Шүүх танхимаас: Хүүхэн хүчиндсэн нөхөр, хүүгээ тэвэрсэн гэргий

Хөлдөө “гарнет” пүүз угласан, толбо үгүй цав цагаан цамц өмссөн 20 гаруй насны цэмцгэр залууг гэмт хэрэгтэн гэхэд үнэмшмээргүй. Өндөр хамар, өргөн цээж, цас шиг цагаан царай...Өнөө, охидын хүсэмжит залуу гэлтэй. Түүний царайг ажвал цаг хугацааг ганцхан удаа буцаамаар эсвэл гаваа тайлж чаддагсан бол гараад гүйчихмээр санагдаж байх шиг санаашрал дүүрэн.

/Өмнөх нийтлэлийг ЭНД-ээс унших боломжтой/
Шүүхээс 10 жилийн хорих ял сонссон хулгайч эр Дорнод аймагт очиж нэг өдрийн дотор 11 айлд нууцаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан тухай өмнөх нийтлэлд бичсэн. Тухайн 11 айлын долоод нь хамтрагчаар оролцсон хүн бол энэ залуу.
Түүнд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1.2.1 болон 12.1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
17.1 дүгээр зүйл.Хулгайлах
1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;
12.1 дүгээр зүйл.Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Цэнгээний газар хамгаалагчаар ажиллаж байх хугацаанд нь сайх эр түүнтэй танилцаж “Хоёулаа алтанд явъя” гэснээр хамаг юм эхэлсэн гэнэ. Хамгаалагчийн цалин бага тул богино хугацаанд их мөнгөтэй болох татгалзах аргагүй санал тавьсанд үнэмшиж бодсон ч үгүй ажлаа орхижээ. Олон удаа эрх чөлөөгөө хасуулсан ч “одоо хүн болсон” хэмээн нүд нь гялалзан байж худлаа ярьсан этгээдийн үгэнд итгэж түүнийг даган эхнэрээсээ 100 мянган төгрөг аваад Дорнодыг зорив.
“Намайг гудамжны буланд зогсож байгаарай. Ахындаа орчихоод ирье” гэж хэлээд айлд ороод гар утастай болоод гараад ирсэн. Эхэндээ би анзаараагүй. Дараа нь гурван ч айлд ороод ээмэг, бөгж аваад гараад ирэхэд нь хулгай хийгээд байгааг нь мэдсэн. Ингэж болохгүй гэхэд чамд хамаагүй, баригдвал би өөрөө аргалчихна. Чи юунд айсан юм. Чичрээд байх хэрэггүй гэсэн. Долоон айл ухасных нь дараа би буруу зүйлд оролцмооргүй байна, надад унааны мөнгө өгчих, хот руу буцлаа гэсэн. Тэгээд хоёулаа зах руу мөнгөн аяга зарах гэж очоод цагдаад баригдчихсан. Уг нь би хулгай хийхэд нь туслаагүй, зарсан юмных нь мөнгөнөөс нэг ч төгрөг хэрэглээгүй” гэж залуу шүүхийн өмнө мэдүүлэв.
Ингэж тэр хулгайн 26 үйлдэлтэй гэмт хэрэгтний хамсаатан болжээ. Угтаа тэр гэнэтхэн том алт олж амар хялбар аргаар баяжихаар Дорнодыг зорьсон. Дараа нь “хулгайчийг” хулгай хийж буйг нь мэдсээр байж дагаад яваад л байж. Үргэлжлүүлээд хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсээр байж худалдан борлуулахыг нь хараад л зогсож байсан. Ингэж хулгайчийг өөгшүүлсэн тул тэр ч “хулгайч”.
Шүүх хурал завсарлалаа. Шүүх танхимын гадна шүүгдэгч залууг хоёр ой хараахан хүрээгүй бололтой дөнгөж л тэнтэр тунтархан алхаж сурч буй бяцхан үр, эхнэр нь гэх жижигхэн бор бүсгүй хүлээж байлаа.
Хүү аавыгаа танихгүй баахан бишүүрхэж байснаа гавтай гарыг нь гайхаж нэг хараад эргэн ээж өөдөө зүтгэнэ. Хүүгээ хоёр гар дээрээ дээш өргөөд өхөөрдөж чадахгүй дэмий л гаваар холбуулсан өнөөхөө “Жаахан наашилчих, хүрдэггүй ээ” хэмээн хүү өөдөө хошуу дэвсэнэ.
Хулгайн замаар залууг “хөтөлсөн” сайх эр “Гэдсэндээ байсан хүүхэд ийм том болчих гэж” хэмээн хээв нэг хөхөрч байна. Эхнэрээ хэзээ мөдгүй төрөх дөхсөн тогоо шиг гэдэстэй байхад нь хулгайн хэргээр цагдан хоригдож жил таван сарын хугацааг өнгөрүүлсэн тул бяцхан үр аавыгаа танихгүй байх нь аргагүй.
Жаалхан гэргий нь нулимсаа нуун шудраад хүүгээ аавд нь үнсүүлэх гэж байдгаараа хичээн худлаа инээмсэглэсэн. Хүү нь аавыгаа танихгүй гэрэвшсэн энэ хэсэгхэн хором хэн хэнийгээ “үхтлээ” санасан тэр гурвын хувьд хамгийн жаргалтай агшин...
Хулгайлах гэмт хэргээс гадна хүчингийн гэмт хэрэгт холбогдсоныг нь шүүх хурлын үеэр сонссон тул гэмгүй гэргий, бяцхан үрийнх нь өмнөөс бухимдал төрж зогстол шүүх хурлын завсарлага дууслаа.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож хоёр жилийн ял оноов. Ингээд дуусаагүй. Түүнд хоёр зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн болохыг дээр дурдсан.
Танил ахынхаа уулздаг бүсгүйтэй гурвуул зочид буудалд хоноод тэр хүчингийн хэрэгтэн болжээ. Анхнаасаа “Миний унтдаг хүүхэн бий. Чи унтах уу” гэж уулзуулсан ах нь дүүдээ зай тавьж зочид буудлаас гарч оджээ. Эр, эм хоёр хэн хэн нь хүчирхийлэл дор бус хүсэл тачаалаараа биедээ тэмүүлж бэлгийн харилцаанд орсон гэнэ. Тэгтэл гуравдахьч этгээд гаднаас орж ирснээр байдал өөрчлөгдөж бүсгүйг цохиж, зодсон, гар утсыг нь авч явсан зэрэг асуудал үүсчээ. Уурссан бүсгүй өглөө нь буудлаас гарч яваад “Энэ намайг хүчиндсэн” хэмээн цагдаад хандсан гэнэ.
Бүсгүй гар утсаа олж авсан ч өөрийг нь зодсон гэх, өөртэй нь бэлгийн харилцаанд орсон гэх гурван эрээс сая сая төгрөг нэхэмжилжээ. Шүүгдэгч залуу хүчингийн хэрэг хийгээгүй тул мөнгө төлөхгүй гэж гүрийж. Гэвч бүсгүйн дотуур хувцас, бэлэг эртнээс авсан арчдаснаас залуугийн эр бэлгийн эс илэрсэн. Уулзсан нь, унтсан нь үгүйсгэх аргагүй үнэн аж.
Тэр шөнө түүний бие давхар гэргий хөлийн чимээ чангаж хэдэн удаа цочиж сэрсэн бол оо...Тэгтэл нөхөр нь өөр бүсгүйтэй шөнийг өнгөрүүлж эцэст нь хүчингийн хэргээр ял сонслоо. Түүний эл үйлдэлд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд зааснаар нэг жилийн хорих ял оноов.
Залуучууд яагаад ийм бүтэл муутай, дорой юм бэ. Тэгсэн хэр нь шоу цэнгээн, ганц шөнийн жаргалд хачин дуртай. Дээр нь амар хялбараар мөнгөтэй болох ахархан мөрөөдөлтэй. Баяжих гэж яарахын оронд чин шударгаар цэнгээний газартаа хамгаалагчаа хийгээд явж байсан бол залуу өнөөдөр элэг бүтэн амьдралтайгаа үлдэх байв.
Тэр дөнгөж л 27 настай. Гурван жил шоронд суугаад гарч ирэхэд хүү нь тэрнийг бас л танихгүй өнөөдрийнх шиг гэрэвшинэ. Бүр хэрсүү ухаан суучихсан догь эр “Танихгүй хүн гуай та хэн бэ” гэж бүлтийтэл ширтээд асуух вий...
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Г.СҮРЭН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ