Цагаанаа, Улаанаа хоёр

img

Өнөөдөр ихрүүдийн баяр тохиож байна. Жил бүрийн энэ өдөр дунд сургуулийн нэг ангийн хоёр ихэр найзыгаа нэхэн санадаг юм.

 

 

Манай ангийнхан тэр хоёрыг Цагаанаа, Улаанаа, Цаагий, Уугий ч гэнэ. Уул нэр нь Мөнхбаяр, Мөнхбаатар. Ижилхэн хувцастай, ижилхэн царайтай, ижилхэн харцтай, ижилхэн хацар нь хонхойдог бас ижилхэн сахилгагүй ангийн хоёрыг ангийнхан, багш нар ч заримдаа андуурна. Би Цагаанаатай нэг ширээнд суудаг байлаа. Түүнийг Улаанаагаас ялгахын тулд чихнийх нь ард байрлах тод хүрэн мэнгийг тогтоочихсон, ярилцахаасаа өмнө өнөө мэнгийг нь харна. Тэр хоёр үнэндээ л “өвчсөн” мэт адилхан.

 

Ихэр байх гоё уу гэж ангийнхан байс гээд л асууна. Тэгэхэд бага байхад нь тэр хоёрын оймс ер тогтдоггүй байснаа ярина.  “Өглөө босоод ирэхэд л нэг оймс нь алга болчихсон байдаг. Заримдаа хөх нь хавдсан эмэгтэйчүүдэд тусалж хариуд нь чихэр жимс авдаг. Ихэр байх гоё” хэмээн хариулдаг байлаа. Харин ахлах анги төгсдөг хавар “Багадаа эмэгтэй хүний хөх бариад л чихэр, жимс аваад гоё санагддаг байсан бол одоо нэг л эвгүй санагдаад ичээд байдаг юм аа” хэмээн учирлахад нь ихрүүдийн “зовлонг” ойлгож билээ.

 

Тэр хоёр их зүггүй, зодоонч. Зодоонд амь нэгтэй. Нэгийг нь цохиод авбал нөгөөх нь босоод л ирнэ. Хаана ч явсан цуг. Хамтдаа дунд сургуулиа төгсөөд хамтдаа барилгын коллежид элсэж, хамтдаа төгссөн. Одоо ч хамтдаа сумандаа аж төрж байгаа.

 

Цагаанаа, Улаанаа хоёрыгоо цаг мөч бүрт санахгүй ч жил бүрийн тавдугаар сарын 1-нд зайлшгүй нэг удаа боддог юм. Тиймээ өнөөдөр тэдний баяр. Найзууддаа баярын мэнд хүргэе.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ