2020 оны дэлхийн шилдэг 10 орон 

img

U.S. News & World Report  сэтгүүл дэлхийн  73 орныг хамруулсан судалгааны дүнд 2020 оны шилдэг орнуудыг нэрлэжээ. Судалгааг сэтгүүлийн хамт олон Пенсильванийн их сургууль болон  BAV Group компанийн шинжээчдийн хамт хийсэн байна. Жагсаалтыг гаргахдаа улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн давхарга, аялал жуулчлал, соёл зэрэг салбаруудтай хамааралтай 20 үзүүлэлтийг судалсан байна. 


1. Швейцар

ДНБ: 705,5 тэрбум ам.доллар

Хүн ам: 8,5 сая

Нэг хүн амд ноогдох ДНБ: 65 010 ам.доллар

 

Швейцар бол насанд хүрсэн хүн амын нэрлэсэн баялгаараа хамгийн өндөр, мөн нэг хүн амд ноогдох ДНБ-ээрээ дэлхийд наймдугаарт ордог хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг. 


Эдийн засгийн өрсөлдөх чадвар, хүний нөөц боломж зэрэг олон улсын үзүүлэлтүүдээрээ эхний байранд ордог. 


Цюрих, Женев, Базель хотууд амьдралын чанараараа дэлхийн шилдэг 10 хотын тоонд багтдаг бол Цюрих хот энэ жагсаалтыг тэргүүлдэг юм. 


2. Канад


 

ДНБ: 1.7 их наяд ам.доллар

Хүн ам: 37.1 сая

Нэг хүн амд ноогдох ДНБ: 49 690 ам.доллар


Нэг хүн амд ноогдох орлого өндөр хамгийн чинээлэг орнуудын нэг нь Канад бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн, Их Долоогийн нэг улс юм. 


Мөн хамгийн их худалдаа хийдэг 10 орны нэг. Энэ улсын худалдааны гол түнш нь АНУ, үүний араас Хятад Мексик, Герман, Япон улс багтдаг байна. 


3. Япон


 

ДНБ: 5,0 их наяд ам.доллар

Хүн ам: 126,5 сая

Нэг хүн амд ноогдох ДНБ: 44246 ам.доллар


Амьдралын түвшин хамгийн өндөртэй, өндөр хөгжилтэй орон бол Япон улс. Энэ оронд дундаж наслалт маш өндөр бөгөөд нярайн эндэгдэл хамгийн бага байдаг. 


“Их долоо”, Ази Номхон далайн эдийн засгийн холбооны гишүүн орон, түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр тогтмол сонгогддог. 


Энэ улс дайн зарлах эрхээсээ албан ёсоор татгалзсан ч батлан хамгаалах хүчинтэй, үүнийгээ энхийг сахиулах ажиллагаанд ч ашиглагдаг байна. 


4. Герман


 

ДНБ: 4,0 их наяд ам.доллар

Хүн ам: 82,9 сая

Нэг хүн амд ноогдох ДНБ: 52 386 ам.доллар


Аж үйлдвэрийн болон технологийн салбарт дэлхийн тэргүүлэгч болох Герман улс бараа бүтээгдэхүүний экспорт, импортоороо дэлхийд гуравдугаарт жагсдаг. 


Амьдралын түвшин нэн өндөр Герман улс нийгмийн хангамж, эрүүл мэндийн систем, хүрээлэн буй орчны хамгаалалт, үнэ төлбөргүй дээд боловсролоороо алдартай. 


5. Австрали

ДНБ: 1,4 их наяд ам.доллар

Хүн ам: 25,0 сая

Нэг хүн амд ноогдох ДНБ: 52 379 ам.доллар


Дэлхийд эдийн засгаараа 13 дугаарт орох Австрали улс нэг хүн амд ноогдох ДНБ-ийнхээ хэмжээгээр зургаадугаарт ордог. Харин цэргийн зардал нь дэлхийд 12 дугаарт ордог юм. 


Австрали улс хүний нөөц боломжийн хөгжлийн индексээрээ хоёрдугаарт орохын дээр эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн эрх чөлөө, иргэний эрх чөлөө болон улс төрийн эрхийг хамгаалах гээд олон салбарт дээгүүр байранд ордог байна. 


6. Их Британи 

ДНБ: 2,8 их наяд ам.доллар

Хүн ам: 66,5 сая

Нэг хүн амд ноогдох ДНБ: 45741 ам.доллар

 

Их Британи улс хэсэгчлэн зохицуулагддаг зах зээлийн эдийн засагтай бөгөөд улс орных нь эдийн засгийн үндсэн салбар болох үйлчилгээний салбар ДНБ-ийнх нь 75 орчим хувийг эзлэдэг. 


Дэлхийн эдийн засгийн гурван “удирдлагын төв”-ийн нэг нь Лондон хот. Мөн Эдинбург хот Европын томоохон санхүүгийн төвд тооцогддог. 


7. АНУ


 

ДНБ: 20,5 их наяд ам.доллар

Хүн ам: 327,2 сая

Нэг хүн амд ноогдох ДНБ: 62 869 ам.доллар

 

Нэрлэсэн ДНБ-ийнхээ хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордог, өндөр хөгжилтэй орон болох АНУ-ын хүн ам дэлхийн нийт хүн амын ердөө 4,3 хувийг эзлэдэг ч дэлхийн нийт баялгийн 40 орчим хувь нь америкчуудад ноогддог аж. 


Дундаж цалин, нэг хүн амд ноогдох ДНБ, хөдөлмөрийн бүтээмж зэрэг нийгэм эдийн засгийн олон үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэх байр суурьтай. 


8. Швед


 

ДНБ: 551,0 тэрбум ам.доллар

Хүн ам: 10,2 сая

Нэг хүн амд ноогдох ДНБ: 53 652 ам.доллар


Төрөлжсөн, өрсөлдөх чадвар сайтай эдийн засаг бол Шведийн гол онцлог.Дэлхийн эдийн засгийн форумын мэдээллээр энэ улсын өрсөлдөх чадвар нь дэлхийд есдүгээрт бичигджээ. Дэлхийн 50 том компани энэ улсад харьяалагдах бөгөөд шинэлэг бүтээгдэхүүн нэвтрүүлэх түвшин өндөр, өндөр хөгжилтэй, байнга шинэчлэгддэг дэд бүтэцтэй, англи хэлтэй сайн боловсролтой боловсон хүчин гээд энэ улсын давуу тал олон. 


9. Нидерланд

 

ДНБ: 913,7 тэрбум ам.доллар

Хүн ам: 17,2  сая

Нэг хүн амд ноогдох ДНБ: 56 489 ам.доллар

Орчин үеийн өндөр хөгжилтэй эдийн засаг бүхий энэ улсад VimpelCom, Royal Dutch/Shell (газрын тосны хими), Unilever (ахуйн хими ба хүнсний үйлдвэрлэл), Royal Philips Electronics (цахилгаан төхөөрөмж) зэрэг үндэстэн дамнасан болон Европын компаниудын төв байр, үйлдвэрлэлийн хүчин чадал байрладаг. 


Түүнчлэн Нидерландад суурилах үндэстэн дамнасан корпорациуд, Голландын томоохон компаниуд дэлхийн эдийн засагт тэргүүлэх байр суурь эзлэдэг байна. 


10. Норвеги

ДНБ: 434,8 тэрбум ам.доллар

Хүн ам: 5,3  сая

Нэг хүн амд ноогдох ДНБ: 74 357 ам.доллар

Норвеги бол Хойд Европ дахь газрын тос, хийн томоохон үйлдвэрлэгч юм. Эрчим хүчний хэрэгцээний ихэнх хэсгийг усны эрчим хүчээр хангаснаар газрын тосны ихэнх хэсгээ экспортлох боломжтой болдог байна. 


Хойч үедээ зориулсан газрын тосны сантай энэ улсын нутаг дэвсгэр дээр ихээхэн хэмжээний эрдсийн нөөц бий. Европын бусад орнуудтай харьцуулахад амьдралын түвшин өндөр, мөн нийгмийн хангамжийн систем сайтар хөгжсөн орон юм. 

 

Г.Бямбасүрэн
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нарбат:
Тэнэг байна
2022-12-03
Jghj:
худлаа солонгос байхгүй
2020-05-17
Зочин:
Энэ үзүүлэлтийг харахаар ихэнхи нь манайх шиг хүн ам цөөтэй улсууд тэргүүлж байгаа биз гэтэл манайх яаж байна бүх үзүүлэлтээр хамгийн хойгуур шалтгаан нь бид нар Монгол хүмүүсээс өөрсдөөсөө л болж ийм байдалтай байна шүү дээ. Тамын тогооны үлгэр шиг бие биенээ татаж чангаана сэтгэлгүй би л болр байвал болоо гэсэн сэтгэхүйтэй болохоор ийм байдалтай байна даа
2020-01-19
irgen:
mongol uls hotiin dotor oron zai ni haragdahgui utgagui ondor bairuud barihaa zogsooh heregtei shdee, busad orond hot baiguulaltiin alba ni byh l umaa bodoj hiideg,,,yamarch utgagui chanargui balgas bolohoor bairuud barihaa zogsoo…..tegeegui zagt hezeech goe haragdahgui !!!!!!! hot, dyyreg, horoodiin dotor yamarch tohijilt tav tuh baihgui mongol ulsad
2020-01-19
Hhhh:
Manaih yana daa. Honorson togoon dotorhi shig
2020-01-18