ОХУ: Өвлийн өвгөний төрсөн өдрийг тэмдэглэж байна

img

 

Орост өнөөдөр буюу 11 дүгээр сарын 18-ны өдрийг Өвлийн өвгөний төрсөн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Чухамхүү энэ өдөр Өвлийн өвгөний эх нутаг болох Великий Устюг хэмээх газарт жинхэнэ өвөл эхэлдэг хэмээн үздэг аж.

 

Жил бүр энэ өдрийг Өвлийн өвгөний төрсөн өдөр болгон тэмдэглэдэг ч Өвлийн  өвгөн яг хэдэн настайг хэн ч мэддэггүй. Харин эртний славяны хүйтний эзний тухай домгоос үүдэн Өвлийн өвгөн 2000 орчим настай хэмээн үздэг.

 

Домогт гардаг Трескун гэх хүйтний эзэн яваандаа өөрчлөгдсөн бол утга зохиолд Өвлийн өвгөний дүр анх 1840 онд үүсчээ. Тодруулбал, Владимир Одоевскийн "Ириней өвөөгийн хүүхдийн үлгэрүүд" зохиолд Мороз Иванович гэх өвлийн шидтэний талаар өгүүлдэг аж. 

 

Орост хувьсгал гарсны дараа, 1920-оод онд төр засаг "шашны төөрөгдөл" хэмээн үзэж шинэ жилийн гацуур болон Өвлийн өвгөнийг хоригложээ. Харин 1935 онд  Өвлийн өвгөн шинэ жилийн бэлэг тэмдэг болон эргэн ирсэн байна. Улмаар хоёр жилийн дараа түүний ач охин болох Цасан охин "мэндэлжээ".

 

 

Орост Өвлийн өвгөний төрсөн өдрийг өргөн тэмдэглэдэг бөгөөд хот суурингуудад шуудангийн хайрцаг нээж, түүнд өвлийн өвгөнд илгээх захидал, мэндчилгээг хийдэг аж. Энэ хайрцаг хүүхдүүд болон жуулчдын дунд ихээхэн алдартай, мөн орчин үеийн Өвлийн өвгөн цахим шуудангаар ч захидал хүлээн авч, олон нийтийн сүлжээнд блог хөтлөн, үүрэн холбоогоор харилцдаг гэнэ.

 

Өвлийн өвгөний төрсөн өдрөөр Финляндын Санта-Клаус, Якутын Чисхан Өвлийн өвгөн, Чехийн өвлийн үлгэрч Микулаш зэрэг дэлхийн өнцөг булан бүрийн өвлийн эзэд баяр хүргэн, Өвлийн өвгөн дээр зочилдог аж.

 

Дашрамд дуулгахад   Великий Устюгийг Өвлийн өвгөний эх нутаг гэж 1999  онд зарласан байна. Великий устюг хотыг аялал жуулчлалын бүс болгох үүднээс тухайн үеийн Москва хотын дарга Юрий Лужков болон Вологда мужийн захирагч Вячеслав Позгалевын санаачилгаар "Великий Устюг- Өвлийн өвгөний эх орон" гэсэн аялал жуулчлалын төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Улмаар 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвлийн өвгөний байшинг албан ёсоор нээжээ. 

 

Энэ төсөл хэрэгжиж эхэлснээс хойш гурван жилийн дотор Великий Устюг хотод ирсэн жуулчдын тоо хоёр мянгаас 32 мянга болтол нэмэгдэж, хотын бараа эргэлт 15 дахин өсч, ажилгүйдэл буурсан байна. 

 

2018 оны байдлаар Өвлийн өвгөний эх нутагт жил бүр 300 мянган жуулчин зочилдог бол Өвлийн өвгөний шууданд 157 мянга гаруй захидал ирдэг аж. 

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ