Баярлалаагаар хайр түгээсэн “Үйлчлэгч захирал”

Баярлалаа хэмээн хэлэх нь харилцааны соёлын нэг хэлбэр мэт боловч угтаа урам зориг, тайвшрал өгч, баярласан баярлуулсан хэн хэн нь эерэг энергитэй үлддэг. Энэ энергийг түгээгч нэгэн бол Боловсролын их сургуулийн баруун талд байрлах “Сити хуушуур” гэх жижиг хоолны мухлагийн үйлчлэгч залуу. Тэр тогооч, зөөгч, тэгээд бас захирал...Товчхондоо эднийх нэг ажилтантай, нэг байгууллага.
Тэнд хуушуур, пирошки, халуун цай, аарц зарах тул оюутан, сурагчид ихээр үйлчлүүлнэ. Өнөөх “Үйлчлэгч захирал” орж ирсэн хүн бүрийг “За сайн уу, сурлага өндөр үү, ажил нь сайн уу” хэмээн аанай л танил мэт дотно угтана. Гайхсан нэгэн нь “Та бид хоёр танилууд бил үү” хэмээн асуухад “Мэндлэхэд заавал танил байх албатай гэж үү” хэмээн инээвхийлж хариулах нь “гоё”.
Хоёр хуушуур захиалахад ч өмнө тавиад “Энэ таны захиалсан стейк. Та сайхан хооллоорой” гэж хошигноно. Тэгснээ “Хэдүүлээ байгаа байгаадаа сэтгэл хангалуун амьдарна шүү” хэмээн бүгдэд нь хандан хэлээд хэзээ ч билээ сонсож байсан хуучны дууг шүгэлдэн, гал тогооруугаа орно.
Сургуулийн сурагчид эдний байнгын үйлчлүүлэгчид. Дүрэмт хувцастай хүүхдүүд гүйлдэн орж ирэхэд “Дүү нар сайн уу. За яасан өлссөн үү” хэмээн өхөөрдөж угтана. Өнөөдүүл нь ч энэ үгэн дээр нь “дөрөөлөх” мэт “Өлсөж байна. Ах аа, ганц пирошки зээлчих” хэмээхэд “Чи өмнө нь авсан хуушуурын мөнгөө хэзээ төлөх гэж байна” хэмээн тэдний дунд амь халуун яриа өрнөнө. Тэр орж ирсэн хүн бүрийг тийм нэг дулаанхан үгстэй хамт угтаж, даарч явсан бүгдийн сэтгэлийг “халууцуулах нь” хачин гоё.
Гарахад ч мөн адил хүн бүрт “баярлалаа” хэмээн чин сэтгэлээсээ талархаж “Ажилд нь амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй” хэмээн урмын үг дайна. Гал тогоондоо орж аарцаа буцалгах аясад нь гараад явчихсан нэгний араас ч хаалгаа онгойлгон “Баярлалаа” хэмээн гар даллаж, далимд нь гудамжаар яваа хүн бүхэнд хайр түгээнэ. Хүн өөрийн үйлчилсэн хөлсөө өгч, авдаг нь зах зээлийн жам ч, баярлалаа гэдэг үгийг чин сэтгэлээсээ, залхууралгүй хэлдэг нь бас л гоё. Зөвхөн үнэтэй ресторанд "том" соёл байх албагүй гэдгийг хуушуурын тогооч эгэл жирийн энэ залуу мэдрүүлдэг нь даанч хайрламаар.
Ийм нэг эерэг энерги түгээгч эгэл залуу их хотын хөл хөдөлгөөн ихтэй төв гудамжны буйдхан буланд жижигхэн хоолны мухлагаа ажиллуулсаар суугаа. Үйлчилгээний байгууллагын ажилтан бүр ийм дулаан, дотно байвал гоё доо. Тэгвэл тэндээс хайр ундарч, нийгэмд гэгээ татах биз.
“Сити хуушуур”-ын “Үйлчлэгч захирал”-аас ярилцлага авч хаана, хэнээс хэрхэн баярлалаа гэх үгийг харамгүй хэлж сурсныг нь, өөр өчнөөн зүйл шалгаамаар байсан ч тэрбээр “фэйсбүүкийн од болсноос бусдаараа бууз, хуушуур шиг байя” хэмээсэн. Өнөөдөр орсон өнөөх “Үйлчлэгч захирал” маань туслахуудтай болж, өөрөө гадуур харайлгаж явдаг болсон сурагтай. Талархаж чаддаг, түүгээрээ нийгэмд гэгээ татуулж буй хүний бизнес өргөжихөөс ч яахав. Хүндлэл дүүрэн баярлалаагийн эзэн бол тэр.
Би ер нь “баярлалаа”-г хайж явдаг нэгэн. Өглөө бүр ажилдаа яардаг ч явган хүний гарцан дээр зогсоод хэн нэгэн жолооч хэрэг болгон зогсоод зам тавьж өгөхийг хүлээдэг. Түүний өмнүүр гарахдаа гар даллан мэндчилж, “Баярлалаа” хэмээгээд чин сэтгэлээсээ инээмсэглээд өнгөрнө. Үүний дараа нэг их том ажил бүтээчих шиг санагддаг. Гэвч заримдаа хүндлэлийн хариуд талархал байдаггүйд баахан урам хугарах нь бий.
Уг нь баярлалаа гэж хэлэх шалтгаан бидний амьдрал олон. Автобус хүлээх зуураа бас л “баярлалаа”-г хайж, сонин, сэтгүүл, гар утасны нэгж зарахаас гадна автобусны карт цэнэглэх бяцхан ТҮЦ-ний худалдагч болон түүгээр үйлчлүүлэгчдийн дунд дэггүй судалгаа явууллаа.
Тэр ТҮЦ-ээр 20 минутын хугацаанд 15-20 иргэн үйлчлүүллээ. Гэвч тэднээс нэг ч хүн үйлчилгээ авсныхаа төлөө баярлалаа гэж хэлсэнгүй. Худалдагч ч өөрийнх нь ТҮЦ-ийг сонгож үйлчлүүлж, орлого оруулсан тэдэнд талархал илэрхийлсэнгүй. Үнэ өртгөө илүүтэй бодсоор баярлаж, талархах үгээ мартсан байдаг бололтой юм.
Хэдий бидний амьдралд таагүй хар бараан, стрессдүүлэх зүйл олон ч өөрсдөө эерэг хандлагатай байж, танихгүй хүнд ч шалтгаан гарвал баярлалаа гэдэг үгийг байнга хэлж хэвшвэл сайхан даа. Хаа нэгтээ, санаандгүй байдлаар талархал сонсох цовоо цолгиун болгох нь бий. Ерөөс баярлалаа гэдэг ганцхан үг хүний сэтгэлийг “цатгах” увидастай.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ