Д.Нарантуяа: Ямарваа хориг, хязгаарлалт эерэг үр дүн авчирдаггүй

img

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ойрмогхон Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа билээ. Энэ хуулийн төслийг 2007 оны 10 сард анх өргөн мэдүүлснийг Засгийн газар хүлээж авалгүй буцааж, МҮХАҮТ-ын зүгээс хэлэлцүүлэг зохион байгуулж, анхааруулга, зөвлөмж хүргүүлж байжээ. Энэ хэлэлцүүлгийн үеэр eagle TV-д Монголын жижиглэн худалдаа дэмжигчдийн холбооны зөвлөх Д.Нарантуяагийн өгч байсан ярилцлагыг ахин нийтлэж байна. 

 

 

-Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?

 

-Манай жижиг, дунд бизнес эрхлэгчдэд эрх зүйн орчин маш сул үйлчилдэг. Орчны хувьд сөрөг үр дагавар, нөлөө ихтэй. Жишээлбэл, худалдааны салбарын харилцааг зохицуулах хууль байхгүй өдий хүрсэн шүү дээ. Худалдааны хуульгүй улс орон дэлхийд хуруу дарам цөөн байдгийн нэг нь монгол юм. Хоёрт, манай худалдааны стандарт цаг үеэсээ хоцорчихсон. Яг одоо үйлчилж байгаа эрээвэр хураавар 50 гаруй хуулиудаас 100 гаруй заалтыг түүвэрлэж үйл ажиллагаандаа мөрдөж буй. Ийм бэрхшээлүүд байгаа учраас манай холбоо жижиглэн худалдаа эрхлэгчдийн дуу хоолойг төр засагт хүргэх, тэдний эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг явуулахаас өөр аргагүй болж байна.

 

-Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш жижиг дунд бизнес эрхлэгчдэд энэ хуулийг хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл тулгараад байна вэ? Энэ хууль яагаад хэрэгжихгүй байна вэ?

 

-Монголд 2005 оноос Худалдааны хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлсэн.  2012, 2013, 2015 онд нэмэлт өөрчлөлтүүд орсон. Өөрчлөлт орох болгонд хууль сайжраад байна уу гээд харахаар яахав зарим нэг сайн үр дагавар байна. Жишээ нь, хоолны газарт тамхины утаан дунд дам тамхиталтанд өртөөд суудаг байсан бол энэ асуудал шийдэгдсэн. Энэ өнцгөөс нь авч үзэхэд хууль үйлчилж байна. Гэтэл үүнээс сөрөг тал нь илүү их илэрч байна. Ялангуяа жижиг худалдаа эрхлэгчдэд маш их сөрөг үр дагавар бий болсон. Монголд 15 мянга гаруй худалдаа эрхлэгч, дэлгүүр байдаг.  7000 гаруй нь Улаанбаатар хотод бий. Эдгээрээс 1900 нь л тамхи худалдах зөвшөөрөлтэй. Нэг дүүрэгт 200 орчим цэг зөвшөөрөлтэй байх жишээний. Тамхины хяналтын хууль хэрэгжихгүй байгаа гол заалт нь сургууль, цэцэрлэгээс 500 метрийн радиуст тамхи худалдаалахыг хориглосон. Энэ хоригоос болоод тамхины худалдаа далд хэлбэрт шилжиж, жижиг ТҮЦ-үүдэд тамхины худалдаа шилжлээ. Татварт бүртгэлтэй, тайлангаа гаргадаг 7000 гаруй жижиг дэлгүүр хохироод үлдэж байгаа юм. Өнөөдөр 700 гаруй ТҮЦ Улаанбаатар хотод байхад 375 нь л зөвшөөрөлтэй байна. Жижиг дэлгүүрүүд   хүн амын орлогын албан татвар, хотын татвар зэргийг төлдөг, ТҮЦ-нүүд ямар ч татвар төлдөггүй мөртлөө дураараа тамхи зардаг. Бүр ширхэглэж зардаг. Тэгэхээр Тамхины хяналтын хуулийн биелшгүй заалтууд далд бизнесийг хөгжүүлэхээс өөр үр дүн алга. Орчин бүрдүүлсэн дэлгүүрт худалдах эрхийг өгөхгүй хирнээ стандарт бус газруудад далд явагдаж байгаа худалдааг хянаж чадахгүй алдах ийм замбараагүй тогтолцоог шинэ хуулиар өөгшүүлж байна. 

 

-Шинэ хуулиар гэдэг нь юу гэсэн үг вэ?

 

-Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл явж байна. Үүнийг эсэргүүцсэн 900 гаруй жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл Тамхины хяналтыг явуулдаг олон улсын туршлагаас суралцаач, хүндрэл үүсгэж буй зүйлийг битгий өөгшүүлээч гэсэн шаардлага тавьж байгаа. Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд хэлэлцүүлэг хийж олон улсын туршлагыг сонсохоор хоёр, гурван улсаас экспертүүд урьсан. Тамхины хяналтыг оновчтой шийдчихсэн Казахстан улсын туршлага давгүй юм. Москва хот одоо болтол шийдэж чадаагүй явна. Сингапураас ирсэн экспертүүд улс орны онцлогт тохирсон, хүмүүсийн хэрэгцээнд нийцсэн бизнесийн таатай орчин руу хөрвүүлэх нь зүйтэй гэж зөвлөсөн. УИХ-ын гишүүд гадны хуулиудын чанга заалтуудыг “бизнесийн таатай орчин” бүрдүүлнэ гэж эндүүрдэг. Гэтэл амьдрал дээр хүн хориглох тусам буруу үйлдлүүд хийх нь ихэсдэг.

 

-Тухайлбал, шинэ хуулийн ямар заалтууд түвэг удахаар байна вэ?

 

-Тамхины хайрцагны гадна сэрэмжлүүлэг тавьдаг. Зарим улс хайрцагны 30 хувь, зарим нь 50 хувьд тавьдаг. Б.Баттөмөрийн шинэ нэмэлтээр тамхины гадарын 75 хувьд нь анхааруулах бичиглэл хийх гэсэн заалт орсон. Ийм заалт баглаа боодлын хэвлэлийн зардлыг өсгөж, энэ нь тамхины үнийг хөөргөнө. Өмнөх хууль нь хэрэгжихгүй, цэгцэндээ ороогүй байхад нэмж чангалаад байгаа нь тамхины хэрэглээг зохистой болгох гээд байна уу, эсвэл далд бизнес болгон хувиргаж, зориуд хяналтаас гаргах гээд байна уу гэсэн асуултад хүргэж байгаа. Тийм учраас бид нэгдээд  өргөх бичиг үйлдсэн.

 

Манай холбоогны гишүүд тамхины хяналт, зохистой худалдааны тал дээр сайн ойлголттой. Өмнөх хуулийн сөрөг үр дагаварыг нь ч тооцоолж байна. 2013 онд Тамхины хяналтын хууль гарахаас өмнө жижиг, дунд бизнес эрхлэгчид дунджаар өдөрт 1.5 сая төгрөгийн борлуулалт хийдэг байсан. Тамхийг дагуулж бусад жижиг барааны борлуулалт явдаг байна л даа. Хууль хэрэгжиж эхлэмэгц тэдний борлуулалт 25 хувиар буурсан. Борлуулалт нь хязгаарлагдаад, янз бүрийн шахалтанд ороод унасан гэсэн үг. Дундаж борлуулалт 500 мянган төгрөг болчихоод байна.

 

Дээр нь Тамхины хяналтын хуулийн хяналтын тогтолцоо тодорхой биш. Аргаа барсан хүмүүс далдуур тамхи зардаг ч сэтгэл зүйн маш их дарамттай. Хороон дарга, хэсгийн цагдаа, элдэв байцаагчид гээд дарамтлах хүмүүс олон. Иймэрхүү хүндрэлүүд байгаа учраас энэ хууль дээр бид саналаа өгөх хэрэгтэй байна. Олон талаасаа шүүгээд маш олон гаргалгаа гаргаад аль аль талаа харж үзсэн хууль гарах юм бол амьдралд хэрэгжих нь их бодитой юм шиг санагдаж байгаа.

 

-Тамхины хяналтын ямар тогтолцоог зөв гэж үзэх вэ?

 

-Хориод, хаагаад тамхи татах зуршлыг өөрчилнө гэж байхгүй. Тамхи хортойг хүн болгон мэдэж байгаа. Хор уршгийг нь хүмүүст яаж ухамсарлуулах вэ. ЕБС-ын хичээлийн хөтөлбөрт хүүхдүүдэд тамхитай холбоотой сургалт мэдээллийг өгөх ёстой. Гадны туршлагаас харахад тамхины асуудлыг шийдчихсэн улс орнуудад тамхи зарах автомат машиныг хэрэглэж байна. Автоматаар үйлчлүүлэх хүмүүс тамхи худалдан авах эрх бүхий цахим картаар төлбөрөө хийнэ. Дээр нь тамхи зарж байгаа дэлгүүрүүдийг бүрэн камержуулсан. Тусгай зөвшөөрөлгүй дэлгүүрүүдийн тамхи борлуулж байгаа эсэхийг  хянах боломж нь бүрдсэн. Манайд камерийн хяналтыг нэвтрүүлж болно. Дан хорих, дарамтлах заалтууд оруулаад хүчээр хэрэгжүүлэх гээд байхаар хүмүүс хууль тогтоогч нартаа итгэл алдаж байна, хуулийг хэрэгжүүлэхэд ч сөрөг зүйл их гарч ирнэ. Казахын туршлагаас харж байхад ямарваа хориг, хязгаарлалт  эерэг үр дүн авч ирдэггүй. Эсрэгээр далд бизнес, авилга хээл хахууль хөгжих таатай нөхцлийг л үүсгэдэг юм байна. Тамхины худалдааг чангалж, хориглолоо гээд тамхи татах хэрэгцээ алга болохгүй, тамхины далд худалдааг л өөгшүүлнэ. Далд худалдаа нь жижиг хахууль, авлигалд таатай хөрс болдог тул тамхины худалдааны зохицуулалтыг амьдралд ойр хэлбэрээр хийх хэрэгтэй л гээд байгаа юм, бид. 

 

 

М.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бодох л асуудал:
тэртээ тэргүй нууж зарж байгаа тамхины наймааг ил болгоод, 500 метрээ 100 метр болговол таарна.
2018-01-29
Зочин:
Ямарваа нэгэн хориг, хязгаарлалтгүй юм бүүр ч их аюул хор авчирна. Дэлхий даяаар тамхины хууль улам чангарч байхад бид энэ мэтийн тамихны наймачин дарваан хар авгайгаар заалгуулж явна гэж үгүй.
2018-01-26
zorig:
battumur uuruusuu ehleed buh yumiig huulbarlaj amidrah heregguidee,chinii nuur tsarai hurtel etseg ehees zayasan zus tsarai bish bolj .
2018-01-26
зочин:
Энэ авгай тэгээд бас аргаа барсан хөөрхий амьтад хаана ч хамаагүй зар тамхийг хорьж болохгүй хорих тусам улам гаарна гээд байгаа юм уу. Хорь бага насны хүүдэд тамхи зарсан бол торго Гадаа гудамжинд тамхи татсан бол торго. Одоо Монголчууд машиндаа тамхи татна замаар нэг чулуудана. Машин нь хүн суух аргагүй өмхий өөрөөс нь битүү газар тамхи татаад үнэр нь шингээд олигтой хүн хажууд нь байхын аргагүй үнэртэй . Дээр үед тамхи татсан хүн аятайхан ч юм шиг үнэртэй байж билээ Одооны архи тамхи ч хор болж дээ
2018-01-26