Манай улсад шаардлага хангахгүй 4300 гаруй тонн химийн бодис байна

“Нийтийг хамарсан химийн ослын үеийн нийгмийн эрүүл мэндийн менежмент, чадавхийг бүрдүүлэх” сургалт, семинар яг одоо болж байна.
Уг сургалтыг ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ, SAICM зохион байгуулж байгаа бөгөөд гурван өдөр үргэлжилнэ.
Монгол Улсын хувьд уул уурхай тэр тусмаа алт олборлоход натрийн цианид, мөнгөн ус, давсны хүчил, азотын хүчил зэрэг хортой бодисыг өргөн хэрэглэгддэг. Цаашид химийн бодисын хэрэглээ, төрөл нэмэгдэж, осол гарах эрсдэл нэмэгдэж байгаа.
Энэхүү арга хэмжээнд аймгуудын Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн мэргэжилтнүүд, аймаг, нийслэлийн онцгой байдлын газрын уул уурхайн аврах анги, Уул уурхайн холбоо, уул уурхайн компаниуд, хор судлаачид болон ЭМЯ, БОАЖЯ, ХНХЯ, УУХҮЯ, МХЕГ, ОБЕГ-ын 50 гаруй мэргэжилтэн оролцож байна.
2010 онд “Химийн хорт болон аюултай бодисын импорт, экспорт, хил дамжуулан тээвэрлэлт, худалдаа, ашиглалт, зарцуулалт, хадгалалт, тээвэрлэлт, устгалын байдал”-д хийсэн тооллогын дүнгээр улсын хэмжээнд 572 аж ахуй нэгжид 2300 нэр төрлийн химийн бодис бүртгэгдэж, 8367 тонн үлдэгдэл нөөцтэй байснаас 1500 нэрийн 4300 гаруй тонн химийн бодис чанарын шаардлага хангахгүй байгааг тогтоожээ. Хурлын үеэр мэргэжилтнүүдээс зарим зүйлийг тодрууллаа.
Крайг Жон Ламбертон: Монголын багийн чадавхийг сайжруулах шаардлагатай байна
Олон улсын химийн бодисын менежмент стратеги хэрэгжүүлэгч /SAICM/ төслийн зөвлөх, Австрали Улсын химийн шинжээч Крайг Жон Ламбертон
-Олон улстай харьцуулахад Монгол Улсын химийн бодисын аюулгүй байдлын өнөөгийн байдалтай ямар байна вэ?
-Дэлхий даяар химийн бодисын хэмжээ нэмэгдэж байгааг дагаад химийн бодисын ослын хэмжээ ч нэмэгдэж байна. Тиймээс улс орон бүр энэ асуудалд анхаарч, үндэсний чадавхийг бэхжүүлэх тал дээр анхаарч байна. Энэ ажлын хүрээнд Монголын багийн чадавхийг сайжруулахаар ажиллаж байна. Оролцогч байгууллагын чадавхи сайжирснаар химийн ослын үед эрсдэл буурч, аюул багасна. Монгол улсын хувьд энэ чиглэлийн чадавхи байгаа ч үүнийг сайжруулах шаардлагатай байна.
-Австрали Улсын хувьд энэ төрлийн ослын үед ямар арга хэмжээ авдаг вэ?
-Австрали нь химийн ослын үеийн нийгмийн эрүүл мэндийн менежментийн чадавхийг сайжруулах асуудал тулгамдаж буй орны нэг. Химийн бодисыг найдвартай, аюулгүй хадгалах асуудал өнөөг хүртэл тулгамдаж байна. Энэ асуудал мөн Монгол Улсад тулгамдаж байгаа.
Ж.Энхжаргал: Химийн хордлогоор жилд 500 гаруй хүн эмчлүүлдэг
Эм болон химийн бодисын хордлогын үед эмнэлгийн тусламж үзүүлдэг байгууллага болох Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн орлогч захирал Ж.Энхжаргал.
-Танайхаар жилд дунджаар хэдэн хүн үйлчлүүлж байна вэ. Үйлчлүүлж байгаа хүний ихэнх нь юунд хордсон байна вэ?
-Манай төв 22 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 2010-2016 онд угаартсан 1014 хүн, цууны хүчилд хордсон 366, органик уусгагчид хордсон 164, бензин нүүрсний нэгдэлд 24, этилен гликольд 15, бусад төрлийн химийн бодисонд хордсон 70 хүнд тусламж үзүүсэн. Мөн 2322 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэнээс 41 хүн нас барсан. Ихэнх хувийг угаарын хордлого эзэлдэг. Дараа нь архи, метилийн спирт орж байна. Үүний дараа эмийн ходлого ордог. Сүүлийн үед манайхаар долоо хоногт хордлогод орсон хүн 10 орчим үйлчлүүлж байна. Жилд 500 гаруй хүн хэвтэн эмчлүүлд, 300 гурай хүн зөвлөгөө авдаг.
-Олон хүнийг хамарсан хордлогын үед танай байгууллагын хүчин чадал хүрэлцэх үү?
-Манай төвийн хувьд хордлого гамшгийн хэмжээнд хүрч, олныг хамарсан үед Зэвсэгт хүчний жанжин штаб, БХЯ-ны хүчийг ашиглана. Харин ийм осол гарахгүй байх ажлыг бид хариуцахгүй. Бидний хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах хэрэгтэй байгаа. Нэгдүгээрт, оношилгооны лаборатори байдаггүй. Цус шүүх эмчилгээний төхөөрөмж байдаггүй. Энэ асуудлыг ДЭМБ-т тавьсан. Удахгүй шийдэгдэх байх гэж найдаж байна.
-Хордлогонд орсон хүнд анхны тусламжийг хэрхэн хүргэх вэ?
-Ямар зүйлд хордсоноос шалтгаалан тусламж нь олон төрөл байдаг. Угаарын хордлогын үед тухайн хүнийг ослын голомтоос гарган цэвэр агаарт байлгах хэрэгтэй. Дараа нь угаартай хувцаснаас нь салгах хэрэгтэй.
-Хордлогын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд сүү уух нь зөв үү?
-Хордлогын үед сүү уухийг зөвлөхгүй. Тиймээс цаг алдалгүй, яаралтай эмнэлэгт хандах нь л зөв.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ