Цаазын ялыг сэргээхийг дэмжиж байна уу

Зургаан настай охиныг хойд эцэг нь хүчинджээ гэх мэдээлэл олныг сэртхийлгэв. Амтай бүхэн нь хойд эцгийг үзэн ядаж, цаазын ялыг шаардан шуугиж байна. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээхээр ажиллаж буйгаа дуулгав. Ерөнхийлөгч аль хэдийнэ хуулийн баг ажиллуулаад эхэлснээ албан хуудсаараа мэдээлэв.
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгон Улс цаазын ялыг халах хэмжээнд хүртэл төлөвшөөгүй хэмээн үзэж байна. Энэ тухайгаа “Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой” хэмээн тайлбарлажээ. Тиймээс цаазын ялыг сэргээхээр хуульчдыг ажиллуулж байгаа аж.
Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан бол 2012 оноос уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Улмаар 2015 оны 12-р сард батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан байна.
Монгол Улс 2012 оноос цаазын ялгүй орон болсон. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийг 2012 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон баталж, Монгол Улс цаазаар авах ялгүй орон болсныг зарлаж байв. Үүнийгээ баталгаажуулж, Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлж, онц хэрцгийгээр амь насыг хөнөөсөн, мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охиныг хүчирхийлэхийг завдсан Н.Мөнх-Оргилд гурван шатны шүүхээс оноосон цаазын ялыг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 30 жилийн хорих ял болгон өөрчилж байв.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж НҮБ-ын индрээс Монгол Улс цаазын ялгүй орон болсныг дэлхий нийтэд зарлаж байв. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулганд Ц.Элбэгдорж үг хэлэхдээ “Монгол Улс цаазаар авах ялыг халсан. Цаазаар авах ялыг ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх ёсгүй гэж би үздэг. Хүн төрөлхтний гэр бүл нэгэн өдөр цаазаар авах ялгүй болно гэдэгт би итгэдэг” хэмээн онцолж байлаа.
Харин дараагийн Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээж байгаагаа олон улсад зарлах бололтой.
Цаазын ялыг сэргээх талаар нийгэм хоёр хуваагдаж буй. Нэг хэсэг нь сэргээх хэрэгтэй хэмээн үзэж, амийг амиар солихыг дэмжиж байна. Бага насны хүүхдийг хүчиндсэн, хэрцгий аллага үйлдсэн хэрэгтнүүд үхэх ялтай хэмээн үзэж буй. Харин нөгөө хэсэг нь цаазын ялыг сэргээх тухай ярьж байгаа нь Монгол Улс улам доройтож, муйхарлаж буйн шинж хэмээн үзэж байна. Магадгүй гэм зэмгүй нэгэн энэ ялны золиос болох вий хэмээн болгоомжилж буй.
Цаазаар авах ялыг харгис хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжилсон, амьд явах эрхийг хязгаарладаг гэж үздэг. Харин Монгол Улс төрийн шийдвэрээрээ хүний амьд явах эрхийг шууд хязгаарладаг орнуудын эгнээнд эргэн нэгдэх үү.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ