Ж.Баярмаа:Чанартай гутал хийгээд, нүүр бардам суух сайхан
Хэнтий аймгийн Батноров сумын нэгдүгээр баг, Бэрх хотод жоншны орд бий. Тус уурхайн ордыг түшиглэн Бэрх хотын иргэд хууль бусаар жонш олборлодог байсан бол өдгөө нөхөрлөлийн журамд шилжин албан ёсоор бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Бэрх хотын "Бэрхтөгс" нөхөрлөлийн тэргүүн Ж.Баярмаатай ажил, амьдралын талаар хөөрөлдлөө.
-Та хууль бусаар жонш ухдаг байсан гэл үү?
-Тиймээ нөхөртэйгээ хоёулаа жонш ухдаг байсан. Дарга нар нь ирэнгүүт зугтаагаад л, баригдахаараа загнуулна. Жонш ухаад гадаа хүйтэнд их даардаг, ядардаг байлаа. Харин одоо Хэнтий аймгийн “Бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо”-г Н.Нацагмаа эгч маань байгуулснаас хойш хувиараа жонш олборлогчид нэгдсэн зохион байгуулалтад орж, албан ёсны үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
-Нөхөрлөлийн зохион байгуулалтад орсноор таны амьдралд ямар өөрчлөлт гарав?
-Би “Бэрхтөгс” нөхөрлөлийн ахлагч. Нэг нөхөрлөлд 9 хүн байдаг. Нөхөрлөлүүд нэгдээд ажиллахаар жонш олборлох үйл ажиллагаа нээлттэй болсон. Мөн сум орон нутгийн удирдлагуудын зөвшөөрөлтэй учраас айж, зугтах зүйлгүй болж, орон нутагтаа хууль ёсны татвар төлдөг болсон. Гэр бүлийн хувьд тогтмол орлоготой боллоо. Ер нь их санаа сэтгэл амар, сайхан байна. Жонш олборлож, газрыг 30 метрийн гүн рүү ухаад ирэхээр усанд хүрч, ажилллах боломжгүй болчихдог. Энэ үед түр зогсолт хийнэ. Одоогоор манай бичил уурхай түр зогсолт хийсэн тул нэгдсэн журмаар ус соруулахыг хүлээж байна.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Мэргэжилгүй гэж хэлж болно доо.
-Түр зогсолт хийсэн хугацаанд хоёр дахь орлогын эх үүсвэр бий юу?
-Би одоогоос 10 гаруй жилийн өмнөөс гутал хийж эхэлсэн. Нэг хэсэг жонш олборлоод гутлаа орхисон. Нөхөрлөлийн журмаар жонш олборлож эхэлснээс хойш дахиад гутал хийх ажлаа эхэлсэн. Эргээд гутлын ажлаа эхлүүлэхээр “Бэрх уул” компаниийн захирал Мэндсайхан гэдэг хүн дээр ороод гутлын цех нээх санал тавиад цалингийн зээл өгөөч гэхэд зөвшөөрсөн. Тэр надад чанартай юм хийх хэрэгтэй гэж зөвлөсөн. Ингэж л гутлын ажлаа буцаан эхлүүлсэн дээ. Мөн Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал намайг их сайхан дэмждэг. Би нялх хүүхэдтэй, жоншны үйл ажиллагаа зогсчихоод байхад Тайванжаргал дарга надад тусалсан.
-Гутал хийдэг үү, эсвэл зөвхөн засч, янзалдаг уу?
-Гутал хийнэ. Хүүхдийн гутал, хром их хийнэ. Онцгой байдлын алба хаагчид албаны гутлаа хийлгэнэ. Өвөл бол нэхий дотортой гутал хийнэ. Бэрх-Уул компанийнхан надаас гутал авна. Гутал хийх гэхээсээ илүү засуулах захиалга их ирнэ. Хөдөөнийхөн гутал янзлаад өгөөч гээд шөнө, орой ч хамаагүй ороод л ирнэ. Хот явах гэсэн юм. Гангарна аа гээд л.
-Та хийсэн гутлаа ямар үнэ ханшаар борлуулдаг вэ?
-Дунджаар 45-85 мянган төгрөгөөр худалддаг. Дээд ханш нь 150-180 мянга. Түүнээс дээш гэхээр орон нутагт 200 мянган төгрөгөөр гутал өмсөх хүн цөөн шүү. Хүүхдийн гутал 25-40 мянган төгрөг.
-Захиалга их үү? Сумын залуучууд наадмын гоёлоо таниар зэхүүлнэ биз?
-Тэгнэ /инээв.сур/. Захиалга сайн орж ирнэ. Захиалга ихтэй үед би ажлын байрандаа 05.00-06.00 цагт ирдэг. Эрт босохоор ажил сайхан амждаг. Гуталнаас гадна би гэрээрээ өрхний оосор, ширмэл ширдэг хийдэг. Хийсэн гутлаа Улаанбаатар хотод аваачиж зарах саналыг хүмүүс тавина. Гэвч нөхөртэйгээ, дүүтэйгээ гурвуулханаа ажилладаг болохоор эндээ борлуулаад яг таардаг юм. Сумын хэмжээнд гутал хийдэг хүн нөхөр бид хоёроос өөр байхгүй. Өмнө нь Норовлин, Батноров сумаар явж, газар дээр нь гутал хийж өгч байсан. Энэ зун хөдөө малчны хотон дээр нь очиж хийж өгөхсөн гэж бодож байна.
-Хийсэн гутлаа гадаадад гаргах бодол бий юу?
-Миний хийсэн хоёр гутал ОХУ-руу гарсан. Манай Батноров суманд баяжуулах уурхай байдаг. Тэнд ажилладаг ОХУ-ын иргэн ирээд ээж, аав хоёртоо гутал хийлгээд аваад явсан юм. Үүнд би ихэд баярласан.
-Нэг гутлыг хэдэн өдөрт хийх үү?
-Нэг гутал 2-3 хоногт гарчихдаг юм. Би хийж байгаа гутландаа цаасан ул огт хийдэггүй. Бүгдийг ширлэдэг.
-Гутал хийх түүхий эдээ хэрхэн бэлтгэдэг вэ?
Улаанбаатар хотоос Монголынхоо бүтээгдэхүүнийг худалдан авдаг. Түүхий эд авдаг хүмүүс рүү утсаар яриад хот хоорондын унаанд өгөөд явуулчихаарай гэхээр өгөөд явуулчихдаг юм.
-Сардаа хэдэн төгрөгийн орлого олох уу?
-Ойролцоогоор 400-500 мянган төгрөгийн орлоготой. Гутал хийхийн хажуугаар жоншны ажлаа хийнэ. Жонш зогсчихвол гутлаа хийнэ. Тийм болохоор дутагдах, гачигдахын зовлонгүй л амьдарч байна.
-Ажлын байрны түрээс төлдөг үү?
-Сардаа түрээсэнд 15 мянган төгрөг өгдөг. Өмнө нь ажлын байргүй гэр дотроо хийдэг байсан. Гэртээ хийхээр гутлыг үрэхээр тоос их гарна. Ажлын байр хэрэг болоод Бат-Эрдэнэ гэдэг зах хариуцсан хүнтэй холбогдоод ажлын байр хүсэхэд энэ жижиг байрыг гаргаж өгсөн. Хийсэн гутлуудаа хойш нь дэлгүүр рүү оруулаад тавьчихдаг болохоор их амар шүү.
-Нөхөр, хүүхдийнхээ гутлыг өөрөө хийчихнэ биз?
-Тэгнэ ээ. Манай хүү наймдугаар анги. Хүү маань намайг их үнэлнэ. Хичээлээ тараад хоол хийчихээд бариад гүйгээд ирдэг юм. Хүүхэд, манай хүн гутал бараг авахгүй дээ. Өвлийн гутлуудыг би өөрөө бэлтгэчихдэг. Харин хүүхдүүд маань зун орчин үеийн пүүз өмсөх дуртай.
-Таны цаашдын зорилго юу байна?
Хүнд чанартай юм хийж өгчихөөд нүүр бардам суух шиг сайхан зүйл байхгүй. Цаашдаа чанартай, сайн гутал хийж, бизнесээ улам өргөжүүлнэ л гэж бодож байна. Мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хүрээлэнгийн захирал надтай холбогдоод хамтран ажиллах санал тавьсан. Нөхөр бид хоёр очиж уулзаад, малын цоохор сархинагаар хэтэвч хийхээр болсон.
Ярилцсанд баярлалаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ