С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөхдөө эрүүдэн шүүсэн ажиллагаа явуулсан бичлэгийг УИХ-ын гишүүдэд өчигдөр /2019.03.18/ хаалттай үзүүлсэн. Эрүүдэн шүүсэн энэхүү асуудалтай холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл хийлээ.
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Эрүүдэн шүүлт бол гэмт хэрэг. Гэмт хэргийг мөрдөн шалгах эрх манайд байхгүй. Гагцхүү бид дүн шинжилгээ хийж анхаарал хандуулахыг холбогдох албан тушаалтнуудад хэлж байсан. ХЭҮК үүсэн байгуулагдсан 2001 оноос л бид МУ-д эрүүдэн шүүлт бгааг бид баримт нотолгоотой нь гаргаж, жил бүрийн илтгэлдээ оруулдаг байсан. Улсын ерөнхий прокурор, ТЕГ, УИХ-д нөхцөл бдлыг тавьж, албан бичиг байн байн явуулдаг байсан. Ганцхан хариу ирсэн. Зарим УИХ-ын гишүүд Эрүүдэн шүүлтийг шалгахаас өөр ажил хийдэггүй юм уу гэж хүртэл загнаж байлаа. Өнөөдөр нөхцөл байдал ямар болсныг харж байгаа байх. Одоо суманд, аймагт хэрэг бүртгэх үйл ажиллагаанд эрүүдэн шүүх ажиллагаа олон явагдаж байгаа шүү.
Цаазаар авах ялыг халсны хүчинд С.Зоригийн хэрэгт холбогдсон иргэд амь байна. Цаазаар авах ялыг халаагүй бол эрүүдэн шүүгдсэн иргэд амь үрэгдсэн байхыг үгүйсгэхгүй” гэв.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг “Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу бид хорих байрны хяналтын камерыг шалгаж болно. Гэхдээ нууцын зэрэглэлтэй гэмт хэрэгт бид хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Мөрдөн байцаалтын ажиллагааны нууцлалтай холбоотойгоор маш нууц хэрэг дээр зөвхөн нэр бүхий прокурор, мөрдөн байцаагчийг оруулдаг журамтай учраас бидэнд эрх байхгүй.
Эрүүдэн шүүлттэй холбоотой асуудлыг өнөөдөр л ярьж байгаа юм биш. 2001 онд ХЭҮК байгуулагдсанаас хойш гаргасан илтгэл дээр хүнийг яаж яргалж тамалж байсан үйлдлийг оруулж өгсөн. НҮБ-ын тусгай илтгэгч 2006 онд Монголд ирэхдээ “Танай Монгол улсад эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал бодитой оршин тогтнож байна” гэдгийг хэлж НҮБ-ын хүний эрхийн зөвлөл дээр өөрөө тайлангаа гаргаад оруулсан. Үүний дагуу Монгол Улсад зөвлөмж өгсөн. Энэ хүн Монгол улсад ирээд долоо хонох хугацаанд бүтэн 24 цаг цагдан хорих байранд хүнийг зодож алсан хэрэг гарч байсан.
Дараа нь таван хүнийг зургаан жилийн турш шалгаад нэг нь нас барсан. Гурван хүнийг хорих хугацаагүй болгоод гурван удаа цаазын ял өгөөд цаазын ял гүйцэтгэж байсаар Улсын дээд шүүх буцаагаад Баянзүрх дүүргийн шүүхийн Цогтзандан гэдэг шүүгч цагаатгаж өгсөн.
Хэрвээ энэ мэт эрүүдэн шүүсэн үйлдэл, тамлалт зовоолтын талаарх илтгэлүүдийг уншиж байсан бол эрүүдэн шүүлт гэнэт л Монгол улсад гараад ирсэн мэт гайхаж ярихгүй байсан болов уу гэж харамсч байна” гэв
Г.Сүрэн