Төвбанк харилцагчдын мөнгийг хамгаалах шаардлагатай

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Банкны тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай, Төв банкны тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос банкны салбарын мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

Банкууд зээлийн хүүгээ буулгах уу, харилцагчдын хадгаламжийг эрсдлээс хамгаалж чадах уу, төвбанк зээлийн дээд хязгаарыг тогтоовол яах вэ зэрэг олон асуудалд мэргэжилтнүүд санал солилцлоо. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг Монголбанк тогтоох тухай асуудал Монголбанкны саналаар хуулийн төсөлд тусгагдаагүй аж. Хууль санаачлагчийн зүгээс орж ирсэн байна. Ер нь яваандаа ипотекийн зээл Монголбанкнаас шилжинэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.

 

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Н.Лхагвасүрэн:

 

- Эдийн засаг сайн үед банкууд ашигтай ажилладаг. Хүнд үед ашиг нь багасдаг. Нийт банкны системд чанаргүй зээлийн хэмжээ 7.5 хувьтай байна. Энэ нь 1.1 их наяд төгрөгт хүрч байгаа. Чанаргүй зээлийн эрсдлийн сан байгуулах зайлшгүй шаардлагатай. Энэ нь банкны эздийн өмнө нь хуримтлуулсан ногдол ашгаас бүрддэг. Чанаргүй зээлийг хаах эрдслийн санг банк өөрөө авч явж чадах уу гэдэг талаас нь харах хэрэгтэй.

 

Нийт банкны системд эргэлдэж байгаа 27 их наяд төгрөгийн 3.3 их наяд төгрөг нь л банкны эздийнх, үлдсэн 24.3 их наяд нь харилцагчдынх. Тиймээс энэ харилцагчдын мөнгийг хамгаалах зорилгоор төвбанк оролцох шаардлагатай гэсэн юм. Эрсдэлд орсон банкны харилцагчдыг хамгаалах үүднээс гүүр банк байх шаардлагатайг оролцогсод тодруулж байлаа. Ер нь манай улс гүүр банкийг гаргаж, харилцагчдын хөрөнгийг хамгаалж байсан түүхтэй. Тухайлбал тухайн үеийн Зоос банкийг Төрийн банк болгон, харилцагчдыг эрдслээс хамгаалж байсныг дурдлаа.

 

Бодит эдийн засгаа дэмжихийн тулд банкны салбар сайн байх ёстой. Иргэдээс мөнгөн хөрөнгийг хуримтлуулж аваад санхүүгийн зуучлал үзүүлж байгаа байгууллагуудад эрхзүйн зохицуулалт хийж байгаа. Цаашдаа бид эрсдлээс суурилсан хяналт хийнэ. Асуудал үүсэхээс өмнө эрсдлийг дүгнэвэл бодит эдийн засгийг дэмжих бололцоо бүрдэнэ гэдгийг Монголбанкны удирдлагууд тайлбарлав.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ