Британи Ассанжийг хамгаална

Wikileaks цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг цаазын ял хүлээж буй орон руу шилжүүлэхгүй байх шийдвэрийг Британийн эрх баригчид гаргажээ.
Түүнчлэн Ассанжийн эрүүл мэндэд анхаарал хандуулахаар болсон гэж Их Британийн Гадаад хэргийн сайдын орлогч, Европ, Америкийн хэрэг хариуцсан сайд Алан Данкан мэдэгдсэн байна.
Эргэн сануулахад, 2012 онд Шведэд бэлгийн дарамт учруулсан хэргээр буруутгагдснаасаа хойш Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд орогнож байсан Жулиан Ассанжийг энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Элчин сайдын яам Британийн эрх баригчдад хүлээлгэн өгсөн. Ассанжийг шилжүүлэн өгөх албан ёсны хүсэлтийг Америкийн хуульзүйн яам Их Британид илгээсэн гэдэг нь хоёр сарын дараа буюу зургаадугаар сарын 10-ны өдөр тодорхой болж байлаа.
АНУ Ассанжад 18 зүйл анги тэр дундаа засгийн газрын компьютер рүү хууль бусаар нэвтрэхээр үгсэн хуйвалдсан, тагнуулын тухай хуулийг зөрчсөн гэдэг заалтаар хэрэг тулгаж байгаа бөгөөд түүнд 175 жилийн хорих ял оноож болзошгүй гэж АНУ-ын Хуульзүйн яам мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ