МУИС-ийн сургалтын төлбөр 600-800 мянган төгрөгөөр нэмэгдэх нь

Шинэ хичээлийн жилд МУИС сургалтын төлбөрөө 24 хүртэлх хувиар нэмэхээр болжээ. Сургуулийн удирдлагын энэ шийдвэрийн талаар тус сургуулийн оюутны холбооны дарга Г.Мандахтай уулзаж ярилцлаа.
-Сургалтын төлбөрийг нэмэх шалтгаан юу юм бол. Сургуулийн зүгээс ямар тайлбар өгсөн вэ?
- Оюутны холбоо Удирдах зөвлөл болон холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авч байгаа. Тэдний тайлбараар, 2024 он гэхэд МУИС-ийг Азийн шилдэг 100 сургуулийн эгнээд оруулах стратеги төлөвлөгөө гаргасан гэнэ. Түүнийхээ хүрээнд сургуулийн орчин сайжруулах, судалгааны лаборатори тохижуулах зэрэг ажилд 2.2 тэрбум төгрөгийн төсөв оруулж ирсэн. Тэр бүхнээ оюутнуудын нуруунд үүрүүлж байна.
-Чухал зорилго байна шүү дээ, Азийн шилдэг сургуулиудын нэг болох нь?
-Интернейшл сургуулийн хувьд төлбөр нь курс ахих тусам нэмэгддэг. Учир мэргэжлийн хичээлүүдийг цалин ихтэй, өндөр түвшиний зэрэг цолтой багш нар заадагтай холбоотой. Харин Монгол Улсын хувьд энэ жишиг эсргээрээ байдаг. Үүнийг зөв систем рүү оруулах хэрэгтэй. Ерөнхий суурь хичээлүүд өөр өөр төлбөртэй байсан. Жишээ нь, МУИС-ийн салбар ШУИС-ийн нэг кредитийн төлбөр арай хямд буюу 80 гаруй мянган төгрөг. Харин ОУХ, БС, ХЗС-иуд 100 гаруй мянган төгрөгийн төлбөртэй. Энэ нь нэг ижил талхыг хоёр өөр үнээр идэж байгаатай ялгаагүй. Үүнийг арилгах нэрийдлээр мэргэжлийн болон мэргэжлийн суурь хичээлүүдийн кредитын төлбөрийг 19.9-24.7 хувиар нэмчихсэн.
-Тэгэхээр нэг оюутны төлбөр хэдэн төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг вэ?
-Сургуулийн зүгээс өгч байгаа тайлбараар сургалтын төлбөр 12.5 хувиар нэмэгдсэн гэсэн. Гэтэл миний нэг кредитын төлбөр дээр 20 мянган төгрөг нэмэгдэж байгаа. Нэг кредит дээр 20 мянган төгрөг гэхээр нэг жилийн төлбөр ойролцоогоор 600-800 мянгаар нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс бид эхний ээлжинд хэлэлцүүлэг хийж, 2 000 оюутны гарын үсэгтэй бичгийг сургуулийн захиргаа, шударга өрсөлдөөний байгууллага болон холбогдох яамдад хүргүүлсэн.
-Сургалтын төлбөрийн асуудал айл өрх бүрийг зовоодог. Нэмэх үндэслэл нь бодитой байж чадаж байна уу?
-Гол асуудал нь эцэг эхийн цалин нэмэгдэхгүй байхад сургалтын төлбөр нэмж байна. Төлье гэсэн ч оюутнуудад ямар ч боломж алга. Сургууль үнэхээр мөнгөгүйдээ нэмэх гээд байна уу. Эсвэл сургуульд илүү зардал байна уу? Сургуулийн удирдлагууд одоо “Зиндаа” сэтгүүлтэй холбоотой 55 сая төгрөгийн асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа. Энэ мэтчилэн үр ашиггүй зардал их байгаа юм биш үү.
Азийн шилдэг сургууль болохын тулд оюутнууд хувь нэмрээ оруулах нь зөв. Их сургуулийн оюутны хөгжил Монголын ирээдүйн хөгжилтэй шууд холбоотой. Гэхдээ төлбөр нэмэх үндэслэл нь буруу. Бид инфляцийн түвшин, хэрэглээний үнийн индекстэй харьцуулж сургалтын төлбөрийг нэмэх ёстой гэж үзэж байгаа. Ихэнх сургуулийн төлбөр тийм л байгаа. Гэтэл манай сургууль шууд төлбөр дээр 24.7 хувийг нэмж байгаа нь буруу.
-Оюутны холбоогоос ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Бид сургуулийн захиргаанд санал тавьсан. Үнэхээр мөнгөгүйдээ төлбөр нэмэх эсвэл үр ашиггүй зардал гаргаж, хий дэмий орон тоо нэмэх гээд байна уу? Эхлээд 2016-2017онд санхүүгийн тайланд аудит оруулж, хэрэггүй үр ашгийн зардлаа тануулъя.
Сургалтын төлбөр нэмээд Азийн шилдэг болж чадахгүй бол яах вэ? Тэр үед энэ удирдлагүүд байх эсэх нь эргэлзээтэй. Шууд юу, юугүй оюутнуудын нуруунд хүнд ачаа үүрүүлэх нь олон асуудал дагуулах учраас үүнийгээ цэгцэлж өгөөч гэж хуссэн. Удирдлагууд асуудлыг хүлээж авалгүй, нэмэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Оюутнууд төлөхгүй гэж гөжүүдлээгүй, ядаж инфляцийн түвшинд уялдуулж 7 хувиар нэмэхийг шаардсан. Хэрвээ энэ нэмэгдэл оюутанд үр өгөөжөө өгөхгүй бол бид дараа дараагийн арга хэмжээгээ авна.
Ярилцсанд баярлалаа.
О.Солонго
СЭТГЭГДЭЛ БИЧИХ