Төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлнэ

“Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт хэлэлцүүлэг Иргэний танхимд болж байна. Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулагдаж буй уг нээлттэй хэлэлцүүлэгт ШУА, их дээд сургууль, эрдэм шинжилгээний 36 байгууллагын 100 гаруй эрдэмтэд оролцож байгаа юм. Хэлэлцүүлгийг нээж, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан хэлсэн үгэндээ:
-Төрийн хууль тогтоол, шийдвэрт эрдэмт хүний санаа бодол, чиг хандлагыг тусгахаа больсон муу үзэгдэл хадгалагдсаар байсан. Нийгэм дэх эрдэмтэн хүний нэр хүнд, байр суурийг өсгөхөд төрийн зүгээс дутуу дулимаг анхаарсаар ирсэн. Улс орны хөгжлийг баримжаатай болгох, олон улсад нэр хүндийг нь өсгөхөд төр, эрдэмтэн хоёрын халуун дотно хүндэтгэл нэн хэрэгтэй байна. Цаг үе хурдтай хөгжлийн хэрээр энэ харьцааг нэхэн шаардаж байна. Эрдэмтэд хөрөнгө мөнгөтэйн өмнө бөхөлздөг, эрх мэдэлтэйн тушаал заавраар хөдөлдөг улстөржсөн салбарын ажилтнууд биш. Тэд хүний оюун санааг хөдөлгөгч хүч юм гэлээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад 26 судалгааны хүрээлэнд 1720 гаруй судлаач ажиллаж байгаа аж. Өнөөдөр манай улсад нэг сая хүнд 570 эрдэм шинжилгээний ажилтанд ногдож байгаа. Ази тивд дунджаар нэг сая хүнд 1500 гаруй эрдэм шинжилгээний ажилтан ногддог гэнэ. Энэ нь манай улсын хувьд гурав дахин байга гэсэн үг. Өндөр хөгжилтэй орнуудаас 4-10 дахин гэнэ. Төсвөөс 30 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт ногддогоос 70 орчим хувь нь цалинд зарцуулагддаг байна.
Энэ талаар ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл танилцуулсан юм. Шинжлэх ухааны гавьяат ажилтан, хуульч С.Нарангэрэл “Монгол Улсын хөгжлийг чиглүүлэгч луужин нь эрдэмтэд байх ёстой. Хэрвээ энэ луужин зөв заахгүй бол сүйрэл рүү явна. XIII зуунд Чингис хаан улс орноо дэлхийд мандуулсан захирсны хүч, ухаан нь эрдэмтэн мэргэдээ сонсдог байсных” гэдгийг онцоллоо. Ерөнхийлөгч Х.Баттулга:
-Өнөөдөр улс орны тулгамдсан байдлыг та бүхэн мэдэж байгаа. Гадаад өр 26-30 тэрбум ам.долларт хүрлээ. Газрын доорх баялаг болон бусад баялаг өдөр шөнөгүй Монгол Улсын хилээр гарч байна. Үүн дээр ямар судалгаа байна. Монголын боловсролын салбар хаашаа яваад байна вэ? Батлан хамгаалах салбар ямар байна, яагаад цэргийн алба нэг жил, яагаад оюутан цэрэгтэй болсон бэ? Энэ бүхний судалгаа байдаггүй.
Өнөөдөр УИХ мөнгө төлөөд орж ирдэг бизнесийн том салбар боллоо. Мөнгөтэй хэдхэн гэр бүл байна. УИХ-аас гаргаж байгаа шийдвэр хэнд ашигтай, хэнд ашиггүй байна вэ? УИХ-аас гарч байгаа шийдвэр өнөөдрийн нөхцөл байдалд хүргэж байна. Газрын баялагтай мөртлөө яагаад бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байна вэ? Өнөөдөр та бүхэн нэгдэж хэлэлцэн, судалгаа хийж, зохион байгуулалттай байх хэрэгтэй байна. Тиймээс эрдэмтэн мэргэдээ сонсдог болох хэрэгтэй хэмээлээ.
Эрдэмтэд улсын хөгжил, хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлуудаар тодорхой шийдэл дэвшүүлэн, цаашид улсын хөгжил, төрйин бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар шинжлэх ухааны үндэсний чадавхийг бэхжүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гаргуулах чиглэлээр санал дэвшүүлсэн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ