АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр зардалтай дайн-I
2020-01-15


АНУ бол дэлхийн хүчирхэг цэргийн гүрэн. Түүнчлэн цэргийн сөргөлдөөнд оролцсон тоогоороо ч дэлхийд дээгүүрт орно. Мэдээж цэргийн ажиллагаа асар их зардал шаарддаг. Бид та бүхэнд АНУ-ын түүхэн дэх хамгийн зардал өндөртэй дайнуудыг цувралаар хүргэж байна


8. Испани-Америкийн дайн 

Цэргийн ажиллагаанд зарцуулсан АНУ-ын зардал (2019 оны ханшаар): 10,33 тэрбум ам.доллар 

Үргэлжилсэн хугацаа: 4 сар 

Цэргийн хохирол: 2 446

1898 онд Испани, АНУ-ын хооронд болсон цэргийн сөргөлдөөний явцад АНУ Испанид харьяалагдаж байсан Куб, Пуэрто-Рико, Филиппинийг эзлэсэн юм. 


Энэ дайны улмаас АНУ Карибын бүс нутагт ноёлох болж, Испанийн Номхон далайн эзэмшлүүдийг Америк эзлэв. Ингэснээр АНУ Филиппиний хувьсгалд оролцох болсон бөгөөд эцэстээ энэ нь Филиппин-Америкийн дайнд хүргэсэн юм. 


7. Иргэний дайн 

Цэргийн ажиллагаанд зарцуулсан АНУ-ын зардал (2019 оны ханшаар): 22.99 тэрбум ам.доллар 

Үргэлжилсэн хугацаа: 4 жил 

Цэргийн хохирол: 750 мянга. (Хойд ба Өмнөд )

Америкийн иргэний дайн  буюу Муж улсуудын хоорондох дайн АНУ-д гарсан иргэний дайн юм. Өмнөдийн боолчлолыг устгаагүй 11 муж улс АНУ-аас салан тусгаарлаж Америкийн Холбооны Улс байгуулснаа зарлажээ. Тэд Жефферсон Дэвисээр удирдуулан АНУ-ын холбооны засгийн газрын эсрэг ("Нэгдсэн Улс") тулалдсан бөгөөд холбооны засгийн газрыг бүх чөлөөт муж улсууд болон хилийн боолчлол бүхий таван муж улс дэмжиж байв. 


Дайн  1861 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Самтер фортыг буудснаас эхэлж 1865 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Стенд Уэйти генералын командалсан өмнөдийнхний цогцосыг хүлээлгэж өгснөөр дууссан юм. 


Дайны явцад 2000 орчим жижиг болон том тулаан өрнөсөн гэдэг. Энэ дайны улмаас АНУ хамгийн их хүний хохирол амссан байна. 


6. Персийн булангийн дайн 


Цэргийн ажиллагаанд зарцуулсан АНУ-ын зардал (2019 оны ханшаар): 116.6 тэрбум ам.доллар 

Үргэлжилсэн хугацаа: 7 сар 

Цэргийн хохирол: 383


Кувейтийг чөлөөлөх, тусгаар тогтнолыг сэргээхийн төлөө Олон үндэстний хүч болон Иракийн хооронд гарсан дайныг Персийн булангийн дайн гэдэг. 


Энэ сөргөлдөөнд урьд хожид хэзээ ч ажиглагдаагүй их хэмжээний агаарын хүчин /онгоцны тоо биш харин байлдааны ажиллагаанд агаарын хүчин нөлөөлсөн байдал/, “ухаалаг” зэвсэг ашигласан гэдгээр алдартай. 
Олон үндэстний эвсэлд ЗХУ-ын холбоотон байсан бараг бүхий л орнууд, мөн ЗХУ задрахын ирмэг дээр байсан ч дайнд оролцож, анх удаа АНУ-ыг дэмжиж байв. 


Энэ дайн бүс нутагт экологийн нэн хүнд үр дагавар авчирсан бөгөөд Иракийн цэргүүд Персийн буланд газрын тос асгасан байжээ. 


Персийн булан руу газрын тос оруулахаас сэргийлэхийн тулд Олон үндэстний хүчний агаарын хүчин газрын тосны станцуудыг бөмбөгдсөн ч дайн дуусах хүртэл найман сая баррель газрын тос булан руу цутгагджээ. 


5. Солонгосын дайн 

Цэргийн ажиллагаанд зарцуулсан АНУ-ын зардал (2019 оны ханшаар): 389.81 тэрбум ам.доллар 

Үргэлжилсэн хугацаа: 3 жил 1 сар 

Цэргийн хохирол: 36574


1950 оны зургаадугаар сарын 25-ны өдрөөс 1953 оны долоодугаар сарын 27-ны хооронд үргэлжилсэн БНАСАУ болон БНСУ хоорондын дайны төгсгөлийг өнөө хэр нь зарлаагүй. Хүйтэн дайны үеийн энэ сөргөлдөөнийг АНУ болон түүний холбоотнууд ба БНХАУ, ЗХУ-ын хүчний хоорондын шууд бус дайн гэж үзэх нь бий. 


Хойд эвслийн бүрэлдэхүүнд Хойд Солонгос, түүний зэвсэгт хүчин, Хятадын арми /БНХАУ сөргөлдөөнд оролцоогүй гэж албан ёсоор үздэг тул Хятадын цэргүүдийг “Хятадын ардын сайн дурынхан” гэж нэрлэдэг байв/ , мөн л албан ёсоор оролцоогүй ч санхүүжилтийг олон талаар хариуцаж байсан ЗХУ багтаж байлаа. 
БНСУ-ын талаас дайнд Өмнөд Солонгос, АНУ, Их Британи, Австрали, НҮБ-ын Энхийг сахиулах хүчний бүрэлдэхүүнд багтдаг зарим улс орнууд оролцсон юм. 


Дайны үеэр АНУ 1700 танк, хуягт машинаа алджээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин