Ажилгүйдэл, ядуурлыг шийдвэрлэх салбар бол ХХААХҮЯ

УИХ-ын чуулганы хуралдаан цаг сунган хуралдаж байна. Хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдаар Б.Батзоригийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Энэ салбарт очоод ямар ажлыг хийхээр төлөвлөж байна. Махны үйлдвэр ихээр баригдаж байна. Борлуулалтад нь ямар арга хэмжээ авах вэ?
-ДНБ-ний 30 гаруй хувийг манай салбар үйлдвэрлэж байна. Бодлого нь тодорхой салбар. Уламжлалт мал аж ахуй, тариалангийн бүс нутгийг хөгжүүлэхийн төлөө зорьж ажиллана. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл сэргэсэн, төрийн бодлого зөв байсан учраас энэ салбарт хөл дээрээ боссон. Бид малаа экспортлохын тулд хоёр хуулийг яаралтай баталж гаргах хэрэгтэй байна. Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетикийн тухай хуулийг баталж гаргах шаардлагатай байна. Малчны хотноос үйлдвэрлэл хүртэл мал эмнэлгийн хяналтад авъя гэж байгаа. Ийм чиглэл бодлоготой энэ салбарыг удирдаж ажиллана. Энэ салбарт хийх ажил их байгаа. Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжтайгаар 12 үйлдвэр баригдахаар яригдаж байгаа. Энэ нь мал, махаа экспортлох үйлдвэр юм. Төмс, хүнсний ногоогоо тариаланчид дотооддоо үйлдвэрлэж, хангаж байгаа. Зоорийн хувьд дутагдалтай байгаа.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Төрийн бодлогод “Нэг цонх”-ны бодлого барих хэрэгтэй байна. Орон нутаг руу хөдөө аж ахуйг дэмжихийн тулд зээлийн асуудал их явдаг. Гэтэл тэр зээлийн мөнгийг эрх мэдэлтэй хүмүүс нь авчихдаг. Мөнгөний оронд тоног төхөөрөмжийг нь нийлүүлвэл ямар вэ? Өвөлжилтийн бэлтгэл ажил ямар байна вэ?
-Өвөлжилтийн бэлтгэл 50 гаруй хувьтай байна. Энэ нь хангалтгүй зүйл. Би ажлаа аваад энэ чиглэлд эхэлж анхаарна. Ер нь мал, мах гаргах ажлыг хоёр хөршөө түшиглэж хийнэ. Социалист системийн үед 10 гаруй сая мал экспортод гаргаж байсан. Манайхаас мал мах гаргаж чадах асуудалд “тогтмол нийлүүлж чадах уу” гэдэг.
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-Малын вакцинаа гаднаас аваад байх уу. Өөрсдөө яагаад үйлдвэрлэж болохгүй гэж.
-Мал эмнэлгийн эрүүл мэндийн тухай хууль яаралтай батлах шаардлагатай байна. Энэ хууль батлагдсанаар яам хяналтдаа авч, малын эрүүл мэндээ хянана. Ингэснээс вакцинаа ч хяналтдаа авна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-Малаа вакцинжуулахыг хэмнэсэн гээд байх юм. Гэтэл малын шүлхий нэлдээ гарч байна. Энэ өвчнөөс ангижруулахад ямар ажил хийх вэ?
-Хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Төрийн дэмжлэгийг авч, хуулиа баталж, хяналтаа чангаруулж байж асуудлыг шийднэ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ