Чөлөөт зах зээлийн хувьсгал

Одоогоос 117 жилийн өмнө 1905 оны 2 сарын 2-ны өдөр Хаант Оросын Петербург хотноо 20-р зууны агуу философич, зохиолч Айн Рэнд мэндэлжээ.
Монгол улс чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш төр нь тасралтгүй данхайж, төсвийн зардал нь ДНБ-ий тал хувьд дөхөж очоод байна. Улсаараа бүтээсэн баялгийн тал хувийг төр захиран зарцуулж байгаа нь популизм, эрх мэдлийн төлөөх тэмцэл, авилга, нийгмийн талцал, баян хоосны ялгаа, цаашилбал буцаад авторитар дэглэмийг хүсэмжлэхэд хүргэсэн галзуурлын уг үндэс, шалтгаан нь боллоо. Энэ бүхнээс бага ч гэсэн сэрж сэрээсэй гэсэн үүднээс Айн Рэнд институтээс эрхлэн гаргасан ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬСГАЛ номын оршил хэсгийг хүргэж байна.
ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬСГАЛ
АЙН РАНДЫН ҮЗЭЛ САНАА ДАНХАР ТӨРИЙГ ТӨГСГӨЛ БОЛГОХ НЬ
ОРШИЛ
2007 онд Айн Рэндын Атлантын нуруу тэнийв зохиол 185 000 хувь зарагдаж урьд байгаагүй дээд амжилт тогтоосон. Анх хэвлэгдсэнээс нь тавин жилийн дараа ч уншигчид уг зохиолын санаанаас гарахын аргагүй дүрүүд, сэтгэл догдлуулсан өрнөл, зүүдэнд ч оромгүй үзэл санаанд татагдсаар байна. Айн Рэндын Хүрээлэнд ажиллагсад бид дээрх амжилтанд баясан хөгжсөн ч мэл гайхаагүй. Тодорхой хэмжээгээр бидний хөдөлмөр зүтгэлийн ч үрээр Атлантын нуруу тэнийв зохиолын борлуулалт Ранд 1982 онд нас барснаас хойш улам нэмэгдсэн юм. Гэсэн ч дараа нь болсон явдлыг бид хүртэл тааварлаагүй.
2008 оны сүүлээр, гамшигт санхүүгийн хямрал болж, төрийн интервенцийн уруй буусны дараа Атлантын нуруу тэнийв зохиолын борлуулалт тэнгэрт хадсан. Тэр оны төгсгөл гэхэд уг роман 200 000 хувь зарагдсан. 2009 онд энэ тоо хагас сая хүрэв. Шинээр гарсан зохиолууд 1000 хүрэхгүй хувь хэвлэгдэж, дундаж бэстсэллер 100 000 хувиас дээш зарагдахаа больсон шинэ ертөнцөд Атлантын нуруу тэнийв зохиол жинхэнэ үзэгдээгүй явдал болсон юм.
Дан борлуулалт нь ч онцгой байсангүй. Атлас зохиолыг блогчид иш татан "Галт мандтугай" хэмээн уриалж байлаа. Цайны намынхан "Айн Рэндын зөв байж" гэсэн лоозон барьж жагсаж байв. Эрдэмтэн мэргэд, ТВ-ын хөтлөгчид, радио нэвтрүүлэгт оролцогчид, тэр бүү хэл улс төрчид хүртэл Рандыг магтаж, түүний номыг уншихыг зөвлөж байлаа. Хаашаа л харна Айн Рэнд.
Нас бараад хорь гаруй жил болсон зохиолч руу яагаад ийнхүү массаараа хандах болов оо. Нэг талаас Атлантын нуруу тэнийв зохиол өнөөгийн Америк оронтой андуурмаар адилхан байгаа юм. Атлас зохиолд эдийн засаг нь сүйрсэн ертөнц гардаг ба тэр ертөнцөд тулгарсан бүх асуудал нь "шунахай" бизнесменүүдээс болсон, тийм болохоор төрд илүү их эрх мэдэл олгож, бизнесменүүдийг нам дарах хэрэгтэй гэж гардаг. Бушийн найман жил, Обамагийн найман минутын дараа энэ бүхэн дэндүү танил сонсогдож байгаа биз.
Гэхдээ илүү гүн гүнзий шалтгаан нь гэвээс, америкчууд хариулт хайж байсан юм. Юу болохоо байчихав аа. Дэндүү их шуналтсанаас болов уу, эсвэл төрийн оролцоо дэндүү их байв уу? Төр дэндүү данхар болов уу? Зохих зорилгод нь нийцүүлэхийн тулд үүнийг хэрхэн хазаарлах вэ? Ингэхэд, төрийг яах гэж, ямар зорилгоор байгуулдаг юм бэ? Хувь хүн миний хувьд, миний зорилго юу юм бэ? Эд баялаг, хөрөнгө чинээ, аз жаргалын араас хөөцөлдөх нь зөв зүйл үү, эсвэл энэ нь амиа бодсон ёс суртахуунгүй зүйл үү? Ийм ээдрээтэй асуултуудад би өөрөө хариулчихаж дөнгөх болов уу, эсвэл ямар нэг мэргэжилтэнд найдах уу, багшдаа юу, эсвэл сүмийнхээ номлогчид уу, аль эсвэл Гленн Блек, Жон Стевартад уу?
Рэнд эдгээр асуултуудад санаанд ормооргүй шинэ хариулт өгсөн. Түүний хариулт хүмүүсийн санаснаас тэс өөр байсан болохоороо олны сонирхлыг татжээ. Болсон явдал үнэндээ хэзээний улиг болсон замаар явсан ба тэрхүү зам эдийн засгийн сүйрэлд хүргээд, дараа нь улам ч данхар төр рүү аваачдаг. Улам олон америк хүн Рэндын дэвшүүлсэн: одоогийн ёс суртахуун, улс төр, эдийн засаг, амьдралын тухай ихэнх зарчим, үзэл санаанууд ялзарсан, буруу тул тэдгээрийг таягдан хаях хэрэгтэй хэмээх үзлийг дуртайяа чих тавин сонсож байна. (зарим хүмүүс Айн Рэндын үзэл санаа өмнө нь ч газар авсан байсан ба санхүүгийн хямрал үүсэхэд нөлөөлсөн хэмээн андуу боддог. Тийм биш гэдгийг нь бид 4-р бүлэгт харуулна)
Рэнд гэхдээ дан ганц шүүмжлэгч биш ээ. Тэр зүгээр нэг олонх буруу замаар явж байна гэж буруушаагаагүй. Шүүмжлээд зогсохгүй тэр таягдан хаясан үзэл санаануудын оронд тавих хувьсгалт шинэ санаа дэвшүүлсэн, тэр нь: индивидуализмын тухай шинэ философи. "Миний философи бол үнэндээ баатарлаг оршихуй болохынхоо хувьд хүний амьдралын ёс суртахуунлаг зорилго өөрийнх нь л сайн сайхан байдал бөгөөд бүтээлч хөдөлмөр түүний ариун үйлс, тооцоот байдал түүний цор ганц хөдөлшгүй үнэн байх ёстой".1
Чиний гартаа барьж буй энэ номыг Айн Рэндын философийн үүднээс бичсэн бөгөөд эл бүтээлд гарах бүхий л философилог үзэл санаа түүнийх билээ. (Түүнийг иш татаагүй газруудад хүртэл түүний үзэл санаа нэвт шувт бий) Энэ ном гэхдээ Рэндын философийг бүхэлд нь авч үзээгүй, гагцхүү ганц элемент рүү нь анхаарлаа хандуулсан: чөлөөт зах зээлийг ёс суртахууны үүднээс өмгөөлсөн түүний үзэл. Бид Атлантын нуруу тэнийв зохиолын үзэл санаа хэрхэн өнөөгийн улс төр, эдийн засгийг ойлгоход туслахын хамт төрийн данхайлтыг зогсооход ашиглаж болох оюун сэтгэлгээний зэвсэг болж болохыг харуулахыг зорилоо.
"Данхар төр" гэдэг бол бидний ашиглахыг хүссэн нэр томъёо биш ээ. Гол асуудал төрийн хэмжээ дамжаа хэр том байгаа биш харин бидний хувийн амьдрал болон эдийн засагт хэр хутгалдаж байгаа явдал л юм. Асуудал төр чухам юу хийж буйд оршиж байна. Манай үндэслэгч эцгүүдийн үүгээр хийлгүүлэхээр оноосон зүйлс болох хүний эрхийг хамгаалахаас гадуур төр бидний амьдралд тоолж барахын аргагүй олон янзаар хутгалдаж, бидний эрх чөлөөг хязгаарлаж, баялгийг дахин хуваарилж, аз жаргалын араас явах бидний замд хаалт барьж байна. Тийм ээ, төр данхайгаад байна. Тэгэхдээ Тусгаар тогтнолын тунхагт заасан зарчмуудад баригдахгүй байгаа болохоороо данхайгаад байна. Хэрвээ хүссэнээр болдог бол энэ төрийг бид "улс болсон төр" гэж томъёолох байлаа. Гэсэн ч "данхар төр" хэмээх нэршил хэдүй яг зөв биш авч гол санаа болох үндэслэгч эцгүүдийн анх байгуулсан, хязгаарлагдмал төрийн оронд хязгааргүй эрхтэй төр байгуулагдаад байна, үүнийг зогсоохын тулд ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэсэн санааг хангалттай илэрхийлж байна.
Америкчууд чухам юунаас болж данхар төр үүсдгийг ойлгож, ийм төрөөс татгалздаг болсон цагт л төрд тавьсан хязгаарлалт дахин сэргэнэ хэмээн энэ ном үзсэн билээ. Хэдийгээр бидний олонх нь авсаархан, жижиг төртэй баймаар байна гэж ярьдаг ч цагаа болохоор данхар төр байгуулна гэж улайм цайм ярьдаг улс төрчдөд саналаа өгдөг. Хүмүүс данхар төрд дургүй ч гэсэн элдэв халамж, тусламж, зохицуулалт, тус дэмийг нь хүртэхээрээ тэрхүү данхар төрд дуртай болдог. Ийм халамж, тусламжуудыг хүмүүс сайн зүйл гэж боддог. Улс төрч хүн төрийн зардлыг танана гэж яриад эхэлмэгц л түүний талаар хатуу, чулуун зүрхтэй, хүний мөсгүй гэсэн яриа сонсогдоод эхэлдэг.
Улс орныхоо даялж буй траекторыг өөрчлөхийн тулд бид чөлөөт зах зээлийг хэрхэн харж байгаагаа эхлээд өөрчлөх хэрэгтэй. Чухам үүнийг л бид чөлөөт зах зээлийн хувьсгал гэж нэрлэсэн юм. Энэхүү хувьсгал хүмүүсийн зах зээл, зах зээл дээрх гол зүйл болох хувьдаа ашиг хонжоо хайх явдлын тухай бодлуудад хувьсгал хийх болно. Хувиа хичээх, ашиг хонжоо хөөх явдлыг муу муухай зүйл хэмээн хүмүүст ойлгуулах замаар биднийг ашгийн төлөө системээс холдуулсан ба тийм болохоор, гагцхүү ашиг хөөх, амин хувиа хичээх явдлыг ёс суртахууны үүднээс өмгөөлөн хамгаалах замаар л бид зөв зам руугаа орно.
Төр данхайх болгоны цаана чөлөөт зах зээлийг ёс суртахууны үүднээс буруутгасан буруутгал оршиж байгааг олж харсан анхны хүмүүс нь бид биш ээ. Сүүлийн жилүүдэд капитализм бол ёс зүйтэй зүйл мөн хэмээн хамгаалсан олон зохиол хэвлэгдэн гарсан, тэгэхдээ биднийхээс арай өөрөөр хамгаалсан юм.2 Тэдгээр зохиолууд чөлөөт зах зээл заавал ч үгүй хувиа хичээх явдал дээр тулгуурладаггүй гэсэн юм. Заавал магтан дуулж өргөмжлөхгүйгээр амиа хичээж болно гэж тэд хэлсэн. Капитализмыг тодорхой хэмжээний зохицуулалт, баялгийн дахин хуваарилалттай хослуулж болно гэсэн. Капитализмын сайн тал нь капитализм ядууст илүү их ажиллаж, нийгмийн зиндаагаа дээшлүүлэх "хөрөнгөтний маягийн" боломж олгодог. Хэдийгээр согогтой ч гэсэн, өөр бусад замаар явснаас капитализмаар явсан нь дээр гэж тэд бичдэг. "Хөрөнгөтнүүдийн сайхан чанар" хэмээх, капитализмыг их сайн өмгөөлсөн гэж тооцогддог зохиолдоо эдийн засагч Дейрдр МакКлоски "зах зээл болон хөрөнгөтний амьдрал хүний ёс суртахуунд заавал ч үгүй муугаар нөлөөлөх албагүй" хэмээн өгүүлжээ.3
Капитализмыг хамгийн сайнаар өмгөөлөн хамгаалж буйгууд нь ийнхүү ердөө л "капитализм хүнд дандаа ч бас муугаар нөлөөлөөд байдаггүй" гэх юм уу олон адгийн сонголтууд дундаасаа, социалист диктатурыг бодвол, арай дөмөг нь капитализм юм уу даа ухааны тайлбар хэлж байгаа үед олон арван жилийн турш төр зах зээлийг атгандаа улам бүр оруулсныг гайхах ч хэрэггүй биз дээ?
Данхар төрийг унагаая гэсэн зорилгодоо хүрье л гэж бодож байвал бид чөлөөт зах зээлийг хоёрын хооронд хамгаалснаас ер нь огт хамгаалахгүй хаячихсан нь дээр гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямар ч зохицуулалттгүй, ямар ч хяналтгүй, тэр чигтээ чөлөөт, laissez-faire буюу дунд чөмгөөрөө жиргэсэн капитализм зүгээр ч нэг олон адгийн сонголтууд дундах арай дөмөг нь биш, харин ч хүн төрөлхтний түүхэн дэх эдийн засгийн хамгийн ёс зүйтэй тогтолцоо гэдгийг бид ухаарах ёстой. Энэ тогтолцоог ёс зүйтэй гэж нэрлэж байгаагийн учир нь, эл тогтолцоо сайн иргэн байхыг хүмүүст, гарах гарц байгааг ядууст зааж өгдгөөс гадна хүмүүст оюун санаагаа ашиглаж, эрсдэл үүрэн азаа үзэж, мөнгө хийж, өөрсдийн хувийн жаргал, амжилтын хойноос тэмүүлэх замаар амьдралаа бүтээн босгох боломж өгдөг юм.
Энэ л Чөлөөт зах зээлийн хувьсгал билээ. Америк орон хувиа хичээх явдал буюу хүмүүс өөрсдийн тооцоот сонголтоор алс хэтийн ашиг сонирхлоо хөөх явдлыг сайн зүйл хэмээн магтан дуулсан цагт л эдийн засгийн эрх чөлөө мандан бадрах болно.
Ярон Брүүк
Дон Ваткинс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ