууллагын ажилтнуудын ихэнх нь зээлтэй, түрээсийн байранд амьдардаг гээд зовлон их. Эрүүл мэндийн салбар, эрүүл мэнд гэдэг хамгийн үнэтэй зүйл. Үнэт зүйлийнхээ ард зогсож буй эрүүл мэндийн салбарынхаа амьдралыг, нийгмийн асуудлыг харахгүй бол хэцүү болчихлоо гэдэг тэмцлийг бид өрнүүлж байгаа юм.
Эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэх бүрэн боломж байна. Жишээ нь, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хуулийн хүрээнд ажиллуулбал бидний цалинг нэмэх боломжтой. Төр засгийн буруу бодлогоос болж бидний хөдөлмөрийн үнэлэмж бага байгаа.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50 хувь нэмэхэд 156 тэрбум төгрөг хэрэгтэй.Төр концессийн гэрээнд хэдэн тэрбумыг зарж байгаа билээ. Сэтгэл, зүтгэл гаргавал цалин нэмэх боломжтой гэж бид үзэж байна.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ